Зээл өгөхдөө ч, өгсөн хойноо ч хатуу ханддаг байгууллага бол ОУВС. Өрөө төлж чадахгүй гэж үзвэл зээл олгохгүй, боломжтой гээд өглөө гэхэд “Стэнд бай” хөтөлбөрт хамруулж, өөрсдийн хатуу бодлогыг тулгадаг. Тэр ч утгаараа “Стэнд бай” хөтөлбөрт орсон улсыг дэлхий нийтээрээ өрөвдлийн нүдээр харж итгэхээ больдог нь нууц биш. Тэгвэл энэ чанга хатуу бодлоготой байгууллага зарим тохиолдолд дүрмээ зөөллөдөг тал бий. Үүний нэг жишээ нь Украин юм.
ОУВС Украины төлөө зээлийнхээ бодлогыг өөрчлөх гэж байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн юм. Тодруулбал, ОУВС-гийн гишүүн улсууд зээлийн бодлогоо эрс зөөллөж, зээлдэгч улс орны эдийн засгийн нөхцөл байдал нь дампуурлын ирмэгт ирсэн ч хамтарч ажиллаж байхаар санал нэгдсэн гэнэ. The Wall Street Journal-д бичсэнээр, Украинд санхүүжилт олгохын тулд ингэж буулт хийж байгаа юм байна.
Хэрвээ ОУВС одоогийнхоо дүрмийг дагах юм бол Украинд нэг ч цент өгөхгүй. Учир нь ОУВС улс орон бусад улсаас авсан зээлээ хэрхэн төлж байгааг зээлийн гол шалгуур үзүүлэлт болгож авч үздэг. Гэтэл Украин өмнө нь ОХУ-аас авсан зээлээ төлөхгүй “хар түүх” үүсгэчихсэн яваа. Энэ нь зээл олгохоос татгалзах хангалттай үндэслэл мөн ч, Украинаас зээлээ өвч чадахгүй байгаа улс нь барууныхны дайсан болчихоод буй В.Путины ОХУ учраас ингэж шийдэж байгаа бололтой. Шинжээчид ч ОУВС-гийн шийдвэрт улстөрийн нөлөө байна гэж дүгнэж байгаа юм.
Хоёр улсын харилцаа “сайн” байх үед ОХУ Украины гаргасан гурван тэрбум ам.долларын бондыг худалдаж авчээ. Энэ бондын заримынх нь эргэн төлөлтийн хугацаа дуусч байгаа аж. Украины эрх баригчид болзошгүй эрсдлээс зайлсхийх эрхзүйн гарц хайж, өнгөрсөн есдүгээр сард Парламентаас “ОХУ-д худалдсан гурван тэрбум ам.долларын бонд бол арилжааны зориулалттай болохоос улсын өр биш” гэсэн тогтоол гаргасан. Москва үүний хариу үйлдэл болгож, ирэх арванхоёрдугаар сард багтааж, бондоо нэгмэсэн төлөх шаардлагыг Украинд тавихаар төлөвлөж байгаа юм.
Хэрвээ ОХУ өрөө нэгмэсэн авбал Украин дампуурах нь тодорхой. Нэгмөсөн авахгүй байсан ч Украинд зээлийн муу түүх үүснэ. ОУВС бол Украины одоогийн эрх баригчдын санхүүжүүлж байгаа гол эх үүсвэрүүдийн нэг учир найдваргүй зээлдэгчид зээл өгөөд байх нь аль ч талаас харсан утгагүй. Гэтэл Украинтай дөрвөн жил хамарч ажиллана, өөрөөр хэлбэл зээл олгоно гэсэн гэрээг өнгөрсөн хавар байгуулаад баталгаажуулчихсан. Байдал эсрэгээр эргэвэл Украинтай байгуулсан гэрээгээ цуцлахаас аргагүй болно. Бас Украинтай нүүх нүүдлийг арилжааны гэхээсээ илүү улстөрийн нүдээр харж хийх шаардлага тулгараад байдаг. Чухам ийм л шалтгаантай учраас ОУВС асуудал үүсэхээс өмнө амжиж бодлогоо өөрчлөн, ОХУ-ын эмзэг цэг болсон Украиныг санхүүжүүлэх боломжоо хадгалж үлдэх төлөвлөгөө зохиожээ.
Гэхдээ дээрх өгүүлбэрт “Асуудал үүсэхээс өмнө” гэж биш, “Асуудал үүссэн учраас” гэж бичсэн бол илүү зөв ч байж мэднэ. Учир нь, Украины Ерөнхий сайд Арсений Яценюк ОХУ-ын эрх баригчдад хандан “Хэрвээ парламентаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Киев өрөө төлөхгүй” гэж мэдэгдсэн. Одоо ОХУ хариу өгөх учиртай. ОУВС-гийн нүүдэл “Их 20”-ийн уулзалтаар шийдэгднэ. Украины өмнө авсан зээл, ирээдүйд авах зээлийг тойрсон асуудал нэг иймэрхүү янзтай өрнөж байна.
Украины эрх баригчид дээр өгүүлсэн гэрээний дагуу ОУВС-гаас дөрвөн жилийн хугацаанд 17.5 тэрбум ам.доллар авах ёстой юм. Харин олон улсын доноруудыг оруулаад дөрвөн жилд 40 тэрбум ам.долларын зээл, тусламж авах гэрээ хэлцлийг одоогоор байгуулжээ. Тус улс 2016 он гарсаар 6.7 тэрбум ам.долларыг авчихаад байгаа бөгөөд дахиад 1.7 тэрбум ам.долларын дүн бүхий хоёр шилжүүлэг хүлээгдэж байна.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 0 )