Хууль тогтоогчид 2016 оны төсвийн төслийг хэлэлцээд амьсгаа өндөртэй. Олон хоног үргэлжилж, ухаан уралдуулдаг халуухан сэдвүүдийн нэг учраас энэ үеэр өөрийгөө илэрхийлэх боломж их. Гэхдээ үүнийг популизм гэсэн утгаар хэлж байгаа юм биш шүү. Эрхэм гишүүдийн ноён нуруу, хоёр нүүдлийн хойтохыг харж байгаа эсэх, эх оронд эн түрүүнд юу хэрэгтэй байгааг олж харах чадвар зэрэг нь энэ үеэр л илүү тод анзаарагддаг болохоор тэгж хэлж байгаа юм. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд барих 200 сая төгрөгийн өртөгтэй төрийн далбааны өндөрлөг гэх мэтийн асуудалд хэн хэрхэн ханддаж байгаагаас анзаарч болно.
Яг үнэндээ бол өнөөдөр хямралын үеийн төсвийг хэлэлцэж байгаа. Гэхдээ төсвийн тодотголоос бүсээ чангалах дүр төсөөлөл огтхон ч харагдахгүй. Ямар ядарсан байтлаа 200 саяар газар өндөрлөж, дээр нь төрийн далбаагаа мандуулах гэж байв. Бүр Орхон аймгийн Баян-Өндөр сумын угтах хаалгыг 292.0 сая төгрөгөөр засахаар төсөвт төлөвлөгдөөд явж байгаа шүү дээ. Ховдын хоёр гурван сумын гэрэлтүүлэгт гэхэд хоёр тэрбум төгрөг гэхчлэн иймэрхүү жагсаалтыг цааш нь хөврүүлж болно. Бүтээж бий болгоно гэдэг сайн хэрэг. Харин адууныхаа хэрээр исгэрэх нэг зарчим бий. Бас хамгийн чухал нь аль нь вэ гэсэн оновчтой сонголт байх хэрэгтэй. Жишээ нь, Орхоны Баян-Өндөр суманд угтах хаалга барихгүй бол муухай харагдах уу. Хэнийг хэн угтах гээд хаалга үгүйлэгдээд байгаа вэ. Эсвэл эрхэм хууль тогтоогчид, дарга даамлууд өөрсдийгөө угтуулах хаалга бариулах гээд байгаа юм уу. Улаанбаатарын дунд сургуулийн багш Давааг Орхонд очиход нь угтаж авахаар лав ийм хаалга барихгүй нь тодорхой. Ямартай ч манай төсөв төлөвлөгчдийн мэдрэмж, чансаа, төсөвлөх урлаг нь нэг иймэрхүү бололтой юм.
Төсөв хэлэлцэх явцад хууль тогтоогчдын дундаас санамсаргүй сайхан санаачилга гарав. Тэр нь МАН-ын зарим гишүүд санаачлан Хавдар судлалын төвд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийн худалдан авах үнийг төсөвт нэмж суулгахаар бусдыгаа уриалж байгаа явдал юм. Монгол өнөөдөр хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд толгой цохьж яваа нь үнэн. Гэсэн хэрнээ шаардлагатай тоног төхөөрөмж нь дутагдалтай. Ийм байсаар байтал иргэддээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийн оронд харин туг мандуулах өндөрлөг, угтах хаалга гэхчлэн зүйлийг илүүд үздэг нь хачирхмаар. Бараг итгэхийн аргагүй, ийм явдал Монголд л байдаг байх.
Одоо хэлэлцэж байгаа төсвөө их онцлоготой хэмээн тодотгож байгаа. Зарим нэг яам, агентлагуудыг цөөлж цомхотгосон, төсвийн хэт тэлэлтийг хурааж хумьсан гэх тодотголыг дагуулж байна. Тэглээ гээд өмнөхөөс ялгарах зүйлээр бага байна. Тухайлбал, нийт орлогыг 6.9, зарлагыг 7.1 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл 900 гаруй тэрбумын алдагдалтай төлөвлөсөн. Энэ мөнгөн илэрхийллээр нь харвал урьд өмнөхөөс ялгарах зүйл огтхон ч байхгүй, хэмнэлтийн үеийн төсөв гэж хэлэхэд бэрх.
Төрийн алба, яам, агентлагуудын цомхотголыг 2016 оны наймдугаар сарын 1-ээс хийхээр төсөвт суулгасан нь дэндүү үнэмшил муутай харагдаж байна. Энэ асуудал дараачийн Засгийн газрын бүрэн эрхдээ халдлаа гэсэн хэл үгтэйгээр хэлэлцүүлэг дээр шүүмжлэл дагуулж буй. Хэрэв үнэхээр хэмнэе, таная, цөөлъе гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс л эхэлж баймаар санагдах юм. Энэ мэт өөрсдийнхөө эрх ямбыг ирэх сонгууль хүртэл хэвээр хадгалдах гэсэн санаа санаачилгаа төсөвт шингээчихжээ.
Татвар төлөгчдийн мөнгийг хууль тогтоогчид тойрог тойрогтоо тараан байршуулдаг, үүгээрээ сонгуулийн оноо авдаг, төсвийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэг яг хэвээрээ байна. Ялангуяа энд хөрөнгө оруулалтын үр ашиг, үнэ цэнийн тухай яригдах учиртай. Тухайлбал 100 хүрэхгүй сурагчтай суманд 320 хүүхдийн сургуулийн барилгыг дээд тал нь 950 сая төгрөгөөр барина гэж байна. Мөн хэд хэдэн суманд 500-800 хүний суудалтай соёлын төв, театрийг хэдэн зуун саяас хэдэн тэрбумаар барина. Завханы Тосонцэнгэлд барих 500 хүний суудалтай Соёлын төв энэ хүчин чадлаараа ажиллаж чадах уу. 500 хүний суудал гэдэг Улаанбаатарын Дуу бүжгийн эрдмийн театрийнхтай эн зэрэгцэнэ. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн онож хэлсэнчлэн “Авлигажсан төсөв” одоо хүртэл үргэлжилсээр байгаа аж. Аль тэртээ 2008 онд эхэлсэн “Алтай” чуулгын барилгын анхны төсөвлөсөн өртөг 5.4 тэрбум төгрөг болтлоо өсч ирэх оны төсвөөс мөн л 220 гаруй сая төгрөг хүртэхээр хүлээж байна. Энэ мэт баригдаж дуусалгүй хөгширч мэдэх барилга цөөн биш биз.
Энэ мэтээс анзаарвал төсвийн чанар, ононовчтой төлөвлөлт гэсэн ойлголт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хаана юунд хөрөнгө мөнгөө зарцуулах вэ гэсэн төлөвлөлт сонголт оновчтой байх учиртай. Харамсалтай нь манай хууль тогтоогчид төсвийг тойргийн сонгогчдынхоо санал авах том хэрэгсэл болгон хардаг. Тийм болохоороо хуваарилалт нь шог байхаас аргагүй.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )