Ч.Сувд: МТИШ-д тэнцсэн хүн Азийн найман оронд чөлөөтэй ажиллах боломжтой

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг олон улсад ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий Азийн орнуудын “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт” (МТИШ )-ыг энэ сарын 16-ны өдөр болох аж. Уг шалгалтын тухай  Мэдээлэл технологийн үндэсний паркийн ур чадвар стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Сувдтай ярилцлаа. 

 

-Удахгүй зохион байгуулагдах гэж буй МТИШ нь ямар учиртай ажил вэ?    

-Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, стандартыг нэгтгэх, мэргэжлийг үг хэллэгийг ижил болгох зорилгоор Япон улс МТИШ-ыг санаачилсан. Уг шалгалтыг одоогоор Монгол, Мьянмар, Флиппин, Бангладеш, Вьетнам, Тайланд, Малайз зэрэг 8 оронд нэг өдөр, нэг стандартаар явуулдаг. (МТИШ )-ыг энэ онд манай улс 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

-МТИШ нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

 

-Монгол Улсын хувьд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг шалгах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн ажил олгогч нарт мэргэжлийн чадварлаг мэргэжилтэн санал болгох боломж бүрдэнэ.

 

-Хувь хүнд ямар хэрэгтэй вэ?

-Мэргэжилтэн өөрийн ур чадвараа тогтоож, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлно. Мөн шалгалтад тэнцсэн хүмүүс Азийн 8 оронд хүлээн зөвшөөрөгдөх Олон улсын гэрчилгээ авна. Өөрөөр хэлбэл, тэнцсэн хүмүүс Монгол, Япон, Малайз, тайланд зэрэг оронд очоод шалгалт өгөлгүйгээр, чөлөөтэй ажилд орох боломжтой гэсэн үг. Мөн шалгалтаас хамгийн өндөр авсан хүмүүсийг 7 хоногийн хугацаатай Япон улсаар аялуулж, мэдээллийн технологийн алдартай компаниудтай танилцуулдаг.

 

-Шалгалт хэрхэн явагдах вэ?

- МТИШ-д 4 ангиллын 9-11 төрлийн шалгалт байдаг. Одоогоор гурван ангиллыг Монголд нэвтрүүлсэн. Нэгдүгээрт, мэдээллийн технологийн паспорт шалгалт. Энэ нь компютер унтааж, асаахаас эхлээд мэдээллийн технологийг ажил, албандаа хэрхэн хэрэглэж байгааг шалгана. Хоёрдугаарт суурь шалгалт бий. Энэ нь мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн ур чадварыг шалгана. Мөн тухайн мэргэжилтэн олон улсын байгууллагад ажиллах чадвартай эсэхийг шалгах юм.

 

Гуравдугаарт ахисан шатны шалгалт. Энэ нь мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийг боловсруулах чадвартай менежрүүдийг шалгаруулах зорилготой. Шалгалтыг жил бүрийн 4 болон 10 сард зохион байгуулдаг. Шалгалт 8 оронд нэг өдөр, нэг цагт, ижил төрлийн асуулттай явагддаг. Шалгалтын өмнө 8 орны төлөөлөл уулзаж шалгалтын асуултыг бэлддэг. Монголын төлөөлөгчид Азийн орнууд дундаа асуулт боловсруулах чадвараараа 1-2 байрт ордог. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Шалгалт бол хүмүүс сурсан зүйлээ сорихыг хэлдэг. Харин МТИШ бол шалгалт өгөхдөө мэдлэгээ олж авдаг.

 

-Тодруулбал? 

-Шалгалтын асуултад “Энэ программ бол ийм зориулалтаар ашигладаг. Программыг ашигласнаар ийм давуу тал бий болно” гэх мэт бүгдийг тайлбарлаж оруулдаг. Дараа нь программтай холбоотой асуулт тавьдаг. Энэ нь шалгалтаа өгч байхдаа мэдлэг олж авах боломжтой гэсэн үг.

 

-Өнгөрсөн хугацаанд шалгалтад хэдэн хүн орсон бэ? 

-10 жилийн хугацаанд Монголын 1500 гаруй мэргэжилтэн оролцож, 130 нь Олон улсын гэрчилгээ гардаж авсан.

 

-Орон нутагт энэ төрлийн шалгалтыг туршилтаар явуулсан гэсэн? 

-Дорнод болон Ховд аймагт туршилтаар явуулсан. 2 аймгаас тус бүр 1 хүн тэнцсэн. Би бусад орны шалгалтад судалгаа хийж үзсэн. Тайланд улсад л гэхэд нэг мужид нь 2000-3000 мянган хүн шалгалт өгдөг. 3 сая хүн амтай Монгол Улсын хувьд орон нутагт очоод шалгалт авах хүндрэлтэй. Мэдээллийн технологийн хүмүүс ихэнх нь хотод суурьшдаг. Орон нутагт байгаа хүмүүсийн мэдлэгийн түвшин доогуур байдаг. Энэ хүмүүсийг сургах шаардлагатай. Орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулж сургалт, семинар явуулах гэхээр манай төсөв хүрдэггүй гэх мэт олон асуудал бий. Орон нутгаас хотод ирж сургалтад хамрагдаж, шалгалт өгөх гэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хомс. 

Тиймээс баруун, зүүн, төвийн болон говийн гэх зэргээр аймгуудыг тав таваар нь багцалж сургах бодлого боловсруулж байгаа. Дэд бүтэц хөгжөөгүйгээс цаасан технологитой аймаг олон байдаг. Тэнд программ хангамжийн чиглэлээр хийх ажил их. Тиймээс ядаж л аймаг, сумынхаа хэмжээнд мэдээллийн технологийн менежмент хийчих чадвартай хүмүүсийг МТИШ-д хамруулмаар байна. Аймаг бүрт 3-5 мэргэжилтэн бэлтгэх зорилт тавьж байгаа.

 

-МТИШ-д хамрагдсан мэргэжилтнүүдийн ур чадвар бусад оронтой харьцуулахад ямар байна вэ? 

-Монголын мэргэжилтнүүд ойролцоогоор 75-85 оноо авдаг. Ер нь аль ч улсад 100 оноо авдаг хүн байхгүй

.

-Манай мэргэжилтнүүд аль программ дээр илүү алдаж байна вэ? 

-Ер нь бол аюулгүй байдлын асуултуудад унах нь их. Бусад программууд дээр сайн оноо авдаг.

 

Шалгалтад орох хүмүүс хэдэн төлбөр төлөх шаардлагатай юу? 

-Шалгалтын өмнө мэргэжилтнүүдийг сургалтад хамруулдаг. Сургалтад хамрагдаад шалгалт өгөх бол 100 мянган төгрөг тушаах ёстой. Сургалтад суух шаардлагагүй гэвэл 55 мянган төгрөг төлнө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nyamaa(122.201.31.211) 2016 оны 10 сарын 15

Saihan medee baina Tand bayarlalaa. Shalgaltand beldehiin tuld unshij sudlah zuil ee yaj olj abah be?

0  |  0
Top