Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн сайд Г.Мөнхбаяр өчигдөр “Туушин” зочид буудалд салбарынхантайгаа уулзаж, ипотекийн зээл болон тулгамдсан бусад асуудлуудынхаа талаар хэлэлцлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт цаашид баримталж ажиллах бодлого, чиглэлийн талаар салбарынхантайгаа уулзаж ярилцлаа. Энэ асуудлаар товч мэдээлэл өгвөл?
-Хоёр зүйлийг голчлон ярьж байна. Нэгдүгээрт, технологи. Улаанбаатарт болон хөдөө орон нутагт баригдаж байгаа барилгын ажилд аюулгүй байдал, түүний дотор галын аюулгүй байдлын асуудал дутмаг байдаг. Баригдаж байгаа барилга, баригдсаны дараахь барилга галд шатах асуудал багагүй байна. Тэгэхээр энэ хүндрэлээс гарахын тулд байгалийн чулууг боловсруулж, хөвөн гаргах үйлдвэр бий болгоно. Байгалийн чулуунаас гаргаж авсан хөвөн бол галд маш тэсвэртэй байдаг юм. Одоо ашиглаж байгаа дулаалгын материал бол хөөсөнцөр. Химийн элемент учраас галд шатах нь амархан байдаг. Хоёрдугаарт, зураг төслийн хүрээнд инженерийн шинэчлэл хийлгүй олон жил болсон байна. Тэр нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шууд хамааралтай. Тиймээс хотын дарга байхдаа хийж байсан хонгилын системийг үргэлжлүүлэн хийнэ. Өөрөөр хэлбэл, газар доорхи хот буюу гол таван шугамыг хүн босоогоороо явах байдлаар тавина. Энэ нь шугам хоолой солиход зам эвдэхгүй байх давуу талтай. Мөн газар хөдлөлтийн үед хоргодох байдлаар ашигладаг болох юм.
-Ипотекийн найман хувийн зээл үргэлжлэх эсэхэд олон хүн чих тавьж байна?
-Засгийн газар найман хувийн орон сууцны зээлийг цаашид үргэлжлүүлнэ. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Удахгүй ямар хэлбэрээр олгох нь тодорхой болно. Түүнээс гадна найман хувийн зээл төлөлтөд өөрчлөлт оруулж сард төлөх мөнгөний хэмжээг багасгах тал дээр ажиллаж байна.
-Урьдчилгаа төлбөрийг бууруулах боломж бий юу?
-Бууруулах санал оруулна. Их хугацаа шаардах асуудал биш. Эх үүсвэртэй л холбоотой. Зээлийн эх үүсвэрээ олж чадвал урьдчилгаа төлбөрийн хэмжээг одоо байгаагаас бага зэрэг бууруулах боломж байгаа.
-ТОСК-ийг татан буулгах тухай яриа гарсан байсан. Танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Татан буулгахаасаа илүү түрээсийн орон сууцны хэлбэрийг дэмжиж ажиллана. Жишээлбэл, хөдөө орон нутагт байгаа түрээсийн орон сууцыг тухайн аймагт нь өгье гэж байгаа. Аймгийн удирдлага нь ямар хүнийг түрээсийн орон сууцанд оруулах, зээлийг нь хариуцах болон засвар үйлчилгээг нь хариуцаж ажиллаг. Харин Улаанбаатар хотод түрээсийн орон сууцыг шинээр барина гэхээсээ илүү баригдсан барилгуудын ашиглалтыг илүүтэй анхаарч ажиллана.
-Түрээсийн орон сууцны зарим хэсгийг өмчлөх тухай та ярьсан. Үүнийг хэрэгжүүлэх үү?
-Түрээсийн орон сууцанд орсон хүн өөрийн гэсэн орон сууцтай болох чадамжтай болох хүртэл байлгах боломжийг бүрдүүлнэ. Мөн зарим хэсгийг нь өмчлөх чиглэлээр ажиллана.
-Талбайн хэмжээг нь нэмэгдүүлэх асуудал байгаа юу?
-Ипотекийн зээлийн орон сууцны талбайн хэмжээ хамгийн ихдээ 80м2 байгаа. Үүнийг арай бага гэж дүгнэсэн. Тиймээс энэ хэмжээг нэмэгдүүлж 80-100м2 болгож болох эсэхээр судалгаа хийж байна.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
Сэтгэгдэл ( 1 )
Зөв шийдвэр байна. Амжилт