Энэ удаагийн дугаартаа бид удахгүй "Дэлхийн Мисс 2016" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох мисс А.Баярцэцэгийг онцолсон юм.
Тэрээр өнгөрсөн жилийн Miss World Mongolia тэмцээнд “Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан юм. Түүнчлэн Австрали улсад болсон “Эх Дэлхийн мисс” тэмцээнд шилдэг 16-д шалгарч, чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байсан юм. Шулуун шударга зантай, өөрийнхөөрөө илэн далангүй энэ эмэгтэй боловсролын түвшингээрээ Монголын бүх миссээс илүү байж мэднэ. Түүнтэй ирэх пүрэв гаригт болох тэмцээний талаар болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та манайд анх удаагаа ярилцлага өгч байна. Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг А.Баярцэцэг гэдэг. “Торго модель” агентлагт найм дахь жилдээ загвар өмсч байна. Сүүлийн хоёр жил АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллаж, хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Аав, ээжтэйгээ амьдардаг, айлын ганц охин. Багаасаа ах, дүүтэй болохыг хүсдэг байсан ч гэлээ айлын ганц хэвээрээ л байна.
- Таны амьдралдаа баримталдаг дүрэм юу вэ?
-Бууж өгөхийг хүсдэггүй. Ямар нэгэн зорилго мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж, байж болох бүхий л нөхцөл байдлыг ашиглахыг хичээдэг. Хамгийн гол нь зөв хүн байхыг хичээдэг.
- Загварын ертөнцөд хэзээнээс хөл тавих болсон бэ?
- Торго модель агентлагаас 2008 онд анх удаа загварын тайзнаа гарч байсан. Тухайн үед топ модель Уранцэцэг, Оюунгэрэл багш нарын шавь байсан. Одоо загвар өмсөөд найман жил болсон байна. Энэхүү хугацаанд маш гайхалтай дурсамжууд үлджээ.
-Тэрхүү дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
-Тайзан дээр гараад л алхахад бүх гэрэл чам дээр тусч, цаг хугацаа мартагдсан мэт сэтгэгдэл төрдөг. Ерөнхийдөө бясалгалын гэмээр бүх цаг хугацаа зогссон мэт гайхалтай мэдрэмж төрдөг. Одоо ч гэсэн тайзан дээр гарч тэрхүү мэдрэмжийг хүртэх нь хамгийн таашаалтай санагддаг.
- Загвар өмсөх нь залуу насны ажил гэж ярилцах нь бий. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Мэдээж тодорхой хэмжээгээр санал нийлнэ. Загвар өмсөгчдийн нас жилээс жилд залуужиж байна. Ерөнхийдөө 13-14 настай охидууд загвар өмсөж эхэлж байна.
Нэг бодлын загвар өмсөх нь залуу насны ажил боловч нөгөө талаараа насан туршийн боловсрол авах хичээл юм. Жишээлбэл, биеэ зөв авч явах, бусдад өөрийгөө зөв илэрхийлэх, нээлттэй байх гэх мэт боловсролыг эзэмшдэг.
- “Марко Поло” кинонд яаж яваад тоглохоор болчихсон юм бэ?
Хоёр жилийн өмнө “Мисс Монголиа” тэмцээнд орж байхад шүүгчээр жүжигчин Оргил ах сууж байсан. Оргил ах “Марко Поло” киног монгол талаас хариуцсан продюсер байсан юм. Тэрээр намайг энэхүү киноны шалгаруулалтад орох саналыг тавьж байснаар тус кинонд тоглох боломж маань бүрэлдсэн юм.
-Унаган мэргэжил чинь загварын тайз болон кино урлагаас тэс хөндлөн юм билээ. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
-Тийм ээ, би маркетингийн удирдлагаар төгссөн. Мэргэжлээрээ ажиллах бодол алга. Гэхдээ алхам тутам их сургуульд сурсан зүйл, мэргэжил маань хэрэг болдог.
-Кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?
“Марко Поло” кинонд тоглосоноос хойш маш ихээр нэмэгдсэн. Миний хувьд аль болох өөрийгөө сорьсон, илүү чадвар шаардсан дүрд тоглохыг хүсч байгаа.
-Удахгүй болох “Дэлхийн мисс” тэмцээнд зориулан бэлдсэн видео олон нийтэд их таалагдаж байгаа. Энэхүү видеоны санааг хэрхэн гаргасан бэ?
Энэ клипыг “S” энтертайментийн н.Тулгаа ах маань голчилж ажиллаж бүтээсэн. Мөн Хятад улсад ажилладаг н.Түвшинжаргал хөгжмийг нь тусгайлан зохиож өгсөн нь онцлог юм болов уу. Видеогоороо зөвхөн гадаад гэлтгүй Монголчуудыгаа хүртэл эх орноо хайрлах, омогших сэтгэлийг нь өдөөхийг хүссэн. Мөн дэлхий нийтэд Монгол гэж ямар улс байдаг талаар танин мэдүүлэх, очиж үзэх юмсан хэмээн бодогдуулах зорилготой бүтээсэн.
