Алтантос: Монголын зах зээлээ 100 хувь хангах бүрэн боломжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Эх орны баялаг бүтээгч, орон нутгийн шилдэг татвар төлөгчийн сурвалжлагаараа энэ удаад “Монголын Алтан тос” ХХК-г онцолж байна.
Монголын улсад импортыг орлох дотоодын ургамлын тосны анхны эл үйлдвэр одоогоос гурван жилийн өмнө Дархан хотноо нээгдэж байсан билээ. Өдгөө хүнсний ургамлын тосны шинэ салбарыг эх орондоо бий болгож, түүчээлсээр “Алтан”, “Миний” гэх байгалийн гаралтай цэвэр тосыг Монголчууддаа нийлүүлж байна.

Анх 2005 онд үйлдвэрийн шаваа тавьсан гэдэг ч үйл ажиллагаагаа 2012 онд эхлүүлж, дотоодын үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан тус компани ургамлын тосны дотоодын хэрэгцээний 21.3 хувийг хангаж байгаа төдийгүй БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсруу экспортод гаргахаар зэхэж байна. 

-Монголын зах зээлээ 100 хувь хангах бүрэн боломжтой-

-Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах явцад тус компанийн ерөнхий менежер О.Ганбаатартай ярилцлаа.

-Дотоодын үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Монголын Алтан тос” ХХК үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд?

-Манай үйлдвэр сард 100 тонн, жилд 33 мянган тонн 33 сая литр тос үйлдвэрлэж, борлуулах хүчин чадалтай бүрэн автомажсан үйлдвэр.

-Танай компани цаашид импортын тосыг зах зээлээс шахаж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бий юу?

-Манай ургамлын тос Монголын зах зээлээ 100 хувь хангах бүрэн боломжтой. Мөн гадагшаа экспортлох боломж бий. Учир нь монголын ургамлын тосны хэрэглээ жилд 18 мянган тонн байдаг гэж үзвэл түүний 33 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас үлдсэнийг нь гадаад зах зээлд борлуулах боломж байгаа. Тиймээс бид БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу экспортлохоор ажиллаж байна.

 

-Анх “Алтан” тосоо зах зээлд нийлүүлэхэд хэрэглэгчид хэр хүлээж авч байв?

-“Алтан” тосоо 2011 оны 12 дугаар сард гаргаж, нэгдүгээр сараас зах зээлд нийлүүлсэн. Ингээд гаргаж эхэлмэгц дотоодын хэрэгцээний 18 хувийг хангаж чадсан. Манай улсын зах зээлд одоогоор импортоор орж ирсэн 385 тостой өрсөлдөж байна.

-Үйлдвэрлэлийн шат дамжлагын тухайд?

-Манайх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсад мөрдөгддөг үйлдвэрлэлийн технологийн дөрвөн шат дамжлагаар оруулан хүнсний ургамлын цэвэр тосыг үйлдвэрлэдэг. Түүхий тосыг боловсруулах хамгийн чухал дамжлага нь тунгалагжуулсны дараа 240 градусын температурт буцалгаж, амт үнэрийг салгах юм. Ингээд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болмогц лабораторын шинжилгээнд хүргүүлэхээр савладаг.

-Улсад хэчнээн төгрөгний татвар жилд төлж байна вэ?

-Жилд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг

-Саван, угаалгын нунтаг зэргийг үйлдвэрлэхээр зэхэж байна-

-Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхэд төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Манай компани 2012 онд ЖДҮ-ийг дэмжих сангийн дэмжлэгийг нэг удаа авч байсан. Өөр дэмжлэг авч байгаагүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төр засгийн бодлого мэдээж хэрэгтэй. Ингэхдээ анхан шатны үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх эсвэл импортын тосонд тодорхой хугацаагаар квот тогтоох хэрэгтэй. Мөн НӨАТ, гаалийн татвар зэргээс чөлөөлөх зэргээс улсаас дэмжиж өгвөл үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн болно.

-Цаашид ургамлын тосноос гадна өөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий юу?

- Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаа өргөжүүлж дахивар бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майноз зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Ургамлын тосны салбар нь манай улсын хувьд харьцангуй шинэ салбар боловч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хурдацтай хөгжсөн мэт. Импортын бараа бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг хангаж байх цагт эрүүл, аюулгүй эх орны хөрсөнд ургасан тосны ургамлыг шахаж, түүхий тос гаргаж чадсан тус компани импортын 385 тостой эн тэнцүү өрсөлдсөөр дотоодын хэрэглэгчдэдээ танигдаж чадсан юм. Одоогоор шар буурцаг, рапсаар “Алтан”, “Миний” гэх ургамлын тосыг улсын хэмжээнд нийлүүлж байгааг үнэнч хэрэглэгчид нь андахгүй мэднэ.

 

“Миний” тосны тухайд 2015 оны хоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд шар буурцагны цайвар өнгөтэй тос юм. Ургамлын тос цайвар байх тусмаа чанартай, эрүүл байдаг гэдгийг тус компанийн ерөнхий менежер О.Ганбаатар онцолж байв.

Цаашид дээрх тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр 2014 оноос эхлэн туршилтын ажлаа эхлүүлжээ. Мөн Монгол Улсад бүрэн хэмжээний европын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ үйлдюэр байгуулж, биодизель түлшийг олон улсын стандартын дагуу шинэ технологиор эх орондоо боловсруулан, үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж

Баярын зоогийг амталсан
Байгалийн гаралтай алтан тос
Ирсэн гийчинд таалагдсан
Илчлэг ихтэй Алтан тос гэх уриатай Монголын анхны ургамлын тосны үйлдвэрт ийн зочиллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.12.6) 2015 оны 10 сарын 12

tusgai suudald suugaad hymralaas garahad nemer boloh bol suuchgaa daa

0  |  0
Top