Валютын нөөц бүрдэлтийн гол эх үүсвэр болох алт худалдан авалтын хэмжээ нэмэгдсээр байна. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ он гарсаар тавдугаар сарын байдлаар 3.3 орчим тоннд хүрч өмнөх оны эхэн үетэй харьцуулахад 61 хувиар өсөөд байна. Өнгөрсөн онд Монголбанк дотоодын аж ахуйн нэгж болон иргэдээс 15.1 тонн алт худалдан авсан нь 2010 онтой харьцуулахад 7 дахин нэмэгджээ. Одоогоор алтны салбар экспортын орлогын 9.1 хувь, үндэсний валютын нөөцийн 40 хувийг бүрдүүлж байна. Алтны ханшийн өсөлт дэлхийд тэргүүлж байх үед буюу 2007 онд Монгол Улсын алт олборлолт жилийн 17.5 тоннд хүрч байсан. Үүнээс хойш буурсаар 2011 онд 5.7 тонн болсон бол 2012 оноос алт олборлолт эргэн сэргэж, 2015 оны жилийн эцсийн дүнгээр 14.6 тонн болжээ. Харин 2006 оноос хойш авч байсан алтны 68 хувийн татварыг 2012 онд чөлөөлснөөр алтны үйлдвэрлэл сэргэж улмаар Монголбанкинд тушааж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын алт тушаалтын хэмжээ нэмэгдэх болсон байна. Монголбанк энэ онд 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байгаа юм. Үүнээс харахад энэ жилийн алт тушаалтын дүн 10 жилийн өмнөх үеийг давах магадлал өндөр байгааг "Засгийн газрын мэдээ" сонин онцолжээ. Уул уурхайн бусад гол түүхий эдийн үнэ эрчимтэй буурч байгаа энэ үед Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргаснаар ам.долларын ханш унаж урвуу хамааралтайгаар алтны ханш сэргэжээ. Одоогоор алтны ханш 2014 оноос хойших дээд цэгтээ хэлбэлзэж байна. Ханш өсөхийн хэрээр алтны үйлдвэрлэл нэмэгдэж, алт тушаалт нэмэгджээ. Харин “Оюу Толгой”-ийн орд газар дахь алтны агууламж багасч байгаатай холбоотойгоор олборлолт, экспорт буурах төлөвтэй байна. Үнийн хувьд ирэх жилүүдэд алтны үнэ нэмэгдэх төлөвтэй байгаа гэж олон улсын банк санхүүгийн байгууллагууд урьдчилан тооцож байгаа юм. “Bloomberg intelligence”-ийн судалгаагаар дунд хугацаанд алтны ханш 1314 ам.долларт хүрэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )