Монголд технологийн салбар үүсч хөгжөөд удаагүй ч өнөөдөр энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхах цаг иржээ. Интернет кафед суурин компьютер дээр суугаад, сошиал ертөнцөөр аялж байх тухайн цаг үед хэн ч гар утаснаасаа бүгдийг удирддаг болно гэдгийг тэр бүр мэдрээгүй байсан биз. Гэтэл өнөөдөр Монгол залуучууд Монголын хамгийн том вэб сайтыг хийж, түүнийгээ өргөжүүлсээр дэлхийн зах зээлд гаргах том зорилго тавин ажиллаж байна. Ингээд Монголын хамгийн олон вэб сайтыг хийсэн “Том Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижиртэй ярилцаж, түүний амжилттай бизнесийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.
- Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа манай уншигчдад танилцуулахгүй юу?
- 2007 оноос Amjilt.com сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлж байлаа. “Том-Амжилт” ХХК болсон нь 2010 он. Ирэх жил манай сайтын 10 жилийн ой тохиох гэж байна. Манай компанийн өргөжин дэвших явц удаан хугацаанд шат дараалалтайгаар бий болсон. Эхлээд Amjilt.com сайт, дараа нь бид өөрсдөө вэб сайт хийж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин дараа нь хост, домэйн нэр олгодог болсон. Үүнийхээ хажуугар мобайл аппликейншн хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна даа.
- Арван жилийн ойгоо угтаж ямар шинэлэг ажлууд хийж байна вэ?
- Бид “Amjilt.com“сайтаа есөн жилийн туршид хөгжүүлж ирлээ. Анх варез сайт байсан. Харин одоо Монголд байхгүй хамгийн олон үйлдэлтэй, хамгийн шилдэг технологийг ашигласан сошиал контент удирдлагын системтэй, тооцоолол функц шаардсан сайт болж чадсан. Энэ нь зөвхөн фэйсбүүк шиг сошиал үйлдлүүд хийдэг байхын тулд сүүлийн үеийн маш өндөр технологи дээр тулгуурлаж, олон жилийн хөдөлмөрөөр боссон. Бид сайтууд руу орж мэдээ унших, зураг үзэх, видео тоглуулах, сэтгэгдэл бичих гээд л хэдхэн үйлдлийн дунд олон жил амьдралаа. Гэтэл технологийн салбар чинь өөрөө маш өргөн уудам, сонирхолтой ертөнц шүү дээ. Тиймээс ч манай сайт сошиал контент удирдлагын системтэй болоод байна. Энэ нь фэйсбүүк шиг сошиал нетворк болон хөгжиж байна гэсэн үг.
Фэйсбүүкээс давуу тал нь “хэрэглэгч өөрийн оюуны бүтээлээ сайтад байршуулж, бусдад зарах эрхтэй болж байгаа юм”. Өнөөдрийн байдлаар бид зөвхөн суурин компьютер дээр ашиглаж болох байдлаар гаргаад байна. Удахгүй бүх төрлийн гар утсан дээр ашиглаж болох байдлаар гаргана. Бидний энэ бүтээл Монголд анхны том ажил болж байгаад баяртай байна. Бусад улс орнуудад энэ төрлийн дотоод сүлжээг өргөн ашигладгийг залуучууд сайн мэдэх биз. Amjilt.com сайтаа тасралтгүй хөгжүүлж өөрсдийн гэсэн контентоо бэлдэж, хүнээ сайн сургаж, ажлаа сайн хийснээр бид дэлхийн зах зээлд гарч чадна. Магадгүй хэдэн жилийн дараа Amjilt.com сайт IPO гаргаад зарахад дэлхий даяар Монголчууд гэж шуугих байх л даа. Энэ амжилтад хүрэхийн тулд бид хичээж ажиллаж байна.
Нийгмийн даатгалын төлөө амьдарна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан
- Та өөрөө технологийн салбарын хүн үү. Яагаад энэ салбартай холбогдох болов?
- Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Багаасаа тоо бодох сонирхолтой, тоондоо их сайн хүүхэд байлаа. Математикийн багш мэргэжилтэй. Магадгүй би технологийн салбар руу орсон нь тоо бодох дуртай байсантай холбоотой байх. Учир нь технологийн салбар яг математик шиг хязгааргүй.
-Математикийн багшаас вэбийн компани байгуулах хүртэл ямар замыг туулсан бэ?
- Надад насаараа нэг тоогоо зааж, багшийн ажлаа хийж явах нь жаахан тиймхэн санагдсан. Багшаа хийгээд явахаар ирээдүйд би тийм мундаг болно гэсэн итгэл үнэмшил харагдахгүй байсан. Тиймээс оюутан байхдаа интернет кафед сууж, вэб сайт хийх талаар судалж сурсан. Хүүхдүүдэд давтлага өгч, хичээл заасан мөнгөөрөө интернет кафед сууж вэб сайт хийж сурах гэж мөн ч их оролдсон доо. Манай үеийн залуучууд бүгд л тийм байх. Тухайн үед арван жилд компьютерын хичээл ороход нэг компьютер дээр 3-5 таван хүүхэд суугаад асааж, унтраах зэрэг энгийн зүйлийг заалгадаг байсан. Тэр мэдлэгээрээ эхэлж хичээсээр байгаад вэб сайт хийж сурсан.
Төгсөөд багшийнхаа ажлын хажуугаар хэдэн найзуудтайгаа нийлж вэб сайт хийдэг компани байгуулаад хэдэн сар ямар ч ажил авахгүй явж үзсэн. Ядаж байхад бид тав дундаа 1 компьютертай. Түүн дээрээ ээлжилж суудаг. Зах зээлийн үнээрээ 2 саяын ажлыг бид хоёр зуун мянгаар авч хийдэг байлаа. Тэгээд түүнийгээ тав хувааж авахаар хаанаа ч хүрэхгүй бага мөнгө. Сүүлдээ ч найзууд минь зам замаа хөөж, би гэдэг хүн ганцаараа үлдсэн. Технологийн салбарын хөгжил хурдацтай тархаж байсан учраас намайг жаахан аз гийсэн байх. Нэг жил ганцаараа ажиллахад захиалгаа дийлэхээ больсон. Өөрөөсөө гадна нэг ажилтан авч сүүлдээ хоёр болж өргөжсөөр байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн дээ.
- Зах зээл нь хумигдмал тийм үед та яагаад шантраагүй вэ. Багшаа хийх бодол төрөөгүй юу?
- Бүх хүн "буцаад багшаа хий. Бүтэхгүй дэмий юм хийлээ" гэж зөвлөж байсан. Аав, ээж маань хүртэл буцаад ажилдаа ор. Нийгмийн даатгал төлөөд тэтгэвэр авах амьдралын баталгаатай ажил хэмээн зөвлөж байлаа. Гэхдээ би сарын хоёр зуун тавин мянган төгрөгийн цалинтай ажлыг насаараа хийж, нийгмийн даатгалын төлөө амьдарна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан. Тийм ч учраас өөрийнхөө үзэл бодолд өөрөө л үнэнч үлдэж чадсан даа. Автобусны ч мөнгөгүй алхаж явсан хоёр жил дууссаны дараа би өнөөдрийн “Том-Амжилт” ХХК-ийг байгуулж 40 залуутай гар нийлэн ажиллаж байна.
Хүүхэлдэйн кинонд “од” гэж байдаггүй
- Манай улсад Монголын гэх тодотголтой анимэйшн хүүхэлдэйн кино байдаггүй. Харин танай хамт олон анхны 3d анимэйшн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа гэж сонссон. Хүүхдүүдийн үзэх кино бэлэн болсон уу?
-Манай график студийн залуучууд бүтэн хоёр жилийн туршид “МОРА” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног үзэгчдэд зориулж хийж дуусгалаа. Энэ кино маань 1 цаг 30 минутын туршид үйл явдал нь өрнөх болно. Миний багын мөрөөдөл хүүхэлдэйн кино хийх байсан. Харин өнөөдөр надад мөнгө, боловсон хүчин хоёр нь байна. Тэгээд л мөрөөдлөө биелүүлсэн хэрэг.
- Хүүхэлдэйн кино хийхэд мэдлэг мэргэжлээс гадна хөрөнгө санхүү их чухал. Нууц биш бол хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулав. Дэмжлэг туслалцаа авч чадсан уу?
