Говьсүмбэр аймгийн битүү зах ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 03

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сумын хөгжлийн сан,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2013-2015 оны хооронд нийт 2.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 294 ажлын байр шинээр бий болжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажилласнаар "Чойр кашмер" ХХК-ийн нэхмэл сүлжмэлийн үйлдвэр, Шивээ-Овоо ХХК-ийн дэргэдэх ажлын хувцасны үйлдвэр, "Үлэмжийн чанар" ХХК-ийн цэвэр усны үйлдвэр,  "Баялаг эмээлт" ХХК-ийн тахианы эх сүргийн аж ахуй, "Баян нексус" ХХК-ийн ган бөмбөлөгний үйлдвэрүүд шинээр байгуулагдсан гэж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Од-Сэр хэллээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн задгай зах, худалдааны төвийг битүү зах, шинэ байранд оруулан худалдаа эрхлэгчдийн ажлын байрны тав тухыг хангахаар төлөвлөсөн.

Тус аймгийн “Балдан засаг” ХХК нь стандарт шаардлага хангасан худалдааны төв захыг ашиглалтанд оруулж 70 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж буйтай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа.

Тус компани 180 ам.метр талбай бүхий жижиг дэлгүүрээ 1500 ам.метр талбай бүхий хоёр давхар үйлчилгээний төв болгон өргөтгөж үйлчилгээгээ эхлээд хоёр сар болж байгаа ажээ.

Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймгийн төвийн жишиг гудамжны тохижилттой танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийж тэдний асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top