Н.Ариунболд: АСЕМ-ын салбар хуралдаан хүнсний аюулгүй байдлын чиглэлээр өрнөнө

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 27

Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

- АСЕМ-ын хүрээнд салбар хуралдаан болно. Түүний гурав дахь нь буюу Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт удахгүй болох  гэж байна. Уг уулзалтын талаар ярихгүй юу?

- 2014 онд Милан хотод болсон АСЕМ-ын 10 дугаар Дээд түвшний уулзалтын Даргын мэдэгдлийн хавсралтад тусгагдсаны дагуу АСЕМ-ын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон. Үүний дагуу уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. Манай улсад анх удаа болох энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Европын холбооноос оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа.

- Уулзалтаар хэлэлцэх гол асуудал юу байх вэ?

- Энэхүү уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэнэ. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарах юм.

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн дагуу явагдах болно.  Тухайлбал, Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа,  тээвэр ложистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга замын чиглэлээр ярилцана.

Хөдөө аж ахуйн салбарын тухайд органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага,

генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага,

мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлыг хэлэлцэх учиртай.

Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудлууд зэрэг илтгэлүүд тавигдах юм.

 

-               Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн улс орнуудын хувьд ямар ач холбогдолтой вэ?

 

-               Уулзалтын зорилго нь Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох явдал. “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчидөөр батлуулан 11 дэх “АСЕМ-ын дээд түвшний уулзалт”-д хүргүүлэх юм.

Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулан тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх ёстой.

- Энэ уулзалт манай улсад зохион байгуулагдсанаар дотоодын хүнсний аюулгүй байдалд ямар ахиц дэвшил гарах вэ?

- Энэхүү дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаараа мөн АСЕМ-ын үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцож байгаа нь манай улсын олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой. Мэдээж олон эерэг үр дүн хүлээж байгаа. Гарсан үр дүнгийн талаар уулзалтын дараа ярих нь зүйтэй болов уу.

 

- ХХААЯ-ны хувьд өнгөрсөн хаврын тариалалтыг цаг тухайд нь эхлүүлэхгүй байна гэх хэл ам гарсан. Одоо уг асуудлууд жигдэрсэн үү?

- Тариалалт хэвийн явагдаж байгаа. Энэ жилийн тухайд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,  16.3  мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган  га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.

Өнгөрсөн 2015 онд тохиолдсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гангийн улмаас ургац алдаж  тариалан бүхий аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд хүнд байдалд орсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс хамаарч энэ хаврын тариалалтдаа хүрэлцэхүйц хэмжээний үр нөөцөлж чадаагүйгээс болж байдал хүндхэн байсан.

Тиймээс хаврын тариалалтын ажлыг хэвийн явуулах зорилгоор юуны өмнө  тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлүүлэх шийдвэрийг гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулсан.

 

Мөн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг  боловсруулж  “2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх”  төсөл, хөтөлбөрийн жагсаалтад оруулж УИХ-ын 108 дугаар тогтоолоор батлуулсан.

“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр боловсруулж түүнд  шаардагдах 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр Засгийн газрын 42 дугаар тогтоолоор шийдвэрлүүлсэн гээд ярих юм бол яамны зүгээс бодлогын хэмжээний олон асуудлыг шийдвэрлэж байгаа.  

-Тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгоно гэж байсан. Одоогийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж зээлд хамрагдаад байгаа вэ?

- УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор  эхний ээлжинд 2 жилийн хугацаатай,  жилийн 12.5 хувийн хүүтэй  25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлсэн. Үүнийгээ ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 20.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гараад байгаа.

Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн  шатахуун, 288 аж ахуйн нэгж, иргэнд  233.3 тонн ургамал хамгааллын бодис, 378 аж ахуйн нэгж иргэнд 7.8 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна. Энэ бүх дэмжлэгийн үр дүнд урьдчилсан байдлаар 362.4 мянган га-д үр тариа, үүнээс 340.7 мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 6.2 мянган га-д хүнсний ногоо, 13.5 мянган га-д малын тэжээлийн таримал,  50.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 445.0 мянган га-д тариалалт хийгээд байгаа бөгөөд үр тарианы тариалалт 112.2 хувьтай, төмс, хүсний ногооны тариалалт 92.3 хувьтай байна.

- Өвөлжилт нийт нутгаар хүндхэн болж өнгөрлөө. Хаврын төл бойжилт хэдэн хувьтай байгаа вэ?

- Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах нь эрсдэлийг бууруулах үндсэн нөхцөл болдог. Өнгөрсөн өвөл, хаврын хүндрэлийг даван туулахад малчид, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт, санхүүгийн болон эд материалын дэмжлэг, тусламжийн зөв хуваарилалт, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй дамжуулж, хүргэж ажилласны үр дүнд том малын зүй бусын хорогдол оны эхний нийт малын 1.9 хувь буюу 1.1 сая мал хорогдож хэвийн хэмжээнд өнгөрлөө.

Мал төллөлт одоогийн байдлаар нийт 23.8 сая хээлтэгчийн 80.2 хувь буюу 19.1 сая мал төллөж 18.7 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 400.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс: 54.9 мянган ботго, 555.8 мянган унага, 927.6 мянган тугал, 9.3 сая хурга, 7.8 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.9 хувьтай байна.

 

- Өнөө жил зуншлага ямархуу байх төлөвтэй байгаа вэ?

- Ихэнх нутгаар хур бороо элбэгтэй, зуншлага сайхан байгаа. Тариалалтын тухайд Энэ жилийн хувьд тарилтын өмнөх хөрсний угтвар чийг хангалттай сайн байсан. Тавдугаар сард тариалангийн /Хэнтий, Дорнодын хойт хэсгээс бусад/ бүс нутгуудаар олон жилийн дунджын орчим хур тунадас орсон нь  тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн.

Харин тавдугаар сарын 22-ноос энэ сарын 8-ныг хүртэл тур тунадас багатай, халуун байсан тул сэтгэл эмзэглэж л байлаа. Тиймээс зургаадугаар сарын 05-наас эхлэн борооны үүлний шилжилт хөдөлгөөн, үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицүүдийн бэлэн байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газартай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг амжилттай зохион байгуулсан.  Өнөөдрийн байдлаар үр тарианы таримлын соёололт жигдэрч зарим бүс нутгуудад бутлалт эхлэх төлөвтэй, өсөлт хөгжилт нь хэвийн явагдаж байна. Цаашдаа энэ сарын 20-22, улмаар долдугаар сарын эхээр  хур тунадас орох төлөвтэй байгаа. Тиймээс энэ жил бид дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 400 мянган тонн улаанбуудай, 164 мянган тонн төмс хураан авах боломж бүрдэж байна гэж үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (182.160.33.191) 2016 оны 06 сарын 16

ИЙМ НЭГ СҮҮТЭГНЭСЭН НӨХӨД ТӨРИйг үймүүлж байна даа. Энэ төрийн хүн гэнээ

0  |  0
Top