Засгийн газрын хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргалаа. Сураг нь дуулдаад чамгүй хугацаа өнгөрсөн, иргэдэд хүлээлт үүсгээд байсан шийдэл гэвэл энэ байв. Ийм шийдвэр гарснаараа иргэд орон сууц зээлээр худалдан авахдаа 10 хувийн урьдчилгаа төлж, харин 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргана. Нэг талаасаа иргэдэд боломж олгож байгаа хувилбар.
Өнгөц талдаа бол таалагдах шийдвэр ч гэлээ бодож тунгаах шаардлага бас бий. Засгийн газрын зүгээс энэ шийдвэрээ иргэдээ болон бас барилгын компаниудыг дэмжиж буй хэрэг гэж тодотгож байгаа. Аль аль нь үнэн, хэн хэнд нь дэмжлэг болно. Харин харваас илүү жин дарах дэмжлэг нь барилгачдад ногдоно. Өөрөөр хэлбэл нийлүүлт талдаа илүү үр ашигтай тусна. Н.Алтанхуягийн Засгийн газрын иргэддээ хийсэн нэг буян гэвэл 8 хувийн зээл байсан. Харамсалтай нь үүнийг дагаад барилгын компаниуд орон сууцныхаа үнийг 10-15 хувь нэмчихсэн.
Хайр дэмжлэг даадаггүй салбар гэвэл барилгынхан гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Ихэнхдээ Хятадын чанаргүй материалаар барилгаа барьдаг, хулхи аргаар талбайн хэмжээгээ томруулж тооцдог, хөдөлмөр хамгаалал муу, чанар талдаа бол дэндүү гэмээр ийм үйлдвэрлэгчид цөөн бус байгаа. Тэгсэн хэрнээ үнийг бол жинхэнэ хөөсрүүлж өгдөг. Ийм байсаар байтал нийлүүлэлтийг нь дахиад дэмжчихлээ.
Эдүгээ Улаанбаатарт 25 мянган айлын орон сууц борлуулалтгүй байгаа гэх тоо тооцоо дуулддаг. Эрэлтийн идэвхгүй байдлыг даган 2014 оноос хойш орон сууцны үнэ байнга буурч байгаа. Яг ийм үнийн хөөсрөлт буурч байх үеэр Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр гаргасан нь үнийг эргээд хөөргөх эрсдэлтэй алхам болох магадлал бий. Мэргэжлийн байгууллагуудын тооцож буйгаар нийт орон сууцны 50 орчим хувийг зээлээр худалддаг аж. Одоо зээлийн хүсэлт эрс нэмэгдэнэ. Энэ нэмэгдсэн зээлийн эрэлтийн 20 хувийг Засгийн газар хэр удаан тэсэх бол гэдэг нь асуудал. “Засгийн газар 20 хувийн урьдчилгааг батлан даах 3-4 сарын чадамжтай“ гэж “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг хэлж байсан нь бий. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Л.Оюун “Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулсан нь барилгын компаниуд байрныхаа үнийг нэмэх шалтгаан болох магадлалтай. Тиймээс энэ тал дэр төрийн хяналт зайлшгүй хэрэгтэй” гэдгийг сануулсан.
Тоо баримтаас харвал эдүгээ 70 мянга орчим хүн ипотекийн зээл авчээ. Мөнгөн дүнгээр нь илэрхийлбэл энд нийтдээ гурван их наяд төгрөгийн ипотекийн багц байгаа аж. Эдийн засагчид үүнийг аль ч талаасаа боломжийн тоо хэмжээ гэж үздэг. Харин одоо 10 хувь болсноор зээлийн эрэлт эргээд нэмэгдэнэ. Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа: “Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох нь эрсдэлтэй шийдвэр. Манай эдийн засаг савлагаатай, тэнцвэр муутай эдийн засаг. Ийм тэнцвэр муутай эдийн засагт аль нэг салбар руу хэтэрхий ингэж анхааран, бодлогоор төвлөрөх нь эргээд уналтад оруулж, эдийн засгийг савлуулах аюултай байдаг. Дахин олон хүнд зээл олгохын тулд зээлийн нөхцөлөө хөнгөлж байгаа нь эрсдэлтэй алхам. Энэ алхам нь гацсан барилгын салбарыг дэмжээд амжилттай гарч болно. Гэхдээ эргээд төлбөрийн чадвар хэвээр үлдэх үү, ажлын байрууд хадгалагдаж чадах уу, тогтмол байж чадах уу гэдэг эрсдэл байна” гэжээ.
Урьдчилгаа 30 хувь 10 хувь болж буурснаар иргэдийн зээлэх хэмжээ 20 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 100 саяын байр авахын тулд 30 хувиа эхэлж төлөөд 70 саяд нь зээл авдаг байсан бол одоо 10 саяыг төлөөд 90 саяд нь зээл авна гэсэн үг. Ингэхээр тэр Засгаар баталгаа гаргуулаад байгаа 20 сая төгрөгийн хүү, эргэн төлөлт тан дээр нэмэгдэнэ.
Монголын Барилгачдын Холбооны захирал М.Батбаатар: “Орон сууцны метр квадратын үнийг 2, 3 дахин нугалж зараад байгаа нөхдүүд болих хэрэгтэй. Ард түмний худалдан авалтад зориулсан байшинг барих хэрэгтэй. Орон сууцны үнийг барьсан өртөг зардлаасаа хоёр гурав дахин нугалдаг асуудлыг зогсоож Буянт-Ухаа хороолол шиг хямд үнээр орон сууцыг иргэдэд хүргэх хэрэгтэй. Үүнд төр оролцох шаардлагатай байна. Тэгвэл гэдийж суугаад их ашиг олох гэсэн компаниуд үнээ буулгаж л таарна” гэдгийг нэг бус удаа хэлж байсан билээ. Засгийн газар иргэдийн зээлийн 20 хувьд барьцаалагдаж байснаас зорилтот орон сууцны хөтөлбөрөө түлхүү хэрэгжүүлсэн бол бараг илүү дэмжлэг болох байсан биз.
...Нийслэлд орон сууц олноор баригдаж байна. Гэхдээ зөвхөн ашиг хонжооны нүдээр түлхүү харж энэ салбар руу хошуурагчид олон болсон. Үнэ ханшийг нь яаж ч хөөсрүүлж болдог, тэгээд дээр нь Засгийн дэмжлэгтэй болохоор тэр. Ингэж зөвхөн ашиг хонжооны нүдээр түлхүү харснаар амьдрах орчны ая тух, аюулгүй байдал гэдэг юмыг тэр чигт нь орхигдуулсан. Орон зайн дэндүү хавчигдмал хүрээнд хаяа хаяагаа байтугай хана ханаа дэрлэсэн харагдах орчин, нар үзэх эрх хязгаарлагдсан өндөр өндөр орон сууц олноор баригдаж байна. Хөгшдийн нарлах газар, хүүхдийн тоглоомын талбай бол сураг алдарсан. Амьдрал гэдэг зөвхөн дөрвөн хананы доторхийг хэлдэггүй баймаар. Гэтэл Улаанбаатар хотын төлөвлөлтөд яг ийм сэтгэхүйгээр хандаж, зөвшөөрөл олгохдоо ном журмыг бус амин хувийн эрх ашиг, авч өгөх барьцаагаар ханддаг болсны гай энэ байх. “Алдарт” 16 дугаар байр хазайсан жишээ үүний нэг илрэл. Засгийн газрын 10 хувийн шийдвэр ийм байдлыг засч залруулахад л лав дэмжлэг болохгүй нь тодорхой юм.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