Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Кастодиан банк, клиринг хаус гэх мэт гадаад нэр томъёог монголчууд төдийлөн ойлгохгүй. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр гадаад нэр томъёогоор нэрлэдэг санхүүгийн дэд бүтцийг байгуулахаар барахгүй, түүгээр үйлчлүүлж хэвших шаардлага тулгарч байна. Кастодиан банкны үйлчилгээ Монголд нэвтрээд удаагүй байна. Тэгвэл клиринг хаус байхгүй. Клиринг хаусыг монголчилбол арилжааны төлбөр тооцоо хийдэг байгууллага юм. Энэ байгууллага нь хөрөнгийн зах зээлд “тоглогч” талуудын эрсдэлийг хааж, хөрвөх чадварыг сайжруулдаг. Иймээс үнэт цаасны зах зээлийн амин сүнс гэгддэг билээ.

Клиринг хаусын хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг гол ид шид нь Монголын үнэт цаасны биржийн Бизнес хөгжлийн албаны захирал Ж.Өнөрбаярын хэлснээр “Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэгт оршино”. Клиринг хаус төлбөрийг хохиролгүй төлүүлэхийн тулд үйлчлүүлэгчээс дэнчин, оролцогчоос барьцаа авч, үүсэж болзошгүй эрсдэлийг хаадаг юм. Жишээ нь, 30 хувийн буюу 30 мянган төгрөгийн дэнчин тавиад 100 мянгын үнэтэй хувьцаа худалдаж авлаа гэж бодъё. Үйлчлүүлэгч хувьцаа худалдаж авсныхаа дараагийн гурав хоногт ч юм уу, тогтоосон хугацаанд төлбөрөө хийх ёстой. Хэрэв хийхгүй бол клиринг хаус тухайн хувьцааг нь борлуулаад зарсан хүнд төлбөрийг нь олгоно. Хувьцааны ханш хямдарсан тохиолдолд дэнчингийн мөнгөнөөс алдагдлыг нөхөж олгодог.

Мэдээж хэдэн хувийн дэнчин авах гэх мэтийг тооцооллын үндсэн дээр клиринг хаус тогтооно. Иймээс л төлбөр тооцооны гэж нэрлээд буй хэрэг. Дэнчин тавиад олон хувьцаа худалдаж авах боломж нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах гол хөшүүрэг юм. Монголын хөрөнгийн зах зээлд ийм үйлчилгээ байхгүй. 100 мянган төгрөгөө дансанд байршуулж байж л төдий хэмжээний үнэтэй хувьцаа авна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг хазаарласаар байгаа. Хөдөө аж ахуйн биржийн Клиринг, төлбөр тооцооны албаны захирал Б.Буянхишиг “Танд 1000 төгрөг байгаа гэж бодъё. Монголын хөрөнгийн биржийнх шиг загвартай байгууллагаар дамжуулж арилжаа хийвэл 1000 төгрөгийн үнэтэй нэг л хувьцаа авна. Харин клиринг хаустай бол 1000 төгрөгөөрөө дэнчин тавиад 10 ширхэг хувьцаа авч чадна. Ийм боломж олговол хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжрах юм” гэж ярилаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос төлбөр тооцооны нэг төв, өөрөөр хэлбэл клиринг хаус байгуулах санаачилга дэвшүүлж, биржүүдтэй уулзалт зохион байгуулсан. Эндээс биржүүд нэг төвөөр дамжуулж, төлбөр тооцоогоо хийхгүй нь тодорхой харагдав. Хөдөө аж ахуйн бирж, шинээр байгуулагдаж буй Монголын үнэт цаасны биржийнхэн энэ үеэр өөрсдөө төлбөр тооцоогоо хариуцаж хийхээ мэдэгдэж байсан. Тэгвэл байгуулахаар зэхэж буй Эрдэс баялгийн биржийнхэн “Хөдөө аж ахуйн биржийн программыг ашиглаад төлбөр тооцоогоо хийх боломжтой” гэж үзэж буйгаа дуулгаж байв. Харин Монголын хөрөнгийн бирж уламжлал ёсоор “Арилжааны төлбөр тооцоо” компаниар төлбөр тооцоогоо дамжуулах нь гарцаагүй.

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамныхан клиринг хаус байгуулах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс ч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төлөвлөрсөн хадгаламжийн төв” компанийг хоёр хуваан үнэт цаасны хадгаламж болон төлбөр тооцоог тусгаарласан. Улмаар төлбөр тооцоо хариуцах компанийг нь “Арилжааны төлбөр тооцоо” гэж нэрлэжээ. Энэ компани одоогоор зөвхөн арилжааны төлбөр л хийж буй. Үйлчлүүлэгч МХБ-ээс хувьцаа худалдаж авахын тулд мөнгөө дансанд 100 хувь байршуулдаг. Иймээс эрсдэл гаргадаггүй. Энэ компани “дараа төлбөрт үйлчилгээ” үзүүлж, үүсэх эрсдэлийг хаах дэнчин, барьцаа авч, тооцоолол хийдэг болбол клиринг хаус болох юм.

