Энэ оны эхний найман сард уул уурхай, олборлох үйлдвэрлэл 10.6 хувиар өссөн ч боловсруулах үйлдвэрийн гарц 10.6 хувиар буурлаа. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын нийт гарц жилийн өмнөхөөс 6.1 хувиар өсч, 5.9 их наяд төгрөг болсон байна. Уул уурхай, олборлох үйлдвэрлэл 71.5 хувийг буюу 4.7 тэрбум төгрөг бүрдүүлжээ. Харин боловсруулах аж үйлдвэр 20.2 хувь буюу 1.3 тэрбум ам.доллар болсон үзүүлэлттэй байна. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор тавдугаар сарын нэгнээс эхлэн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмээд байгаа бөгөөд тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татварыг гурав дахин, тавилгын татварыг дөрөв дахин нэмсэн байна.
2016 оны эхний найман сард сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсч, 39.9 тэрбум төгрөг болжээ. Дотоодын зах зээлийнхээ 30 хувийг хангаж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дөрвөн жилийн дараа импортын зах зээлийг хумих боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна ундааны үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 7.2 хувиар өсч, 395 тэрбум төгрөг болжээ. Сонирхуулахад, энэхүү салбарт тэргүүлэгчдийн нэг “Витафит” компани өнгөрсөн тавдугаар сараас бүтээгдэхүүнээ Японд экспортолж байгаа юм.
Харин тавилгын үйлдвэрлэл болон бусад жижиг үйлдвэрлэгчдийн гарц 36.3 хувиар буурсан байна. Тавилгын импортын татварыг дөрөв дахин нэмснээр дотоодын зах зээлийнхээ дөнгөж 10 хувийг хангаж байгаа тавилга үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байжээ. Түүнчлэн нэхмэлийн үйлдвэрлэл 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутлын үйлдвэрлэл 34 хувиар буурч, 7.5 тэрбум төгрөг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )