АНУ Австрали, Индонези зэрэг орнуудад цэргийн бааз байгуулах бодлого баримтална гэж мэдэгдсэнээс хойш БНХАУ өндөр технологийн бараа бүтээгдэхүүн, зэр зэвсэг үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгцээтэй газрын ховор элемент нөөцлөх ажлаа улам эрчимжүүлсэн билээ. Өмнөд хөршийн эрх баригчид газрын ховор элемент нөөцлөх шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд 55 мянган тонн газрын ховор элементийг хуримтлуулж амжаад байсан юм байна. Тэгвэл одоо цагийн байдалтай уялдаад энэ хэмжээг 100 мянган тонн болгож нэмэгдүүлэхээр болжээ.
БНХАУ дэлхийн ховор металлын хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг бөгөөд жилд 40 орчим мянган тонн газрын ховор элемент экспортолдог. Үүнээс үзэхэд дэлхийн хоёр жилийн хэрэгцээтэй тэнцэх газрын ховор элементийг нөөцлөх зорилт тавьсан гэсэн үг юм. Энэ их нөөцийн 90 гаруй хувийг хамгийн чухал гэж үздэг самарий, тербий, лантан, лютеций, тулий зэрэг 17 төрлийн элемент бүрдүүлж байгаа юм. Эрх баригчид нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасныхаа дараа экспортоо багасгаснаас болж БНХАУ-аас газрын ховор элемент импортолдог АНУ, Япон зэрэг улс маргаан үүсгэсэн бөгөөд “БНХАУ экспортдоо квот тогтоож, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байна” хэмээн буруутгасан юм. Гурван жил үргэлжилсэн энэ эчнээ тэмцэл өнгөрсөн онд АНУ, Японы талд шийдэгдсэнээр БНХАУ экспортын квотоо цуцалсан. Газрын ховор элементийн ханш ч эргээд буурсан билээ. Гэвч БНХАУ экспортоо багасгах шинэ арга зам олсон гэсэн мэдээлэл гарч эхэлсэн байна. Тэд өмнө нь Сенкаку арал, АНУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь оролцоо зэргээс болж шууд экспортоо багасгаж байсан бол энэ удаа дотоодын эрэлт, хэрэгцээгээ нэмэгдүүлэх арга хэрэглэх гэнэ.
Тус улсын газрын ховор элемент олборлогчдын холбооны тэргүүн Чэнь Жаншен “Газрын ховор элементийн дотоодын хэрэгцээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна. 2015 онд л гэхэд 8.3 хувийн өсч, 97.5 мянган тоннд хүрсэн. 2020 он гэхэд 2014 оныхоос бараг 50 хувиар өсч, 150 мянган тонн хүрэх төлөвтэй” гэсэн мэдэгдэл хийсэн нь дээрх таамгийг баталж байгаа аж. Дотоодын хэрэгцээгээ эхэлж хангаад үлдсэнийг нь экспортлох бодлого барих аваас дэлхийн зах зээл дээр дахиад л хомсдол үүсч, үнэ өсөх нь гарцаагүй юм.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 3 )
Uvur mgl bugat hotoos delhiig hovor metal r hangaj bga gj bodhoor hairan nutag min
delhiig yu ch ugui tsusiin n sorj
manaih ch gesen gazriin hovor elementiin hed heden ordtoi. manai Mongolchuud odoonoos ene orduudaa ashiglaltand oruulbal yasan yum bol?