Түүнчлэн эмэгтэй хүн гэхээрээ л ялдам, энхрий гэхээсээ илүү эрч хүчтэй зоригтой, хатан ухааныг харуулахыг хүссэн. Түүндээ ч хүрч чадсан байхаа гэж бодож байна.
-Сүүлийн үед гоо бүсгүйн тэмцээнд оролцож буй бүсгүйчүүд царайлаг, гоё биетэй байх ёстой гэх мэт шүүмжлэл ихэссэн. Тиймэрхүү хандлага таньд тохиолдож байв уу?
-Энэ тал дээр “Дэлхийн Мисс” давуу талтай гэж боддог. Бүх тэмцээнд эмэгтэй хүний гадаад үзэмжийг чухалчилсан “Бикини” шалгаруулалт байдаг. Хоёр жилийн өмнө Жулиа Морли “Бидэнд хэн нарийхан бэлхүүстэй, том цээжтэй нь хамаагүй гэж хэлсэн байдаг. Тиймээс өмнөх гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан миссүүд гадаад гоо үзэмж хамаагүй дотоод нь чухал хэмээн үздэг болсон.
-Видеонд тань “Тэнгэрийн чоно” ТББ-ынхан харагдаж байсан. Та хамтарч ажилладаг юм уу?
“Тэнгэрийн чоно”-ынхон миний хуурай ах нар юм. Ах нартайгаа өнгөрсөн жил Унгар улсад “Марко Поло” киноны зураг авалтаар танилцаж байсан. Мөн энэхүү тэмцээний үйл явцад маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаад талархаж байгаа.
-Miss World, Earth Miss гээд хоёр том тэмцээн байх шиг байна. Ялгаа нь юу юм бэ?
“Эх дэлхийн мисс” бол чансаагаараа гуравдугаарт ордог тэмцээн. Харин “Дэлхийн мисс” бол хамгийн анхны бөгөөд дэлхийн хамгийн том гоо сайхны олимп гэж нэрлэгддэг, чансаагаараа нэгдүгээрт жагсдаг тэмцээн юм.
Түүнчлэн “Эх дэлхийн мисс”-ийн хамгийн гол зорилго нь байгаль орчин руугаа хандсан байдаг бол “Дэлхийн мисс” тэмцээн хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн гоо сайхан, сайн үйл гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо хэрэгжүүлсэн байх гэдэг шаардлагыг тавьдаг.
-Хэрэв “Дэлхийн Мисс 2016” тэмцээнд түрүүлчихвэл, хамгийн түрүүнд яах вэ?
-Хамгийн түрүүнд утсаа шүүрч аваад ээжрүүгээ залгаж мэдэгдэнэ. Бас орилно
-Томоохон тэмцээнүүдэд дарааллан оролцохоор болоод байгаа. Энэхүү тэмцээнүүдийн эрхийг яаж авдаг вэ?
-Хэрэв санаж байгаа бол манайд “Miss Mongolia”, “Miss world Mongolia” гэсэн хоёр том тэмцээн болдог. “Miss Mongolia” тэмцээнд оролцож ялагч болсон бүсгүй “Miss international”-д эх орноо төлөөлөн оролцох эрхийг өвөртөлдөг.
Харин “Miss world Mongolia” тэмцээний тэргүүн байрын шагнал хүртвэл “Дэлхийн мисс”, дэд байрт орсон бүсгүй “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцох эрхийг авдаг юм.
-Мэргэжлийн баг бүрдүүлж ажиллаж байгаа гэсэн. Багаа хэрхэн бүрдүүлж ажиллав. Эндээс багаараа тэмцээндээ явах уу?
Эндээс ганцаараа явна. Монголд “Profile” агентлаг пи-ар дээр маань ажиллахаар болсон. Мөн Вашингтонд монголчууд маш их байдаг бөгөөд хоёрдугаар коммунити гэж яригддаг юм билээ. Тэнд байгаа монголчууд болон Элчин сайдын яам маань туслана гэдэгт итгэлтэй байгаа. Ерөнхийдөө баг хамт олон маань сэтгэл нэгдэж ажилласан гэдгийг хэлмээр байна. Ямар нэгэн мөнгө төлж хөлсөлсөн зүйл байхгүй. Бүгд эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийе, эх орноо сурталчилъя гэсэн сайхан баг хамт олон байгаа.
-Дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцоход хэлний мэдлэг их чухал байхдаа?
-Хэл асар их нөлөөтэй. Өөрийгөө илэрхийлэх, улсаа сурталчлах гол зэвсэг шүү дээ. Хэлний мэдлэг оноонд нөлөөлөхөөс илүүтэйгээр тухайн хүний оролцоо, ерөнхий Perfomance-д нөлөөлнө. Нөгөө талаас, хүн ярьж байгаа хэлээрээ сэтгэдэг гэдэг. Тэгэхээр би англиар тэдгээр улсын мисс, шүүгчтэй харилцаж байхдаа тэдэнтэй нэг түвшинд сэтгэж байна гэсэн үг шүү дээ.