- Ивээн тэтгэгч олох гэж ажил болгож яваагүй. Ганц, нэг хүнд хэлж үзсэн. Гэхдээ анхных учраас хэн “май гээд” мөнгөө гаргаад өгөх вэ дээ. "Хийчих харъя" гэж байсан. Бид энэ кинондоо хоёр зуун сая төгрөг зарцуулсан. Энийг би тийм их мөнгө гэж бодохгүй байна. Учир нь бидэнд орлого байна, боловсон хүчин ч бас байна. Гаднаас өндөр цалин амлаж графикч авчааргүй учраас залуучуудтайгаа нийлээд зардал багатайгаар киногоо дуусгалаа.
- Шинэ технологи, мэдлэг мэргэжлийн хувьд танай баг хамт олон хийж чадлаа. Ашгаа хэр зэрэг өгөх бол?
- Хүүхэлдэйн кино өөрөө дэлхийн зах зээл дээр бол асар их ашиг олдог. Харин Монголд ямар байхыг нь би сайн мэдэхгүй л дээ. Анхны хүүхэлдэйн кино учраас хэр их ашиг олдог, хүмүүс яаж хүлээж авдаг талаар очоод асууя гэсэн ч асуух хүн алга. Ямар ч байсан анхны хүүхэлдэйн киног хийх нь зөв байсан. Бид бүтэн хоёр жилийн хугацаанд киногоо чадлаараа хийлээ. Маркетингаа одоо л эхлүүлэх гэж байна. “Мора” хүүхэлдэйн кино маань мэдээж зөвхөн Монголд гарахгүй. Урд, хойд гэсэн хоёр хөрш улс руу киногоо гаргана. Эхний удаад Монгол залуучууд хийлээ, чадлаа гэдгийг харуулах нь гол болохоос биш ашиг олох нь зорилго биш байна. Хүмүүсийн хэлдгээр “Шатах ёстой бол, шатъя” гэдэг нь болж байна даа.
Нэг зүйл хэлэхэд хүүхэлдэйн кинонд “од” гэж байдаггүй учраас дэлхийн зах зээлд амжилт олох боломжтой. Шрек эсвэл Кунг Фу панда өөр кинонд тоглоод явахгүй байгаа биз дээ. Тэр зөвхөн тухайн киноныхоо баатар байж, цоо шинээр үзэгчдэд хүрсэн дүр юм. Тиймээс “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй 3-5 жилийн дараа бидний хийсэн кино дэлхийн зах зээл дээрээс тэрбум доллар олно гэдэгт 200 хувь итгэлтэй байгаа.
-Цаашид анимэйшн хүүхэлдэйн киногоо үргэлжлүүлэн хийх үү?
- Хүн бүр эрсдэл бодож суувал бид хэзээ ч дэлхийн зах зээл рүү гарч чадахгүй. Бид зүгээр л "Монголчууд хийж чаддаг шүү" гэдгийг бусад залуучууддаа харуулж, тэдэнд итгэл бэлэглэх гэсэн юм. Мэдээж эхний кино маань холливүүдэд очоод бут авахгүй л дээ. Гэхдээ анхны зүйлийг хийгээд үзлээ. Цаг хугацааг хэрхэн хэмнэхээ ойлголоо. Дараагийн кинонууд бол үүнээс илүү хурдан гарна.
Туршлагаас гадна техник их чухал байна. Бид эхлээд туршлагагүй байсан учраас киноныхоо 1 минутын бичлэгийг 1 сарын турш хөрвүүлсэн. Энэ бол асар удаан. Харин үүнийг хурдасгадаг өндөр хурдний төхөөрөмж байдаг юм байна. Тэрийг нь худалдаж авлаа. Энэ туршлагаараа бид дараагийн киног хийх залуучуудад зөвлөж чадахаар болж байгаа юм. График сонирхдог маш олон залуус найзуудаараа нийлээд студи байгуулдаг. Тэд биднээс туршлага солилцоосой гэж боддог. Бид нар хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Харин үүний тулд боловсон хүчнээ ихээр нэмж авах хэрэгтэй байна. Өнөөдөр манай компанид 40 залуу байна. Дараа жил 400 болбол бид илүү хурдан ажиллаж чадна.
- Бизнес хийнэ гэдэг амаргүй. Санхүүгээ хэрхэн босгож байна вэ?
- Бид хийж буй бүх ажлаасаа орлого олж ажилладаг. Мэдээж Amjilt.com сайт, вэб хийх үйлчилгээ, видео реклам хийх график студи, онлайн шоп, Амжилт академи гээд бүх зүйлээсээ орлого олдог. Манайд ашиггүй ажилладаг салбар, цалингүй ажилладаг ажилтан гэж байхгүй. Нийт ажилчид дунд 2 сая гаруй төгрөгийн цалин авдаг хүн байхад хоёр зуун мянган төгрөгийн цалинтай хүн ч байна. Гол нь би цалинг тогтоодоггүй. Хэр их хөдөлмөрлөнө тэр чинээгээрээ цалингаа авна гэдэг шударга зарчим үйлчилдэг.
Манай академид компьютер асааж, унтраадаг залуучууд ирээд вэб мастер болж төгсдөг
- Танай компанийн дэргэд “Амжилт академи” байдаг. Энэ академынхаа талаар танилцуулаач?
- “Том Амжилт” ХХК-ийн дэргэдэх Амжилт Академи юм. Манай академи график дизайн, вэб дизайн, 3D анимэйшн мультимедиа, 3D автокад зэргээр элсэлт авч, сургадаг. Манай сургалт гурван сарын туршид практикт тулгуурласан мэдлэгийг 900 мянган төгрөгөөр олгодог. Өнөөдрийн байдлаар манай сургалтын төвийг 200 гаруй залуус төгссөн байна. “Том-Амжилт” ХХК өөрөө 40 ажилтантай. Үүнээс бараг 20 гаруй нь манайхыг төгссөн залуучууд байдаг.
Мөн бусад төгсөгч нар маань хэд хэдээрээ нийлээд вэбийн компани байгуулаад явсан. Өнөөдөр манай вэб сайтын компани Монголд хамгийн олон вэб сайт хийсэн байдаг юм. Тэрийг удирдаж яваа залуу бол манай академийн төгсөгч. Академи төгсөөд манайд үлдэж, өөрийгөө хөгжүүлж чадснаар өнөөдөр захирал болоод явж байна. Би залуучуудаа өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байвал бүх талаар нь дэмжиж ажиллахыг боддог.
- Олон хүнийг нэг зүгт чиглүүлж, чадварлаг баг хамт олныг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Та ажлынхаа арга туршлагаас хуваалцахгүй юу?
- Би арван жилийн сурагч байхаасаа бусад ангийн болон ангийн хүүхдүүддээ тооны хичээл зааж, давтлага өгдөг байсан. Оюутан байхдаа ч мөн адил энэ ажлаа хийсээр л байсан юм. Тэгэхдээ би нэг зүйлийг ойлгож авсан нь хүнд онол ярьж, бүгдийг хүчээр зааж өгөхөөс илүү, сурах орчинг бүрдүүлж, практикаар сургаж, зөв чиглүүлж өгөх нь чухал юм. Хэдий удаан байх нь хамаагүй тухайн хүн өөрөө хичээж, өөрийнхөөрөө зөв сурдаг юм шиг санагддаг. Тиймээс ч манай академид компьютер асааж, унтраадаг залуучууд ирээд вэб мастер болж төгсдөг. Тэр хүнд өөрийгөө хөгжүүлэх хүсэл байвал дургүйцэхгүй зүйл хаанаас байх билээ дээ.
Манай залуучууд мөрөөдлөө маш томоор эхлүүлж газардахдаа босч чадахааргүй унадаг
- Танай компани өнөөдрийн хэмжээнд хүрэхэд зах зээлээ мэдэрсэн байдал нөлөөлсөн үү, эсвэл таны зорилго энэ байсан уу?
