Авьяасын талаарх сайхан үгүүд

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

1.АВЬЯАС БА ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монголчууд авьяас байвал арга нь олдоно гэж ярьцгаадаг.
Хүн орон зайг ямагт өөрөөсөө тал тал тийш, цагийг дандаа өөрийнхөө өмнө, хойно авч үздэг зуршилтай.
Авьяасыг үнэн тайлбарлая гэвэл цаг болон орон зайнаас хамааралгүйгээр тодорхойлох хэрэгтэй. Хэрэв түүнийг цаг, орон, хэн нэгэнтэй холбон үзвэл будилж, бөөн эргэлзээ, баярхал, гоморхол бий болдог юм. Тиймээс дуулах авьяасыг Цээгий болон Дундговиос, барилдахыг Баагий хийгээд Монголоос, тоолохыг Гочоо ба 1976 оны олимпиадаас ангид үзэх шаардлагатай.
Хүсэл, сонирхол нь хүн ямар нэг зүйлийг хүсч тэмүүлэх утгыг заадаг байхад авьяас билэг нь тухайн зүйл өөрөө хүн рүү тэмүүлэх утгыг илэрхийлдэг аж. Бүжиг надаар хийлгэхийг, дуу надаар дуулагдахыг хүслээ гэсэн үг.

Ер нь уран зургийг худалдан авч ханандаа өлгөх хийгээд өөрөө зурахыг хүсэх, амттай хоол идэх хүсэл бол өдөр шөнө шиг ялгаатай биз дээ? Иймд авьяас бол ердийн ахуйн өгөгдөл, түүнд орших хүсэл сонирхлоос тусдаа, өөр нэг боломжит ертөнц юм.
Авьяас билэгт сэтгэл татам чанар бий, тэдгээрийн нэгдлээр дамжин хүрч болно, тэр нь хүүхдэд зориулсан үндэсний хөтөлбөр ч байж болно гэдгийг нотлон өгүүлэхэд таатай байна. Яагаад гэвэл хүний ахуй чинь ойлгоц хийгээд аргыг хамтад нь эзэмшдэг цорын ганц ахуй шүү дээ.

2. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭНД: БҮТЭЭЛЧ

Танин мэдэхүйн хүрээнд авч үзвэл авьяас нь туйлын бүтээлч байдал билээ.
Бүх танин мэдэхүйн зорилго бол үнэн. Үнэнд хүрэх альтернатив хоёрхон арга байдаг. Нэг нь зөн билгээр шууд хүртэхүй, нөгөө нь нэг бодомжийн мэдлэгээс нөгөө бодомжийн мэдлэгт дамжин хүрдэг рациональ анализ юм.
Танин мэдэхүйн гол илрэл нь бие хүний авьяас билэг.
Урлагт зөн билгийн шинжтэй бүтээлч, шинжлэх ухаан шинжтэй танин мэдэхүй голлож оршдог ч авьяасын бүтээлч чанар нь эдгээр хүчин зүйлийн харилцан нөлөөллөөр бүрддэг. Шууд хэлбэл, урлагийн бүтээл туурвих эхний шат нь зөн билэг, дараагийн шат нь ухаарал байна. Бүтээл төгс болох шатандаа хүсэл шийдвэрийн шинжтэй болдог.
Үнэндээ ч яруу найрагч хүнд математикчаас дутахгүй хэмжээгээр логик хэрэгтэй бөгөөд Леонорда Да Винчи “Уран зураг бол шинжлэх ухаан”, Эйнштейн “Достоевский надад Гауссаас их зүйлийг өгсөн” гэцгээсэн нь аливаа бүтээл зөн ба ухаарлын нэгдлээр туурвигддаг болохыг харуулна.
Х.Гарднер, Ж. Гилфорд нарын эрдэмтэд билиг авьяасыг бүтээлч сэтгэхүй (креатив) гэх нэр томъёогоор илэрхийлээд энэ нь хүний сэтгэхүйн гүнд оршиж, тэр бүр илрээд байдаггүй ч хүний мөн чанарыг хамгийн тод харуулдаг үзүүлэлт хэмээн тодорхойлжээ. З.Фрейд бүтээлч сэтгэхүй бол амьдралын энергийг оюунлаг үйл ажиллагаанд шилжүүлэх үзэгдэл гэж үзсэн байдаг.

