Олон жил мөнгөтэй ажиллахаар тоо хүртэл амьтай юм шиг “ярьдаг”

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

“Larry King Now” шоуны энэ удаагийн зочноор 2010-2013 онд гурван жил дараалан дэлхийн тэргүүн баянаар тодорсон, Мексикийн тэрбумтан Карлос Слим уригджээ. Өдгөө түүний гол бизнес нь харилцаа, холбооны салбар бөгөөд уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, зоогийн газар, зочид буудлын салбарт бизнесээ өргөжүүлээд байгаа билээ. “Форбес” сэтгүүл түүний хөрөнгийг 66.8 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоод байгаа юм. Одоо 73 настай Карлос Слим бизнесийн ухааныг эцэг эхээсээ суралцсан бөгөөд дөнгөж 12 настайдаа Мексикийн банкны хувьцааг худалдаж авч байжээ. Дашрамд дурдахад, тэрээр хэдхэн өдрийн өмнө геномын судалгаанд 73 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.

-Ларри Кингийн шоунд тавтай морил. Өнөөдөр та бүхнийг маш онцгой зочинтой уулзуулна. Тэр бол Карлос Слим. Миний эрхэм нөхөр, чадварлаг бизнесмэн. Мэдээж манай “Ora Media”-гийн гол хөрөнгө оруулагч. Бид Беверли Хиллс дэх манай гэрт байна. Ингэхэд яагаад надад болоод “Ora Media”-д хөрөнгө оруулахаар шийдсэн юм бэ?

 -Ларри Кингэд л найдаж энэ шийдвэрийг гаргасан. Эрсдэлгүй шүү дээ.

-Бас интернэтийн мэдээллийн хэрэгслийн ирээдүйг харсан байх л даа.

-Тэгэлгүй яах вэ. Интернэт бол шинэ соёл иргэншлийн маш чухал, магадгүй хамгийн чухал хэрэгсэл. Энэ салбарын ирээдүй дөнгөж эхэлж байна.

 -Гэхдээ “Milken Conference”-ийн үеэр би өөрөөс чинь интернэт бол маргааш мөн үү гэж асуухад “Үгүй ээ, өчигдөр” гэж хариулсан шүү дээ.

-Тийм ээ. Тэгсэн. Хэрвээ та санаж байгаа бол интернэтийг бид олон жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. 1980-аад оны үед багахан хүрээнд хэрэглэдэг байсан. 1990-ээд онд хэрэглээ хүрээгээ тэлж, интернэт маш чухал хэрэгсэлд тооцогдож эхэлсэн. Телефоны утасны шугамаар, зэсээр холбогдож байсан болохоор хурд нь маш удаан байсан. Харин одоо бол бид зуу дахин хурдан интернэт хэрэглэж байгаа. Асар өргөн хүрээнд. Дэлхийн бүх хүн, бүх соёлыг холбосон интернэтийг хэрэглэж байна. Өнөөдөр интернэт боловсрол, эрүүл мэнд, бизнес, арилжаа, Засгийн газрын үйл ажиллагаа гээд бүхий л зүйлд хэрэглэгдэж байна. Жаахан дэгсдүүлэхэд интернэт л дэлхийг эргүүлж байна.

 -Олон хүний сонирхож байгаа нэг асуултыг асууя. Дэлхийн тэргүүн баяны жирийн нэг өдөр ямар байдаг юм бол?

 -Их сонин асуулт байна. Би ер нь хэзээ ч ямар нэгэн төлөвлөгөөний дагуу амьдарч байгаагүй.

 

 

 -Жишээ нь, хэр эрт босдог вэ?

 -Их эрт босно оо. Тэгээд л шууд ажлаа эхэлнэ. Миний эрхэлдэг бизнесүүдийн орчинд юу болж байгааг мэдэхээс ажил эхэлнэ дээ. Мэдээ, мэдээлэл уншина, хүмүүстэй ярилцана. Утсаараа ярина.

 -Бизнес тань дэлхий даяар байдаг болохоор утас байнга хэрэг болдог байх, тийм үү?

 -Тэгэлгүй яахав. Заримдаа хүмүүстэй ярилцахын тулд аялах шаардлагатай болно.

-Их аялна биз?

-Тэгнэ. Гэхдээ ажлын шаардлагаар бол тэр болгон аялаад байдаггүй. Ямар нэгэн хурал, чуулга уулзалтад оролцох, эсвэл улс орнуудад зочлох зорилгоор л ихэвчлэн аялдаг.

 -Ажлын шаардлагаар аялдаггүй гэхээр дэлхий даяар тархсан тэр олон бизнес бүгд таны гарын дор байдаг гэсэн үг үү?

 -Ер нь, бүх бизнесээ л нэгд нэгэнгүй мэдэж, анхаарал тавьж байхыг хичээдэг. Ингэхийн тулд санхүүгийн мэдэгдэл, тайлан дээр нь их анхаардаг. Нэг үгээр хэлбэл чагнуур барьсан эмчтэй зүйрлэж болох юм. Орлого, зарлага, хэмнэлт, хувьцааны үнэ, ханш гээд санхүүгийн мэдээллийг, тоон үзүүлэлтүүдийг нь хараад л бизнес маань ямаршуухан байгааг мэдчихдэг, оношилдог гэх үү дээ.

-Өөрийг тань мөнгө олох, “үржүүлэх” байгалиас заяасан чадвартай хүн гэж хэлж болох уу. Танд мөнгө олох ер нь хэр хялбархан санагддаг вэ?

-Тэгэж бодохгүй байна. Харин ч хэрхэн мөнгө олох талаар би өөрийгөө насаараа суралцаж байгаа гэж боддог. Мөнгөтэй их ажиллаад ирэхээр хүн бүх юмыг тоогоор хардаг, тооцоолдог болчихдог. Тоо чамтай “ярьдаг” болдог.

-Өөрт тань бол тэд амьд юм шиг санагддаг гэсэн үг үү?

-Тийм.

-Эд баялгийг та өөрийнхөөрөө юу гэж тайлбарлах вэ. Эд баялаг ер нь таны хувьд юу вэ?

-Эд баялаг. Миний бодлоор эд баялаг бол нэгэн төрлийн хэрэгсэл. Сайхан амьдрал, тав тух, амар амгаланг бий болгох хэрэгсэл юм уу даа. Мөн нийгэмд сайн сайхныг бий болгох хэрэгсэл. Олсон орлогоо зөв, сайн хуваарилж чадвал эд баялаг өсч, үржих үндэс суурь тавигдана. Хуваарилалт зөв, сайнаас гадна тодорхой, ил тод байх ёстой. Ер нь бол орлого, баялаг гэдэг бол огт өөр ойлголт. Эд баялгийг үр ашигтайгаар удирдах ёстой. Ингэж байж илүү их эд баялагтай болно. Яг л жимсний мод шиг. Тэр модны үр жимс нь орлого юм. Орлогоо зөв хуваарилахдаа заримыг нь өөр шинэ мод тарихад зориулах ёстой. Тэгж гэмээнэ илүү их жимс хурааж авна.

 

-Мод нь эд баялаг гэсэн үг болж байна.

 -Тийм ээ. Жимс нь орлого. Тэгэхээр илүү их эд баялаг бүтээж, орлого олохын тулд илүү олон мод тарьж, жимс хураах ёстой гэсэн үг.

 

-Ингэхэд та хэчнээн төрлийн бизнес эрхэлдэг вэ?

 -Хэчнээн салбарт гэж ойлгож болно биз дээ. Харилцаа холбооны салбарт “Telecom Communications” корпорац байгаа. Хамгийн том нь л доо. Маш олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, олон зүйлийг тээдэг хурдны зам шиг л.

 

 -Уул уурхай болон бусад салбарт ч хүч сорьж байгаа байх аа?

-Жижиглэн худалдааны л бизнесүүд дээ. Уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл гээд.

 

-Та үргэлж шинэ зүйлс эрэлхийлж явдаг юм шиг санагддаг.

-Тийм байсан. Олон ч салбарт хөл тавьж, хүч сорьж үзсэн. Эргээд бодохоор бизнес эхэлсэн цагаасаа хойш 65 компани, корпорацтай байсан юм байна. Одоо бол тийм олон байхгүй ээ. Чадахаа цааш нь аваад, чадахг үйгээ хаяад өдийг хүрсэн. Одоо бол Засгийн газруудад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад сонирхолтой болсон. Жишээ нь, АНУ-ын Засгийн газар байна. Би АНУ-д шинээр ажлын байрууд бий болгох, орон сууцаар хангах сонирхолтой байгаа.

 

 -Та бизнесийн талбарт энэ зэргийн амжилтад хүрсэн юм чинь нэлээд завгүй хөдөлмөрлөж ирсэн нь гарцаагүй. Тэгсэн ч гэр бүлээ нэгдүгээрт тавьж чаддаг уу?

-Тэгэлгүй яахав. Миний гэр бүл хэзээд нэгдүгээрт, хамгийн чухал нь байдаг. 

 -Таныг хүүхдүүдээ бизнест хөл тавь гэж хүчилдэггүй гэж сонссон. Үнэн үү?

-Тийм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top