Ипотекийн зээлийг яаж олгох учраа МАН-­ынхан олохгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2,035,807 төгрөг. 2000 оноос өмнөх 2 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 76,4 сая төгрөг байгаа бол  2000 оноос хойшхи хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ 1,788,620 төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 0,31%-иар өсч, өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны 9-р сараас 0,53%-иар буурсан байгаа бол 
2000 оноос өмнөх 2 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 0,8%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 13,9%-иар тус тус буурсан болохыг "Тэнхлэг зууч”компаниас танилцуулсан.

Хэдий орон сууцны үнэ ийн бага багаар буурч байгаа хэдий ч барилгын салбарын гол хөшүүрэг болох найман хувийн хүүтэй зээлийн олголт зогсоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн олон хүмүүс хүлээлтийн байдалтай байна. Хэдий орон сууцны ипотекийн зээл олголт тодорхой бус хугацаагаар зогсоод байгаа хэдий ч  ойрын өдрүүдэд эл асуудлын эргэн тойронд сайн мэдээ, шийдвэрүүд гарах боллоо. Тухайлбал, Зээлдэгчдийн хамгийн их гомдоллодог нэг чухал асуудлыг шийдсэн нь арилжааны банкуудын зүгээс зээлдэгчдэд тавьдаг “Та 30 хувийн урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон бэ” гэдэг “байцаалт” шиг асуултаас ангижрахаар боллоо. Ингэснээр ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус, хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу гэдгийг  банк “шалгахгүй, шалгаахгүй” байхаар журамд өөрчлөлт оруулахаар болсон.

Тэгвэл мөн л "Саалиа бэлдээгүй атал саваа бэлдэхтэй" адил нэгэн шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа. Өөрөөр хэлбэл, 80 м.кв хүртэлх талбайтай орон сууцны зээлээ ч санхүүжүүлэх эх үүсвэргүй байтал  100 м.кв болгох шийдвэрийг гаргаж, холбогдох сайд нарт даалгавар өглөө. Ингэснээр 100 ам.метрээс дээш хэмжээтэй орон сууц авах хүсэлтэй хүн илүү мөнгийг өөрөө төлөөд явах бололцоотойгоос гадна  бүх хүмүүс зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Дээрх шийдвэрүүд нь хэдий сайхан мэдээ ч гэлээ нөгөө талд ипотекийн зээл олголт зогссон байгаа учир зээлийн санхүүжилийг хэрхэн олгох уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл хариултгүй үлдсээр байгаа юм. Учир нь Монголбанкны хувьд "80 м.кв хүртэл талбайтай орон сууцны зээлээ санхүүжүүлээд л явна. Хэрэв 100 м.кв болгож нэмэгдүүлэх юм бол Засгийн Газар эх үүсвэр олж ирж санхүүжилтийг шийднэ биз" гэх байр суурийг  илэрхийлсээр ирсэн. 

Салбарын сайдын хувьд “Монголбанк Монголын иргэдийн төлөө ажиллах ёстой байгууллага. Энэ асуудлыг Монголбанк хүлээн зөвшөөрөхгүй байна гээд зогсоож болохгүй. Энд онд багтаж хэрэгжүүлнэ"  гэх хариултыг өгч буй.

Түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөр дээрээ авч явах арга зам байгаа болохыг ч эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.92.64) 2016 оны 11 сарын 03

ipoteko zogsooj bj uls ornii ediin zasag zuv golidroldoo orno.

0  |  0
иргэн(202.126.89.215) 2016 оны 11 сарын 03

хэрвээ зөв хийхгүй бол доллар 5000 боло шүү.

0  |  0
Очирбат(45.117.32.2) 2016 оны 11 сарын 02

Энэ маш оновчтой шийдвэр болсон ба ихэнх байр авах эрмэлзэлтэй улс хамрагдах болсон нь маш сайн боллоо. ЕС маань залуу хун шиг нудээ одсон шийдвэр гаргалаа баярлалаа. Амжилт!!!

0  |  0
Top