- Нэгдүгээрт, зах зээлийн эрэлтээ мэдэрч ажиллах. Хоёрдугаарт, миний хүсэл мөрөөдөл байсан учраас өнөөдрийн хэмжээнд ирсэн байх гэж боддог. Манай залуучууд мөрөөдлөө маш томоор эхлүүлж, газардахдаа эргэж босч чадахааргүй унадаг. Гэтэл зах зээл гэдэг чинь бидний мөрөөдсөнөөс илүү хатуу хууль үйлчилдэг газар. Анимэйшн хүүхэлдэйн кино хийнэ эсвэл фэйсбүүк, твиттер шиг маш том вэб хийнэ гэсэн том мөрөөдөл дээр нэгдэж, ажлаа эхлүүлээд, ухарч буцсан олон залуус бий. Манай залуучуудын хамгийн буруу бодол нь шууд л том үсрэлттэй зүйл хийх, маш хурдан хугацаанд баяжихыг хүсдэгт байгаа юм. Гэнэт нэг том вэб хийгээд л, сая доллартай болно гэсэн америк мөрөөдлөө хаях хэрэгтэй. Бид дэлхийн тэрбумтан, баячуудын түүхийг хангалттай уншдаг. Гэхдээ тэр хүн баяжихаасаа өмнө ямар урт замыг туулж, тэр өндөрлөгт хүрсэн талаар судалдаггүй. Алибаба IPO гаргаад тэрбумтан болсон талаар уншиж хорхойгоо хүргэж байхаар тэр хүн баяжих хүртлээ ямар удаан хугацаанд, ямар хүнд замыг туулж тууштай явсныг нь бодох хэрэгтэй.
-Технологийн салбар тийм их мөнгө олдог салбар уу, эсвэл та хуримтлал бий болгосноор компаниа өргөжүүлж чадсан уу?
- энэ салбарт мөнгө олох зарчим нь хоёр янз. Манай улсад хэрэглэгч цөөхөнтэй учраас мөнгө олох нь бага. Харин дэлхийн түвшинд бол асар том нээлттэй зах зээл. Тухайлбал, PIXAR нэг хүүхэлдэйн киноноосоо нэг тэрбум доллар олдог. Мөн дэлхийн түвшний асар том гигант сайтууд хэдэн зуун сая долларын ашгийг олж байдаг. Монголд бол энэ салбар харьцангуй шинэ зүйл л дээ. Харин ч манайхан шинэ зүйлд маш хурдан дасч, хэдхэн жилийн дотор бүх хүн интернет хэрэглэж, ихэнх байгууллагууд вэб сайттай болж байна.
Манайх Монголдоо хамгийн олон вэб сайт хийсэн компани гэж дээр дурдсан. Мөн гаднаас маш их захиалга авдаг. 2006-2007 онуудад интернет кафе ихээр дэлгэрч нийгэм тэр чигээрээ тийшээ хошуурч байсан. Харин өнөөдөр бид гар утсаараа дэлхий ертөнцтэй холбогдож байна. Энэ бол технологийн салбар асар хурдацтай хөгжиж буйн илрэл юм.
Ахиад хэдэн жил өнгөрсний дараа хүмүүсийн сэтгэхгүй эргэж өөрчлөгдөх болно
- IT-ийн салбар хэр ирээдүйтэй вэ?
- Намайг бага байхад “Бүх шинжлэх ухааны үндэс бол математик юм” гэж заадаг байсан. Харин өнөөдөр бүх зүйлийн үндэс IT болж байна. Бид өнөөдөр гар утасны сэрүүлгээрээ сэрж, утас компьютераар мэдээллээ авч, машин унаж, үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ бүгдэд ямар нэг байдлаар IT-ийн салбар оролцсон байдаг юм. Гараар хийх зүйлийг үйлдвэрийн аргаар хийхийг сэтгэж үйлдвэрт ажиллах хүмүүсийн оронд робот ажилладаг болсон эрин зуун руу бид аялаж байна шүү дээ.
- Энэ салбарт хөрөнгө оруулагчид хэр байдаг бол?
-Манай компанийн орлогын эх үүсвэр гаднаас орж ирдэг шиг. Одоохондоо Монголд энэ салбарын хөгжлийг яг ингэж харж буй мундаг том бизнес эрхлэгч алга байна. Аргагүй л дээ. Дээр хэлсэнчлэн энэ салбар өөрөө Монголд хөгжөөд 10 жил л болж байна. Ахиад хэдэн жил өнгөрсний дараа хүмүүсийн сэтгэхгүй эргэж өөрчлөгдөх болно.
- Монгол Улс Хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлд гарах боломж бий юу?
- IT болон медиа салбар бол манай улсын хөгжлийн гарц гэж хардаг. Энэ салбарт амжилт олох, энэ салбар руу ороход хүнд тийм их хөрөнгө хэрэггүй. Интернет компьютер хоёр байхад ер нь болно. Хүүхэлдэйн кино ч мөн адил өндөр үзүүлэлттэй компьютер байхад болдог. Түүнээс биш том үйлдвэр, тоног төхөөрөмж шаардахгүй.
Бид ноолууран бүтээгдэхүүн, гар урлалаа дэлхийн зах зээл рүү гаргаж байгаа ч гадны брэндийг өнөөдрийг хүртэл давж чадахгүй байна. Дээр нь энэ бүгдэд асар их маркетинг хэрэгтэй. Биет материалыг Монголд үйлдвэрлээд гадагшаа гаргахад гааль, тавар гээд өчнөөн их зардал гардаг. Харин гаднаас захиалга авч вэб сайт хийх эсвэл хүүхэлдэйн киног дэлхийн хэмжээнд нээхэд тээврийн зардал огт байхгүй. Жишээлбэл, Фэйсбүүкийг хэрэглэхэд бид нар гаалийн татвар төлөхгүй байгаа биз дээ.
Биет бус виртуал бизнес бол бага зардлаар их ашиг олж болох ертөнц. Залуучууд энэ чиглэлээр цаашид явах хүсэлтэй бол манай компанид хандаж, холбогдож болно. Би өөрийн мэдсэн зүйлээ бусдад зааж өгөхдөө дуртай байна. Манай сургалтад хамрагдаж график дизайн сураад бидэнтэй хамтарч хүүхэлдэйн кино хийх нь бүх хүнд нээлттэй.
Одоо бид зөвхөн энэ шугамаа бариад явахад амжилтад хүрнэ
- Та энэ чиглэлээрээ дагнан ажиллах уу, өөр бизнест хүч үзэх үү?
- Би өөр салбар руу орохгүй. Одоо хийж буй анимэйшн хүүхэлдэй, вэб сайт хоёртоо маш том амжилт гаргах хүртлээ ажиллах болно. Хүмүүс манайхыг харахдаа олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж хардаг. Гэхдээ эд нар чинь нэг нь нэгнээ дэмжиж байдаг учраас бүгд байж нэг компани шиг байдаг юм.
Одоо бид зөвхөн энэ шугамаа бариад явахад амжилтад хүрнэ. Учир нь манай улсад технологийн салбар хөгжиж байна, манай компани ч эхэлж байна. Энэ салбар аажмаар унаж буй бусад салбаруудаас огт өөр.
- Хүчтэй өрсөлдөгч гараад ирэх вий гэж айхгүй байна уу?
АНУ-ын Сан-Хосегийн "Силикон Хөндий"-д бүх IT-ийн компаниуд төвлөрч байдаг. Тэгснээрээ нэгдүгээрт, үйлчлүүлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь нэг зүйл хийлгэх гэж хот тойрох хэрэггүй. Бүх компанийн мэдээллийг нэг дороос сонсч сонголтоо хийдэг.
Хоёрдугаарт, тухайн компаниуд нэг дороо байснаараа мэдээллээ солилцож, шударга өрсөлдөөн үүсч чанаржиж байдаг. NOKIA компанийг Силикон хөндийд байгаагүйгээс болоод дампуурсан гэж ч ярьдаг. Харин манайд бол IT паркийн инкубатор төслийн хүрээнд шинэ компаниудыг бага түрээсээр хөл дээрээ бостол нь байлгаж байгаад явуулах учиртай. Гэтэл IT паркад өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байрлаж байна.
Тэднийгээ гаргаад IT компаниудаа бүгдийг нь байлгаж болно шүү дээ. Сүүлдээ энэ байгууламжийн тал нь кино театр болсон байх жишээний. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг IT компаниуд төвлөрч чадвал бидэнд маш том хөгжил ирнэ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )