Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас улаанбуудай авч, үйлдвэрлэлээ явуулж эхлээд байна. Одоогоор улсын хэмжээнд нийт гурилын үйлдвэрийн хүчин чадлын 30 хувийг нь ашиглаж байгаа аж. Засгийн газар, гурилын үйлдвэрүүд, тариаланчдын гурван талын тохиролцоон дээр үндэслэж үнийг тогтоодог. Харин “Гурил үйлдвэрлэгчид улаанбуудайн ханшийг хараахан эцэслэж тохироогүй, 11 дүгээр сард тохиролцоонд хүрч, эцсийн тооцоогоо хийнэ. Одоогоор урьдчилгаа төлбөрөө төлөх жишгээр явж байгаа” гэж “Од” группийн Ерөнхий захирал Ц.Отгонбаатар мэдээллээ. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайг тонн тутмыг нь 315-440 мянган төгрөгөөр худалдан авах саналыг ХХААХҮЯ-нд ирүүлээд байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хувьд сайн чанарын улаанбуудайг тонн тутмыг нь 560 мянган төгрөгөөр, II, III, IV зэргийн улаанбуудайг чанараас нь хамаарч, 500-540 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Түүнчлэн тариаланчдын буудай тариалах өртөг нь тонн тутамдаа 320-480 мянган төгрөг байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Салбарын яамны хувьд арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гурилын үйлдвэрүүдэд олгохоор зорьж, холбогдох уулзалтуудыг хийж байгаа юм. Ингэснээр үйлдвэрүүдийг тариаланчдын будааг худалдаж авахад дэмжлэг болно гэж тооцоолж байна.
Энэ жил ямар хэмжээний улаанбуудай импортоор худалдаж авах вэ гэдэг нь хэр их малын тэжээл үйлдвэрлэх шаардлагатай болох вэ гэдгээс хамаарна гэж “Од” группээс мэдээллээ. Гурилын үйлдвэрүүдийн хувьд хаягдлаар малын тэжээл гаргаж, худалддаг, нэг тонн улаанбуудай тутмын 20-30 нь малын тэжээл болдог байна. Жилд ойролцоогоор 100 мянган тонн малын тэжээл БНХАУ-д экспортолдог “Од” группын хувьд тонн тутмыг нь 300 мянган төгрөгөөр худалдаж байгаа ажээ. Дотоодын зах зээл дэх нэг тонн малын тэжээлийн ханш 230 мянган төгрөг байгаа талаар дээрх компаниас мэдээллээ.
Эргэн сануулахад, энэ онд улсын хэмжээнд 482 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй, үүнээс 375 мянгыг нь гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр зорьж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )