Зарим цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар бүртгэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 24-28-ны хооронд явуулах шийдвэр гарсан. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд арав гаруй цэцэрлэгийг төлөөлсөн 200-300 гаруй эцэг эх цуглан хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ сугалаа сугалж, азаа үзэхийг эсэргүүцэн жагссан юм.

Тэд “Ардын хүүхдүүд сугалааны хонжвор”, “Сугалаа сугалахыг эсэргүүцэж байна” гэх мэт бичигтэй лоозон барьсан байв. Учир нь энэ сарын 24-ний өдөр эхлэх бүртгэлд хамрагдахын тулд эцэг эхчүүд өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн ажлаасаа чөлөө аван хонон өнжин дугаарлаж байхад гэнэт сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа хэмээн бухимдаж байсан юм. Тэд “Энэ жилдээ дугаарлаж зогссоноороо хүүхдээ бүртгүүлээд ирэх жилээс эртхэн сугалаагаар шийдэж болно шүү дээ” гэцгээж байв.
Энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодруулахад “Нийслэлийн боловсролын газраас дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэл явуулахдаа сугалаагаар явуулах хувилбар байгаа гэсэн чиглэл өгсөн. Энэ саналыг тодорхой тооны цэцэрлэгүүд авч хэрэгжүүлсэн болохоос бүх цэцэрлэгүүдийг сугалаагаар бүртгэлээ явуул гэсэн журам, тушаал гараагүй. Нийслэлийн дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулах эрхийг нь өгсөн. Тиймээс цэцэрлэгүүд бүртгэлээ хэрхэн явуулах вэ? гэдгээ өөрийн харъяа дүүргийн Боловсролын газартай ярилцаж шийднэ” гэв.
Өчигдрийн тухайд БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр “Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тиймээс бид байгаа цэцэрлэгтээ иргэдийнхээ хүүхдийг тэгш хуваарилахаар зорилгоор энэ аргыг сонгосон” хэмээн тайлбарласан юм. Улмаар Х.Батбаяр дарга эцэг эхчүүдийн төлөөлөл болон цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийсэн юм.
Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн тухай БЗД-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад “Зарим ачаалалтай цэцэрлэгүүд бий. Эдгээр цэцэрлэгийн эцэг эхчүүд болон тухайн цэцэрлэгийн эрхчлэгч хоорондоо тохиролцон ямар аргаар бүртгэлээ хийх вэ? гэдгээ шийдэхээр болсон” гэлээ.
Энэ жилийн хувьд эцэг эхчүүд олон хоног хонон өнжин дугаарласныг харгалзан үзэж ийм шийдвэр гаргасан байна. Харин ирэх жилээс Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиглэлийн дагуу ачаалал ихтэй зарим дүүргийн цэцэрлэгүүд хүүхдүүдээ бүртгэхдээ сугалаагаар бүртгэхээр болж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.13.182) 2015 оны 08 сарын 21

Sugalaagaar yavuulah bol 7 sard tv~r humuust zarlasnii daraa hiihi heregtei. Yu ch heleegui bj humuusiin uchnuun olon honog tsag zavaa gargan oocherlosnii daraa iim yum helj humuusiig buhimduulahgui bh heregtei shudee.

0  |  0
ZELME(203.194.114.166) 2015 оны 08 сарын 21

СУГАЛАА НЬ ДЭЭР ЮМ ДАА ШУДАРГААР ЯВУУЛХАД ГОМДОЛГҮЙ ЭРХ ТЭГШ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Top