Дэлхий нийтэд эрчим хүчний өлсгөлөн нүүрлэхэд тун ойрхон байна. Ялангуяа Европ. Яг үнэнийг хэлэхэд Монгол Улс ч өнөөдөр бас эрчим хүчээр өлсч байна. Өнөөгийн байдлаар гэвэл бид хойд урд хоёр хөршөөсөө эрчим хүчний гуйлгатай амьдарч байна. Тухайлбал, ОХУ-аас 175 мвт-ыг, Хятадаас 80 мвт орчим эрчим хүчийг жил бүр авдаг. Гэхдээ энэ хэмжээ үйлдвэрлэлийн эрчмээс ихээхэн хамаарч хэлбэлздэг. Нийт дүнгээрээ гэвэл 500 мвт орчим эрчим хүч Монгол Улсад дутагдалтай байна.
Өнөөгийн ийм дүр зураг угтаа загасчны морь усгүй гэдэгтэй утга нэг харагдаж байгаа юм. Учир нь Монгол Улс эрчим хүчний заяагдмал их нөөцтэй орон. Тухайлбал, нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг зүй ёсоор мөн. Одоогоор 100 гаруй тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөц илэрчихсэн байна. Энэ хэмжээ цаашид өсөх магадлал маш өндөр. Өөр нэг найдвар гэвэл сэргээгдэх эрчим хүчний, тухайлбал нар, салхины гэхчлэн бэлээхэн арвин нөөцтэй. Нар салхины эрчим хүчний нөөцөөрөө бас айргийн тав бичигддэг. Энэ бүхэн бол бидний давуу боломж. Харин үүнийгээ зөв бодлогоор ашиглаж, чулуу болгох асуудал л байгаа юм. Ярихаас хэтрэхгүй явж ирлээ. Тавдугаар цахилгаан станцын тухай хэдэн ч Засгийн газар дамжин яригдав, тоолоход хэцүү болсон. Харин Н.Алтанхуягийн үед Ургах наран хорооллын урдхан барина гэсэн сураг гарсан ч бас л чимээ алдарлаа. Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн усан цахилгаан станц ОХУ-ын эсэрүүцэлтэй тулгараад замхрах бололтой. Эгийн голын цахилгаан станц гэж улс төрчдийн популизмын бэлээхэн сэдэв бий. Цаашлаад Тавантолгой, Багануурын өндөр чадлын цахилгаан станц гэхчлэн мөрөөдлийн жагсаалт бол байгаа, байгаа.
Уг нь эрчим хүчний хомсдлыг арилгах эхний алхам нь тавдугаар цахилгаан станц болно. Бүр 2003 оноос сураг нь гарсан тавдугаар цахилгаан станцыг улс төрчид 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавдугаар цахилгаан станцын ажлыг энэ зун амжиж эхлүүлнэ гэсэн болохоор итгэл алдрах шалтгаан эрхбиш бага болсон. Гэвч ганц энэ станцыг барьснаар эрчим хүчнийхээ өлсгөлөнгөөс гарна гэж бас байхгүй. Учир нь V цахилгаан станц баригдлаа гэхэд 450 мвт хүчин чадал ашиглалтад орох юм. Нэгэнт барих газар нь тодорхой болсон, хөрөнгө оруулагчидтай концессийн гэрээгээр барьж байгуулах-ашиглах- улсад хүлээлгэн өгөх нөхцлөөр хэрэгжүүлнэ гэж байгаа болохоор станцыг 3.6 жилийн дараа барьж байгуулж дуусна гэсэн төсөөлөл бий. Гэхдээ ийм хугацааны дараа Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ одооныхоос нэлээдгүй өссөн байж таарна. Тэгэхээр зургаа, долоо дахь эх үүсвэрийн тухай яригдана гэсэн үг. Хэрэв улиг болтлоо ярьж ирсэн урьдын жишгээр тооцвол, түүнчлэн тав, зургадугаар цахилгаан станц гэхчлэн увуулж цувуулж барьж байгуулна гэвэл дахиад ойрын хэдэн жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг бусдын царай харахгүйгээр шийдвэрлэх бололцоо тун бага байна.
АН Засгийн эрхэнд гараад гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь эрчим хчүний өлсгөлөнг нимгэлэх үр дүнтэй алхам болсон. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мВт чадлын салхин цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ бүхэн эрчим хүчний хангалтад ихээхэн дэм түшиг болж байгаа нь гарцаагүй.
Тавантолгой, Багануурын нүүрсний уурхайг түшиглэж, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төлөвлөгөө бий. Гэхдээ тэдгээр нь хүчин чадлын хувьд тийм ч том биш, 300 МВт байх бололтой. Ийм хэмжээний станцыг 2.5 жилд багтаан барих боломжтой гэнэ. Бас баруун бүсийн 60 МВт-ын цахилгаан станц, Хэнтийн Чандганын уурхайг түшиглэсэн цахилгаан станц, Бөөрөлжүүлтийн станц гэхчлэн сайн мэдээ бий. Сүүлийн хоёр станцыг хувийн хэвшлийнхэн барьж байгуулж байгаа болохоор удахгүй ажил хэрэг болох байх.
Үүний нөгөө талд бодлогын асуудлыг бодит байдалд нь ойртуулах шаардлага бий. Бодлогын хүрээнд эрчим хүчний үнийг чөлөөлөх явдал байсан. Уг нь УИХ-ын тогтоол ёсоор 2013 оноос эхлэн энэ үнийг чөлөөлөх учиртай байсан ч хэрэгжилгүй өдийг хүрчээ. Харин Ерөнхий сайд энэ долдугаар сараас цахилгааны үнийг чөлөөхөө мэдэгдсэн. Ингэснээр эрчим хүчний үнийг төр бус зах зээл нь зохицуулдаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг.
Монгол эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдгийг дээр дурдсан. Энэ бол импортлогч бус экспортлогч орон байх бэлээхэн боломж гэсэн үг. Хойд, урд талд хоёр том хэрэглэгч байна. Ингэвэл бид түүхий нүүрсээ боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байгаагаас өөрцгүй болох юм.
Эрчим хүч ирээдүйд Монголын экспортын чамгүй орлогыг бүрдүүлэгч байх бэлээхэн боломж байна. Боломжийг бодит зүйл болгох нь бодлогын зөв шийдэл, хийж хэрэгжүүлэх хурдаас шалтгаална.
Сэтгэгдэл ( 5 )
This is a neat surmamy. Thanks for sharing!
Ulger goe jargah ymaa gej
Deerh zurag deer busad ornuud yaz olon dulaanii zahilgaan stanzuud 1 door baiguulsaniig bid harj bn. Mongoliin uurhainuudiin aman deer ingeed olonoor n bariad ekcportlood baina u? 5 tolgoid bol concesiin gereegeer 10 dulaanii stanz yaraltai bariulan u? Ingeed mongoliin buh asuudal ediin zasag busad buh asuudal shiidegdeh um bishuu Thanks Mr. Minister for Energy of Mongolia
5 tolgoid odoo hurdan conceseer olon dulaanii tsahilgaan stanz hurdan bariulaad erzim huz uilberlen haydad china gargah zamaar nuurs zoohgui 5 tolgoig nemuu ortog shingeesen erzim huz eksportlah zamaar ashiglah n zuhal
moroodsoor l ........