Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээллээр төмөр замаар оны эхний дөрвөн сард 5.8 сая тонн ачаа тээвэрлэсэн бол 837.3 мянган хүн зорчсон байна. Энэ нь хэдий төмөр замыг сонгон аялж байгаа зорчигчдын тоо буурсан ч тээсэн ачаа нэмэгдсэн үзүүлэлт аж. 2015 оны эхний дөрвөн сарын үзүүлэлттэй харьцуулахад энэ оны эхний дөрвөн сард төмөр замын ачаа тээвэрлэлт 2.7 хувиар нэмэгдсэн байна. Төмөр замын хувьд улсын ачаа тээврийн гол цөмийг нугалдаг онцлогтой. Монгол Улсын төмөр замын сүлжээний гол уртыг эзэмшигч "Улаанбаатар төмөр зам"-аар хийгдэж байгаа тээвэрлэлтийн гол хэсэг нь дамжин өнгөрөх тээвэр байдаг бөгөөд энэ тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг өсгөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь тээврийн тариф байдаг гэдгийг Зам, тээврийн яамнаас мэдээлж байна. Тиймээс “Улаанбаатар төмөр зам”-ын коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг эрс шинэчлэх шаардлагатай гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурлаар тодорхойлжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхий хорооны хурлаар чулуун нүүрс болон экспортын нүүрс, автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн механизм, тэдгээрийн эд анги, жонш, жоншны концентрат зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний төмөр замаар хийх тээвэрт тариф тус бүр 10 хувиар нэмэгдэх талаарх шийдвэрийг гаргаад байсан юм.
Статистик үзүүлэлтээс харвал агаарын тээврийн ачаа тээвэр болон зорчигч тээвэр аль аль нь нэмэгдсэн байна. Агаараар тээсэн ачаа тээврийн хэмжээ 9.8 хувиар нэмэгдсэн бол зорчигч тээврийн хэмжээ 3 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сард дотоодын шинэ чиглэлийн нислэг нэмэгдэж, Ховд аймгаас дамжин нисэх боломж нээгдсэнийг онцолж болохоор байгаа юм. Одоогоор энэхүү нислэгийг жижиг оврын онгоцоор түр хугацаанд үйлдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )