Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд ”Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 25

Монгол Улс, ОХУ, БНХАУ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталлаа. 2015 онд Уфа хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр байгуулсан санамж бичгийн дагуу уг хөтөлбөрийг Ташкент хотноо байгуулж, гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд талууд ижил төстэй зорилго бүхий Монголын "Талын зам" санаачилга, ОХУ-ын "Евразийн эдийн засгийн холбоо", БНХАУ-ын "Торгоны замын эдийн засгийн бүс" байгуулах асуудлыг идэвхийлэн судалж, анхаарлаа хандуулж ирсэн юм. Харин  Узбекистан улсын Ташкент хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар санаачилга, холбоо, бүс байгуулах бүтээн байгуулалтыг харилцан уялдуулах “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг байгуулснаар, энэ чиглэлд маш эрчимтэй хамтран ажиллахаар болж байна. Дэд бүтцийг барьж байгуулах, хил гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг олон чиглэлд 30 гаруй төслийг хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийг талууд эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримталж байгуулсныг онцолж байлаа. Тухайлбал “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн гол зорилт болох бүтээн байгуулалтын үйл явцыг уялдуулах үүднээс гаалийн хяналтын орчин үеийн арга хэлбэрийг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч, баримт бичгийг үзэглэсэн юм. Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гурван улсын холбогдох байгууллагууд хооронд байгуулсан уг баримт бичгийн хүрээнд талуудын хооронд нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналтын үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс цахимаар мэдээлэл солилцох хэлбэрээр гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлж байсан гурван талт уулзалтын уг механизм богино хугацаанд гурван улсын хамтын ажиллагааны маш чухал хэрэгсэл болж өргөжсөнийг Ташкент хотноо болсон энэ удаагийн уулзалт батлан харууллаа. Санал солилцох, санаачилга дэвшүүлэх байдлаар эхэлж байсан энэхүү уулзалт гурван жилийн дараа дээд түвшинд баримт бичиг үзэглэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүртэл өргөжсөн нь үүний илэрхийлэл гэдгийг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Үүнтэй ижил төстэй санал санаачилга, уулзалтын механизм дээд түвшинд хүртлээ өргөжихөд багагүй хугацаа шаарддаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top