Ерөнхийдөө гурван улсын хэл мэддэг. Англи болон Испани хэлээр чөлөөтэй ярьдаг, Франц хэлийг сонирхон судалдаг. Испани улсад суралцаж байхдаа Франц хэлний багагүй мэдлэгийг эзэмшсэн.
-Таны санаа зовж байна уу?
-Мэдээж санаа зовох зүйл маш их байна. Очиход уур амьсгал ямар байх бол, алдаа гаргах болов уу? гэх мэт санаа зовоосон зүйлүүд байгаа. Мөн хугацааны хувьд давчуу байсан учир бүх бэлтгэлээ хангаж чадах эсэх нь санаа зовоож байгаа. Гэхдээ энэ бүгдийг даван туулна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Бусад улсын миссүүдтэй харьцуулахад таньд давуу тал бий юу?
-Ихэнхи миссийн анхны томоохон тэмцээн байх нь тодорхой. Мөн анхны том тэмцээн гэдэг утгаараа сандралтай байх болов уу. Миний хувьд өмнө нь олон улсын гурван тэмцээнд оролцож байсан туршлагатай. Тэрхүү туршлага маань давуу тал болох байх.
-Тэгвэл эсрэгээрээ сул тал бий юу?
-Хамгийн том сул тал бол хүн амын тоо байх болов уу гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд нэг сая хүний санал хураах зорилготой байгаа. Гэтэл зарим улс хэдэн тэрбум хүн амтай байхад манай улс хичнээн хүн амтай билээ. Энэ асуудал л маш том сул тал болж болзошгүй юм гэж бодож байгаа.
-Том зорилгынхоо төлөө заавал нэг жижиг зүйл золиосонд гардаг юм шиг санагддаг. Таньд тийм зүйл тохиолдож байв уу?
-Тийм зүйл зөндөө тохиолддог. Цаг хугацааны хувьд болж бүтэхгүй заавал нэг зүйл золиослох хэрэг гардаг. Тийм үед нэг их хүчлэхийг хичээдэггүй. Болдог юм болдогоороо болох байх гэж боддог.
-Ямар даашинз өмсөх вэ?
-Шилдэг гоёлын даашинзыг маань Д.Отгонжаргал дизайнер “Тэнгэрт дүүлэн нисч буй шувуу”-наас сэдэвлэн бүтээсэн даашинзыг өнөөдөр гардууллаа. Харин “Титэм”-нээс сэдэвлэсэн кристал цэнхэр өнгөтэй финалын даашинз маань одоогоор нууц хэвээрээ байгаа.
-Та гадаадад олон жил амьдарсан. Таны бодлоор монголчууд ямар зангаа гээж, ямар зан чанараа хадгалж үлдээсээ гэж хүсдэг вэ?
-Ер нь газар үзэж, нүд тайлахад хүний амьдралыг үзэх үнэлэмж нь тэлдэг гэж боддог. Юманд учир зүггүй шүүмжлэлтэй хандахаа больж, илүү ажиглаж, бусдын мөн чанарыг ойлгох чадвар сайжирдаг юм шиг. Юманд залхуурдаг шинж чанар нь монголчуудын сул тал нь юм болов уу. Бид залхуугаасаа болж цагийг нь тулгаж зовдог. Жишээлбэл, Бид хичээлээ өмнө нь хийчихэж болох байтал цагийг нь тулгаж шөнөжин суудаг шүү дээ. Энэ шинж чанар Монгол хүний цаад зан чанарт байдаг юм шиг санагддаг.
Харин гэр бүлээ хүндэлдэг, хайрладаг зан чанараа битгий гээгээсэй гэж боддог. Эцэг, эхээ хүндлэх үгийг нь сонсох, сургамж авах нь Монгол хүний ахуйгаас үүдэлтэй гайхалтай зан чанар юм болов уу гэж боддог. Мөн гадныхныг дунд байхад манайхны онцлог гэвэл аливаад сэтгэлээрээ ханддаг чанар байх. Итгэмтгий, нэг итгэсэн хүндээ үнэхээр сэтгэлээсээ хандаж, нөхөрлөж чаддаг, уужуу тайван хүмүүс.
- Аяллын тэмдэглэл хөтөлдөг гэж сонссон. Хичнээн орноор аялав, тэдгээрээс хамгийн их таалагддаг хот нь юу вэ?
- Аялах бол миний хамгийн их хүсдэг зүйл. Нийтдээ 30 гаруй орноор аялсан. Тэдгээрээс хамгийн дур булаам нь Итали улс. Миний хамгийн очих дуртай хот бол Ром. Тэнд өөр цаг үе, орчин үетэй холилдсон мэт сэтгэгдэл төрдөг. Гудамжнууд нь одоог хүртэл эртний түүхээ эргэн санагдуулж чаддаг гайхалтай хот.
-Бидэнтэй уулзаж ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Учрал
Сэтгэгдэл ( 0 )