Тус компани клиринг хаус болохын тулд дүрэм, журмаа өөрчлөх шаардлагатай аж. Ирэх долдугаар сараас T+1 буюу арилжаа хийснээс нэг хоногийн дараа төлбөр хийх туршилтын арилжаа эхлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Амгаланбаатар “Үнэт цаасны зах зээлийг Монголд хөгжүүлэхийн тулд дундын зуучлалын буюу клирингийн байгууллагыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үйл ажиллагаагаа клирингийн үйлчилгээ рүү чиглүүлэхээр эрх зүйн бичиг баримт боловсруулж байна. Манайх клиринг хаус буюу дундын зуучлалын байгууллага болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжил өндөр түвшинд хүрч, дэлхийн жишигт нийцнэ” гэлээ.

Монголын хөрөнгийн биржийнхэн ч “Арилжааны төлбөр тооцоо” компанийг клиринг хаус болгохын дэмжиж байгаа. Тус биржийн Стратеги, төлөвлөлтийн албаны захирал Б.Мөнхжаргал “Монголын хөрөнгийн бирж цөөн бүтээгдэхүүнтэй. Хувьцаа, бонд гэсэн хоёр бүтээгдээхүүн л арилжиж байна. Шинэ бүтээгдэхүүн нэмэх буюу санхүүгийн үүсмэл хэрэгслүүд худалдаалахад тооцооны төв шаардлагатай. Тооцооны төв хөрөнгийн зах зээлийг дараагийн хөгжилд хүргэх гол гүүр юм. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл арилжиж байж, хөрөнгийн зах зээл бусадтай хөл нийлүүлж алхана” гэж ярив.

Хөрөнгийн зах зээл хөгжихөд клиринг хаус зайлшгүй шаардлагатайг ийнхүү олон хүн сануулж байна. Клиринг хаустай болсноор хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжрах нь, санхүүгийн үүсмэл хэрэгслүүд арилжих боломж бүрдэх нь. Улмаар Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн жишигт нийцэх аж. Тэр цаг хэзээ вэ? “Арилжааны төлбөр тооцоо” компанийг клиринг хаусын үйлчилгээг сонгодог зарчмаар нь хүргэж эхлэх хугацааг М.Амгаланбаатар хэлж мэдэхгүй байлаа. Тэгвэл Б.Мөнхжаргал хоёр жилээс наашгүй гэсэн таамаг дэвшүүлсэн.

Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж арилжааны төлбөр тооцоогоо өөрсдөө хийхээр болсныг дээр дурдсан. Үнэт цаасны биржийнхэн төлбөр тооцоогоо клиринг хаусын зарчмаар хийх аж. Тэднийх Т+3 буюу арилжаа хийснээс хойш гурван хоногийн дараа төлбөр тооцоо хийх зарчмыг баримтлахаар болжээ. Төлбөрийн эрсдэлийг хаах аргачлалаа ч сонгочихож. Хувьцаа худалдсан хүнд өдөрт нь төлбөрийг шилжүүлэх гэнэ. Ингэхдээ тооцооны гишүүн гэсэн субъект ашиглах юм байна. Мэдээж харилцагч тодорхой хэмжээний дэнчин тавиад арилжаа хийнэ. Түүний өмнөөс тооцооны гишүүн хувьцаагаа худалдсан хүнд өдөрт нь төлбөрийг нь шилжүүлэх юм байна. Гурав хоногийн дараа хувьцаа авсан этгээд тооцооны гишүүнд мөнгийг нь өгөх ёстой. Хэрэв авсан хүн төлбөрөө хийхгүй бол үнэт цаасны биржийнхэн хувьцааг нь зараад орлогыг нь тооцооны гишүүнд шилжүүлэх аж. Хэрэв гурав хоногт хувьцааны ханш унавал дэнчингийн мөнгөнөөс алдагдлыг нөхнө. Тус компанийн Бизнес хөгжлийн албаны захирал Ж.Өнөрбаяр “Тооцооны гишүүн гэсэн шинэ субъект оруулж ирснээр эрсдэлийг брокерт үүрүүлэхээс зайлсхийж байгаа юм. Энэ аргачлалаар тооцооны гишүүн хөрвөх чадварыг сайжруулах гол хэрэгсэл байх юм” гэв. Тооцооны гишүүн нь банк, банк бус санхүүгийн байгууллага, брокер ч байх боломжтой аж. Төлбөрийг найдвартай төлөх нөхцөлийг хадгалахын тулд тооцооны гишүүдээс барьцаа хөрөнгө татаж, сан бүрдүүлэх гэнэ.

Төлбөр тооцооны программ дор хаяж гурван тэрбум төгрөгийн үнэтэй. Хөдөө аж ахуй, Монголын үнэт цаасны бирж, “Арилжааны төлбөр тооцоо” компани тус бүр төлбөр тооцооны программ худалдаж авах бололтой. Магадгүй Эрдэс баялгийн бирж ч төлбөр тооцоогоо шинэ программ авч, өөрсдөө хийж магадгүй. Хөрөнгийн зах зээлийн арилжааны төлбөр тооцооны дөрвөн өөр хувилбар Монголд ажиллах нь. “Нэгдсэн төлбөр тооцооны байгууллагатай болох хэрэгтэй” гэсэн байр суурьтай хүмүүс бий. Тэгвэл Б.Буянхишиг “Дөрвөн хувилбараа зэрэг туршаад Монголд хамгийн тохиромжтой нэгийг сонгосон нь дээр” гэж хувийн байр сууриа илэрхийлсэн юм. Ямартай ч клиринг хаус байгуулахаар замдаа гарцгаасан нь сайн хэрэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(182.160.38.74) 2016 оны 05 сарын 17

гарчиг мэдээлэлээ зөв бичээч.

0  |  0
Top