УУХҮЯ: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 09

Уул уурхайн салбарын шинэ бодлогын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулж нээлттэй болгоно гэж Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ц.Дашдорж “DISCOVER MONGOLIA 2016” чуулганы үеэр мэдээллээ. Мөн уул уурхайн хаалтын менежментийн эрх зүйн орчинг сайжруулж, шинээр Уурхайн хаалтын тухай хуулийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулсан гэдгээ илэрхийллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тооцож байгаагаар Монгол Улсын хэмжээнд орхигдсон уурхайнуудад хаалт хийхэд 80-100 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ажээ. Хоёр өдөр үргэлжлэх уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн “DISCOVER MONGOLIA 2016” чуулганы үеэр уул уурхайн салбарт бизнес эрхлэгчид улс төрийн тогтвортой шийдвэрийг хөрөнгө оруулагчид шаардаж байгааг онцолж байлаа. “Оюу Толгой”, “Энержи Ресурс” тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчид гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хөндөн хэлэлцлээ.

Ялангуяа “Оюу Толгой”-ийн нийт зардлын 25-30 хувийг бүрдүүлж байгаа эрчим хүч импортын хамааралтай байгааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд “Таван Толгой”-ийн цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулбал жил бүр гадагш чиглэдэг “Оюу Толгой”-ийн 200-300 сая ам.долларын зарцуулалт дотоодод шингэх нөхцөл бүрдэх юм. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын ангилалтай болгох хэрэгцээ шаардлага байгааг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу онцоллоо. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд стратегийн шинэчлэл хийхийн зэрэгцээ олон улсын зах зээлээс бонд гаргахаар судалж ажиллаж байна. “Moody’s” агентлагтай зээлжих зэрэглэл тогтоолгохоор хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгөв.

Мөн чуулганы эхний өдрийн хуралдаанаар хөндсөн бас нэгэн чухал сэдэв бол нүүрсний экспортлогчдын дунд өрнөж байгаа үнийн өрсөлдөөн байлаа. БНХАУ коксжих нүүрсний хэрэглээний 90 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн 10 хувийг Австрали болон Монголоос импортолдог. Коксжих нүүрс экспортлогч зарим компаниуд гол хэрэглэгч БНХАУ-д нийлүүлэх үнээ хямдруулж биет хэмжээгээ нэмэгдүүлж, өрсөлдөж байгаа нь коксжих нүүрсний оны эхэн үеийн өсөлтөөс хүртэх өгөөжийг бууруулсан гэж “Энержи Ресурс” компанийн захирал онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top