Тийм бол авьяаст нь тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх үзэл санааг боловсролд анхлан нэвтрүүлж, бүтээлч сэтгэхүйн үйлээр, бүтээлч үйлийн орчинд, бүтээлч бие хүнийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь өөрөө БҮТЭЭЛЧ байгаа биз дээ.

3. ЁС ЗҮЙ ХУВЬД: САЙН

Хүүхдийн авьяасыг хөгжүүлэх нь ёс зүйн үүднээс авч үзвэл, маргашгүй сайн үйл юм.
Цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн болон ирээдүйд тухайн хүүхэд ба насанд хүрэгчид нь туйлын ялгаатай хүмүүс билээ.

Хүүхэд болоод өнгөрсөн явдлыг одоогийн үйл, байдлын шалтгаан болгодоггүй, одоо байгаа үйл, байдлаас ирээдүйг угтан хардаггүй байна. Насанд хүрсэн хүн үүний яг эсрэг бөгөөд өнгөрснийг тайлбарлах, угтан харах нь өөртөө болон бусдад хандах тэдний хандлагыг бүрэн тодорхойлж байдаг.
Гэтэл өнгөрсөн зүйлийг сөхөн авч үзэх, ирээдүйг угтан хэлэх нь хүн хоорондын ёс суртахууны харилцаанд ихэнхдээ сөрөг үр дагаврыг авч ирнэ. Хүнийг буруутгах нь тухайн хүний өнгөрсөн цагт хийсэн үйлдлийг сэргээн санах байдлаар илүү жинтэй болж, “Энэ дахин тэгж таараа” гэх урьдчилсан хардлагыг бас дагуулдаг. Магтаал ч ялгаагүй.

Ёс суртахууны хамгийн гол нөхцөл нь цаг хугацаа гэж хүмүүс бараг боддоггүй байх аа.

Өнгөрсөн, ирээдүйд ач холбогдол өгнө, хөдөлшгүйд тооцно гэдэг бол одоогийн бодит байдлаас зугтах, эсвэл бодит байдлыг хүчирхийлэн эзэгнэх оролдлого юм. Шууд утгаараа өнгөрсөн ба ирээдүй нь огт байхгүй байдал бөгөөд өнгөрснийг тайлбарлах нь урлаг, угтан хэлэх нь мэргэ болно.
Хамгийн ноцтой зөрчил хүүхэд, насанд хүрэгчдийн хооронд өрнөх ба хүүхдийн өнгөрсөн, ирээдүйгээр баримжаалсан багш бол хүүхдийн одоог золиосолж, тэдэнтэй муудалцахад хүрнэ.

Балжаа чи зургадугаар ангид байхдаа яалаа даа...., Дээгий, чам шиг тоондоо тааруу хүн яаж шатар тоглох вэ, танай ангийхан ч угаасаа л нэг... гээд байвал юу нь сайн байх билээ.

Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлээгүйгээс “байгаа хирнээ нуугдмал” их хэмжээний дотоод хүч, атаархал сэтгэл, сэтгэхүйд бий болж, мэргэжил, нийгэмд эзлэх байр сууриа зөв тодорхойлоход нь саад болох буюу амьдралын буруу дадал хэвшилд хөтлөх гол шалтгаан болдог.

Ядаж, л ээж, минь, багш маань миний авьяасыг таньж, хөгжүүлсэн болоосой гэж насаараа гомдоно. Өөрөө бас бүтээж чадах байсан сайхан зураг, аялгуу, хөдөлгөөний харж атаархлын мэдрэмжээр сэтгэл өвдөн тэр шархыг өчигдөрхөн л авсан мэт шаналдаг.

Энэ бүх алдагдах боломж, байж ядсан дотоод эрчим, хүлээснээс бүтээлч чадвар, авьяас билэг, авьяасыг танин мэдсэн багш хүн, хүүхдийн төлөөх хөгжлийн хөтөлбөр гаргаж чадна.

