Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед улсын гэх тодотголтой таван их сургууль сургалтын төлбөрөө чамгүй нэмэгдүүлсэн нь эцэг эх болон оюутнуудын зүгээс хэл ам дагуулаад буй. Энэ гомдлын дагуу ШӨХТГ-аас сургалтын төлбөр нэмсэн зарим их, дээд сургуулиудад шалгалт хийжээ. Шалгалтад төрийн өмчийн МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС зэрэг сургууль хамрагдсан байна.
Тухайлбал, МУИС нь байгалийн ухааны чиглэл, ШУС-ийн сургалтын төлбөрийг түвшин бүхэндээ 12-43 хүртэл нэмсэн болон суурь хураамжаа 224,000 төгрөг болгосон нь давамгай байдлаа хууль бусаар ашигласан, хэрэглэгчийг хясан боогдуулсан зэрэг Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзжээ.
Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль / АШУҮИС /гэхэд багц цагийн төлбөрийг нэмснээс гадна нэгдүгээр дамжаанд 75,000 төгрөг, бусад дамжаанд 65,000 төгрөг тус тус нэмсэн, "Юнимерчук" ХХК-тай 27500 төгрөгийн 850 ширхэг халат, 15500 төгрөгийн 850 ширхэг футболкийг тус тус шинэ оюутанд олгосон нь мөн л Өрсөлдөөний тухай хууль зөрчжээ. МУБИС ч бусад сургуулийг даган үнээ нэмсэн гэх тайлбар нь үндэслэл муутай байсныг ШӨХТГ-аас мэдэгдэв.
Тиймээс дээрх төрийн өмчийн 5 сургуульд сургалтын төлбөртэй холбоотой зөрчлүүдийг арилгах, холбогдох буруутай албан тушаалтанд захиргааны шийтгэл оногдуулах шаардлагыг хүргүүлээд байгаагаа ШӨХТГ мэдэгдсэн ч зарим сургуулийн удирдлагууд хүлээж авахгүй хэмээн том толгойлж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )