Монголд дөрвөн жуулчин амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

Зун болж жуулчны улирал эхэлснээс хойш манай улсын орон нутгийн замд гаднын 4 жуулчин осолдож, амиа алджээ. Тодруулбал, Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ногоон довын даваа гэх газарт “Hyundai Starex” маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амь насаа алдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат 27 настай эмэгтэй Г гэмтжээ.

Гэмтсэн 27 настай эмэгтэйн хувьд жуулчдын хөтөч нь байсан бол автомашиныг Баянгол дүүргийн 19-р хороонд оршин суух 46 настай Ж гэгч жолоодож явсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн авто замын 380-р шонгийн дэргэд хар өнгийн “Ниссан экстриал” маркийн автомашин онхолджээ. Уг ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эмэгтэй Х нар нас барсан байна.

Эдгээр хэргийг харъяаллын дагуу орон нутгийн цагдаагийн хэсэгт шалгаж, хэргийн газар үзлэг шалгалт хийж байгаа аж.

Харин Гадаад хэргийн яаманд Голланд улсын хоёр иргэн амь насаа алдсан гэх мэдээлэл тухайн өдрөө ирсэн бол БНХАУ-ын хоёр иргэн амь насаа алдсан талаархи мэдээлэл ирээгүй байгаа юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top