Авьяасаа нээн хөгжүүлж байгаа хүүхэд яг одоо, энд гүйж, дуулж, тооцоолж, зохиож, жүжиглэж байхад авьяасыг нь нээн хөгжүүлж байгаа багш яг одоо, шавиараа бахархаж, энд баярлаж, хөөрч, нүд нь гэрэлтэж, захыг нь мушгин суугаа шүү дээ.

БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙ, БҮТЭЭЛЧ ҮЙЛИЙН ОРЧИН БОЛ НЭГЭНТ ӨНГӨРСНИЙГ МУУГААР ДҮГНЭЖ, ИРЭЭДҮЙГ САЙНААР ГОРЬДОЖ БАЙХ ЗАВ ЗАЙГ БҮТЭЭЛЧ ЭЗЭНДЭЭ ӨГДӨГГҮЙ ЮМ.

Энэ утгаараа “Авьяас” хөтөлбөр хүүхдийн хэмжээлшгүй дотоод эрчмийг өдөөх, мөрөөдөл, бүтээлч сэтгэхүйг нь БҮТЭЭГЧ ЧАДАМЖ болгон хувиргаж, улмаар өөртөө итгэх итгэл төрүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх түшиг тулгуур.

4. ГОО ЗҮЙН ҮҮДНЭЭС: САЙХАН
Гоо сайхны онолын утгаар бол авьяасаар үйлдэхүй нь юмс үзэгдлийг сайхны хуулийн дагуу бүтээх, хувирган өөрчлөх шилдэг арга төдийгүй өөрөө үнэхээр сайхан юм.
Авьяастны гол шинж бол гоо сайхны ухамсар бөгөөд авьяас нь сайхныг бүтээх арга учраас авьяас ба сайхан салшгүй холбоотой.

К.Попперийнхоор “Хүн субьектив ахуй тул түүнд юуны өмнө урлагаар дамжин хүрдэг” бол Кант “Авьяасын гол шинж тэмдэг нь гоо сайхны шинэ үнэт чанар бүтээдэг” гэжээ.
Гоо сайхны үнэлэлт бол танин мэдэхүйн хүрээнд нэгтгэн дүгнэсэн агуулгатай бөгөөд ёс суртахууны шинжтэй. Энэ утгаар Достоевскийн үг үнэн, яагаад гэвэл хүн төрөлхтөн гоо сайхны хуульд захирагдаж байгаа цагтаа сөнөхөөс айхын хэрэггүй биз.

Авьяасаар үйлдэхүй нь ийнхүү ёс суртахуунлаг учраас муу санадаггүй, гоо сайхан учраас муухай болгодоггүй. Энэ бол “Авьяас” хөтөлбөрийн шинж юм.

5. НИЙГЭМ ЗҮЙН ТАЛААСАА: ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ
Социологийн үүднээс бол хүүхдийг нийгмийн эхний эгнээнд гаргаж буй хүчин зүйл нь одоогоор авьяас л байна.
Хүүхдийн өмнөөс насанд хүрэгчид зовж, жаргаж, идэж уун, өөрсдийг нь харин санаан зоргоороо дагуулан “хорлон хайрлаж” байна.

Хүүхдийг төлөвшүүлэх талаар гэр бүл, сургалтын байгууллага, насанд хүрэгчдийн гаргадаг гол алдаа бол одоогийнх нь хэрэгцээг үл хайхарч, ирээдүйн нийгэмд тавигдаж магадгүй шаардлагад нийцүүлэн хүмүүжүүлэхээр зүтгэдэг явдал юм. Энэ тухайд монголчууд “Үхнэ гэж үхрийн мах барав” гэгчээр гэдэг . Харин нийгэм зүйд “Социалист маягийн хууралт” гэнэ.

Гэтэл тэд яг одоо л унтаж, амталж, инээж, ичиж, суралцаж, туршиж, ухаарч, тоглон жаргамаар байгаа.

Хавар олимпиадад амжилт гаргахын тулд, хойтон ЭЕШ-д 800 авахын тулд, сайн мэргэжил эзэмшихийн тулд, 2035 онд сайхан амьдрахын тулд гэж, үр дүнг ямагт эцсийн цэгээр баримжаалан тулгана. Ингэж хүүхдийг хүлээлтийн танхимд цагаасаа эрт орчихсон зорчигч шиг болгох ба энэ нь хойтон бас өмсөг гээд авч өгсөн 40 размерийн пүүзтэй адил юм.

Ингэснээр өсвөр үеийнхний бодит хэрэгцээ хангагдахгүй үлдэж, ирээдүйд даатган хойш тавих, сайн зорилгын төлөө муу арга хэрэглэж, одоог золиослох хандлага зонхилдог.

Сургалтад ч энэ хандлага газар аваад байсан бөгөөд хэзээ, хаана хэрэг болох нь бүү мэд асар их агуулгыг өвдөг дээр нь гар авахуулж байгаад шуудай сав шиг чихэж байлаа.

Одоогийн цаг, оронд амьдрах боломжийг хүүхдэд өгөхгүй, үүрэг, хариуцлагыг гаднаас оноож өгдгөөс хүүхэд залхах, төөрөлдөх, эсэргүүцэх, өөрийгөө нийгмээс тусгаарлах нь ихэсдэг.

Дээр нь технологийн хөгжлөөс шалтгаалан хувь хүний бие даасан чанар, бусдаас хараат бус байдал бүдгэрч хэзээ ч хараагүй, хаана ч тааралдаагүй ямар ч хүртээлгүй сөрөг үйл бодолд зүйлд автдаг нь аймаар (сошиал ертөнц).
Гэтэл авьяас хэнийг боловч хийж бүтээх тэмүүлэлд хөтөлж, бие даасан чанараа хөгжүүлэх, бусадтай нийгэмшин амьдрах хүчтэй түлхэц, амжилт, аз жаргалын үндэс болдгоороо зүйрлэшгүй. Авьяастай хүн өөрөө мэдэлгүй урагш цойлон гарч ирдэг, бусдыг араасаа дагуулдаг. Тэр тусмаа хүүхэд.
Боловсрол бол хожмын сайхан амьдралын төлөөх золиос дарамт биш, суралцах үйл явц нь өөрөө жинхэнэ аз жаргалтай амьдрал байхад “Авьяас” хөтөлбөр эерэг хөтөч юм.

Энэ хөтөлбөр 760 гаруй мянган хүүхдийг ирээдүйн 760 гаруй мянган сайн иргэн болгох дарамт биш, 760 гаруй мянган хүүхдийг хөгжилтэй, насан туршдаа суралцах чадвартай, өөртөө итгэлтэй 760 гаруй мянган хөөрхөн хүүхэд хэвээр байлгахад үйлчилж байна.

Хүүхэд одоо л нэг бодсоор, зохиосоор, дуулсаар, урлан бүтээсээр нийгмийн эхний эгнээнд шуугилдсаар гарч ирлээ.

6. ЭРХ ЗҮЙН УТГААРАА: ЗӨВ

Манай улсын боловсролын тухайд авьяас гэх ойлголт нь тулгуур ухагдахуун болоод байна.

“Боловсролын тухай хууль”-д суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн хөгжүүлэхээр зааж, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилго дэвшүүлэн “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөрөө итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Авьяас” дэд хөтөлбөр хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог бий болгох замаар хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүй, сэтгэц нийгэмшихүйг хөгжилд хөтлөх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ бүхнээс харахад хэн нэгэн хүн санаан дотроо хүүхдийн стандарт загвар бий болгож, түүнийгээ “Зөв” гэж нэрлээд бүх хүүхдийг энэ хэвээр цутгах, хэвэнд орж өгөхгүй байгааг нь “Буруу” гэх гэсэн санаа өвөрлөөгүй л тэмдэглэн хэлмээр байна.

Хөгжил гэдэг бол хүний тусгаар эрхэм чанар, оюун санаа, бие бялдар, нийгэмшихүйн бусдаас ялгагдах шинж, ахиц дэвшилд оршдог гэж үзвэл “Зөв монгол хүүхэд” гэж хэн бэ?
Тэр бол яг одоо энд тэндгүй гүйлдэж, тольдож, муудаж, сайдаж, ухаарч, хайрлаж, мөрөөдөж яваа 760 гаруй мянган хүүхэд нэг бүр маань шүү дээ. Тэднийгээ л бид “зөв” гэж үзээд сайн дээр нь сайн, сайхан дээр нь сайхан болгох гэж явна.
Ёс зүйн утгаараа сайн, гоо зүйн хувьд сайхан зүйл эрх зүйн хүрээнд “Зөв” байвал юутай сайн билээ.

7. СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ ГЭВЭЛ: ИДЭВХТЭЙ

Хүүхдийг авьяаст нь тулгуурлан сургаж, хөгжүүлнэ гэдэг нь сургалтын технологи талаасаа хамгийн дэвшилтэт сургалтын аргад тооцогдож байна.

Өрхийнхөө 2 сарын санхүүгийн тооцоог процентоор илэрхийлж, тайлбарлах даалгавар авсан хүүхдүүдийн царай даруй нухацтай болж, олонлогийн гүйцээлтийг тэмдэглэж, Эйлер-Веннийн диаграмаар загварчлах нь кино үзэх, фээсбүүкт зураг оруулахаас хавьгүй сонирхолтой хэрэг болон өрнөж, хичээл нь сууж цаг өнгөрөөдөг биш, хийж бүтээж ухаарч ойлгодог үнэ цэнэ болж байна.

Хүч гаргах, өөрийгөө харуулах, санасандаа хүрэх боломж гарч байхад хэн зүгээр суух вэ. Юуны өмнө, бодож, бичиж, гүйж, удирдаж, бишгүүрдэж байгаа тэдний үйлдэл гаднаа хэчнээн өөр боловч авьяасаар үйлдэхийн үндсэн схем болох Зөн-Ухаарал-Хүсэл шийдвэр болон өрнөж байна.

Авьяаслаг хүүхэд юу ч хийж байсан, эхлээд хамаарах бүх холбоосыг илрүүлэх, дараа нь тэр холбоосоо задалж, гол элементээ салгах, эцэст тэрхүү гол элементээ буцааж үндсэн холбоостоо нэгтгэх бүтээлч сэтгэхүйн үйлдлийг гүйцэтгэж байдаг.

Улмаар сайн дуулсны дараа газар зүй, биологидоо сайжрах, сайхан зурсны дараа математик, химид дурлах, сэтгэл хөдлөн ярьснаасаа болоод өөртөө итгэл төрж, энэ итгэл нь уран зохиол, физикийн мэдлэг, чадвар болж хувирах нь хүүхдийн ертөнцөд энгийн зүйл билээ. Зөөлөн сэтгэл нь хэвээр үлдэж, улам гоо сайхнаар гэрэлтэнэ.
Хүүхэд ингэж сурдаг, бүтээдэг байхад багш хүн яах ёстой вэ?
Авьяасыг нээхэд авьяас хэрэгтэй. Багшийн авьяас эхлээд хүүхдийг мэдэрч, ойлгоход чиглэнэ. Ойлгох, ойлголцох ахуй бол хэл бөгөөд энэ нь боловсрол судлалд сургалтын технологи юм.

Тэгвэл энэхүү сургалтын технологи буюу хүүхэд нэг бүрийг авьяаст нь тулгуурлан хөгжүүлэх арга зүйг сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын цөм хөтөлбөрт агуулга, орчин, үнэлгээ, арга зүй, цэцэрлэг, сургуулийн менежменттэй нь уялдуулан хэрэгжүүлж байна. Өөр юу хэрэгтэй билээ.

ТАЛАРХАЛ
Авьяасаар нь хүүхдийг хөгжүүлж болдог гэдгийг өөрийнхөө багшлах хугацаанд мэдэрч, харж ухаарч чадсан туршилгадаа суурилан авьяас хөтөлбөрийг боловсруулан холбогдох хүмүүст нь танилцуулахад батлан, хэрэгжүүлэх үүрэг өгсөн тэр өдөрт талархан сэтгэл баясюу. Авьяас, авьяас хөтөлбөрийн тухай бодож, түүний талаар сайн, муу үг хэлсэн, нийгмийн анхаарлыг үүнд хандуулсан, хүүхдийг хайрласан хүн бүхэнд талархал илэрхийлье.

Улаанбаатар хот 2016.03.25

Баавгайн НАСАНБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top