Дорноговь аймгийн хоёр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

2016 оны 11 сарын 07

Дорноговь аймгийн хоёр сумын гурван голомтод хонины цэцэг өвчин гарч гурван айлын 60 гаруй малыг устгалд оруулж, одоогоор хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Тодруулбал Зүүнбаян багт 13 хонь, Сайншанд суманд 40 хонь, Дэлгэрэх суманд 14 хонь тус тус өвчилснийг шинжилгээгээр тогтоож устгалд оруулсан бөгөөд голомтот бүс нутагт албаны зургаан хүн нэг техниктэй ажиллаж байгаа ажээ.

Тун удахгүй иргэд өвлийн идэшээ бэлтгэж эхэлнэ. Харин үүнд аймгийн Онцгой байдлын газар ямар хяналт тавих талаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхбатаас тодруулахад “Одоогоор гурван голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал хийгээд байна. Удахгүй иргэд өвлийн идэш нэрийдлээр малын мах зарах борлуулах их хэмжээгээр бэлтгэх цаг болно. Үүнтэй холбогдуулан бид аймгийн хэмжээнд амьд мал тээвэрлэх, зарж борлуулахыг хориглоод байгаа. Мөн хөрш зэргэлдээ сум, аймгаас амьд мал, малын мах тээвэрлэхдээ зайлшгүй мал эмнэлэгийн бичигтэй байхыг шаардаж байна” гэлээ.

Өнгөрөгч зургаадугаар сард Дэлгэрэх суманд хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож, наймдугаар сард буулгаж байсан ч энэ удаад ийнхүү дахин дэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар хонины цэцэг өвчний гаралт буурахгүй байгаа нь  өөр аймаг, сумын нутагт оторлож явсан мал өвчний нууц үедээ нутаг орондоо ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top