С.Ганчимэг: ТЭД НАР ЧИНЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ ГҮЙЦЭХГҮЙ ШД, ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Монголын хүүхдийн ордны багш, СТА С.Ганчимэгтэй ярилцлаа.

 



 

-Хүмүүс таныг Хүүхдийн ордны багш гэж мэдэхээс хувь хүн талаас нь мэдэхгүй. Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарт төрсөн, хотын уугуул хүүхэд. Бага нас маань Төмөр замд өнгөрсөн. Тэндхийн Тавдугаар цэцэрлэгт хүмүүжээд 51 дүгээр сургуульд 10 жилээ дүүргэсэн дээ. Харин аав маань Өвөрхангай, ээж Архангайн хүмүүс байсан.

-Удамд тань урлагийн авьяастай хүмүүс бий юү?

-Ээж маань их сайхан дуулдаг хүн байсан. Маш гоё сафрон хоолойтой. Даанч дуучин болоогүй. Төмөр замын зангилгааны үйлдвэрчний хороон дарга, депогийн үйлдвэрчний хороон дарга зэрэг ажлыг насаараа хийсэн. Аав шүдний их эмч, хиймэл шүд хийдэг байсан.  

-Таныг урлагийн хүн болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ? 

-Арван жилд байхын л урлагт дуртай, дуулж бүжиглэдэг охин байсан. Манай сургуулийн дуу хөгжмийн багш н.Батсүх гэж хүн байсан. Одоо энэ “Хурд” хамтлагийг гаргаж ирсэн хүн шүү дээ. Энэ багш маань надад басс гитар зааж өгөөд сургуулийн дэргэдэх “Энхийн туг” хамтлагтаа авсан юм. Тухайн үед ид моодонд орж байсан Сюзи Куатрогийн дуунуудаас дуулдаг байлаа. Гэхдээ би урлагт дуртай байсан ч яг хөгжмийн зохиолч болно гэж бодоогүй юм аа. Цэцэрлэгт байхаасаа бүжигчин болохыг хүсдэг, ер нь бүжигчин болно гэж боддог байсан. Гэвч явсаар байгаад хөгжмийн зохиолч болчихсон л доо.

-Бүжигчин болох оролдлого ер хийж байгаагүй юу?

-Арван жилийн сурагч байхад ЗХУ-ын Ленинградад балетын сургуульд сургах хүүхдүүдийг шалгаж авсан юм. 10, 11 настай л байсан байх. “Оросын мундаг багш нар ирж шалгалт авч байна” гээд ээж намайг авч очиж байсан. Би тэнд хэмжээ, ритм бүх юмаараа тэнцсэн ч ганцхан подъём гэдгээрээ тэнцээгүй (инээв). Тэгээд би уйлж, ээж аргадаад... Подъём нь тэнцчихсэн бол одоо сонгодог урлагийн бүжигчин болчихсон явж байхгүй юу. Тэр үед би их туранхай, туяхан шар охин байсан.

-Тэгээд л дуу хөгжмөө хөөж эхэлсэн үү?

-Арван жилээ төгсөөд Соёлын коллежийн төгөлдөр хуурын ангид орлоо. Өмнө нь тавигдчихсан байсан найрал дууны суурь тэнд ороод улам тэлж, сайхан болдог юм билээ. Үндсэн хөгжмийн зэмсэг нь төгөлдөр хуур, үндэсний хөгжим нь ёочин. Төгөлдөр хуураа маш их давтана. Бас сургуулийнхаа үндэсний хөгжмийн хамтлагт ёочин тоглосон. Хамтлагтайгаа тоглолтоор их явдаг байж билээ.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллав?

-Ажлын гараагаа Махкомбинатын соёлын ордны хөгжмийн багшаар эхэлсэн. Дөнгөж төгссөн, юугаа ч мэдэхгүй жаахан охин Махкомбинатын ажилчдад хөгжим заадаг байлаа. Тэндээсээ Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар шилжиж, залуучуудтай ажилласан. Намайг очоод удаагүй байхад “Нэмэх хасах” гээд эстрад, дуу хөгжмийн чуулга байгуулагдаж, би тэр хамтлагт даралтат хөгжим тоглож дуулдаг боллоо. Хажуугаар нь хөгжмийн багшаа хийгээд л явна.   

-Таныг дуулж байсан гэж огт сонсч байгаагүй юм байна. Нэрд гарч байсан дуу байгаа юу?

-Залуусын дунд дуулагдаж гайгүй хит болж байсан дуунууд бий. Жишээ нь, “Зуун жил, зуун жил чамаас хагацалгүй, зөөлөн бороонд зогсмоор байлаа” гэдэг үгтэй дууг анх дуулж байсан. Шүхэр бариад л дуулдаг байлаа. “Янзага” гэх мэт олон дуу бий. 

-Та өрөө аяыг нь зохиосон юм биш биз дээ?

-Үгүй ээ, дуу зохиож эхлээгүй, бусдын зохиосныг л дуулдаг байсан үе. Тэр үед “Чингис хаан” хамтлагийн Жагаа манай хамтлагт их дуу зохиож өгдөг байсан. Чуулга маань бас анх удаа үндэсний мьюзикл тоглосон түүхтэй. Чуулгад маань надаас гадна н.Хишигжаргал, н.Айгуль нарын дуучин байсан. Үндэсний мьюзиклыг хөгжмийн зохиолч С.Баатарсүх, балетмейстр н.Энх-Амгалан нарын мундаг уран бүтээлчид тавьж байсаөн юм. Бид нар балет бүжиглээд дуулдаг байлаа шүү дээ. Тэр үеийн мэдрэмж надад үлдсэн. Одоо би шавь нартаа дуу, бүжиг хоёуланг нь заадаг.

-Хүүдийн ордонд хэзээнээс багшлах болсон бэ?

-Ардчилал гарсны дараа, 1991 онд Монголын хүүхдийн ордонд багшаар очиж, хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. “Люмино” хамтлагийн дуучин Баажий, “Мөнхийн рэп” хамтлагийн дуучин Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай зэрэг одоогийн мундаг  уран бүтээлч миний анхны шавь нар. “Номин талст”-ын Хаянаа байна. Манай хүүхдийн ордны Драмын дугуйлангийн багш Дамдинхүүгийн Саранхүү бид хоёр хамтраад “Амьдрал аварсан хайр” гэж жүжиг хийсэн. Би хөгжмийг нь бичсэн юм. Хүүхдүүд гэрээсээ зугтаж, гадуур амьдрах нь ихсэж байсан үед хийгдсэн энэ жүжиг үзсэн хүүхдүүдэд ухаарал өгөхөөр сайн уран бүтээл болж чадсан. Тэр жүжгийн дууг Хаянаа дуулсан. Ер нь Д.Саранхүү бид хоёр уран бүтээлийн ганзага их нийлнэ. Анх МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийн “Та нар бидэнтэй”-г хийгээд хожим нэлээд хэдэн дуу хийсэн шүү.            

            -90-ээд оны эхэн үед улс орны эдийн засгийн байдал хүнд байсан. Олон ч чансаатай уран бүтээлч төсвийн байгууллагаас гарч өөрсдийн замаа хөөсөн байдаг. Тэр үед та амьдрал хөөх гэж үзэв үү, хүүхдийн ордондоо л тууштай ажилласан уу?

-Нэг удаа наймаа хийх гэж үзсэн. Хүүхэд дөнгөж гарчихсан, нялх байсан үе. Бусдын жишгээр урагшаа хятад руу явж бараа “дараад” түүнийгээ хойшоо гаргаж борлуулсан. Даанч энд ирчихсэн хойноо тал мөнгөө рубль болгох гэж явж байхдаа суйлуулж алдаад, үлдсэн мөнгөөрөө “дарсан” бараагаа Орос руу гаргасан ч талыг нь бас л алдчихсан. Тэгээд “Наймаа худалдаа надад ер зохихгүй юм байна гэдгийг ойлгосон. “Ерөөсөө л хүүхдүүдтэйгээ ажиллая, дуугаа зохиоё” гэж шийдэж билээ. Тэгээд хүүгээ гурван нас хүрэнгүүт Хүүхдийн ордондоо орж, одоо хүртэл ажиллаж байна.

Анхны зохиосон дуу маань “Хөтлөөд явахад алхаад байдаг, хөөрхөн хүүхэлдэй манайд байдаг” гэсэн үгтэй “Хүүхэлдэй” гэдэг дуу. Тэгээд “Охидуудын тоглоом”, “Та нар бидэнтэй” гээд л цаашаа хөвөрсөн дөө. Өөрөө хүүтэй. Охинтой болохыг мөрөөддөг болохоор охидуудад зориулсан дуу их зохиосон байдаг. Одоо бол тоогоо алдсан. Манай хүүхдийн ордон жил бүр “Харш” сүлд модны наадам хийдэг. Тэр үед зохиогдсон дуунууд надад архивлаастай байна. Шинэ жилийн дуунуудаас гадна амьтдын попури энэ тэр гээд хөөрхөн, хөөрхөн уран бүтээлүүд бий. Түүгээрээ цомог гаргана гэж бодож байгаа.

-Ер нь таны цомог гарсан уу?

-“Шидэт цэцэг” нэртэй 17 дуу бүхий цомгоо 2003 онд гаргасан. Нийгэм хүүхдийн дуугаар цангачихсан, хүүхдийн дуу бараг байхгүй тийм үе байсан болохоор тэр дороо л “шуураад” алга болсон. “Таван хуруу” хамтлагийн ”Миний эх орон”, “Флаш” хамтлагийн ”Хүүгийн бодол” зэрэг дуунуудаа яг тэр үед зохиож байсан.

-Таны “Миний эх орон”, “Монгол нутгийн үрс” зэрэг дууны шүлгийг зохиосон С.Алтанцэцэг гэдэг хүний тухай лавшруулж асуумаар санагдлаа?

-Үг нь ончтой, эвтэйхэн бичлэгтэй үнэхээр сайн яруу найрагч байсан. Би бараг үгийг нь хараад л онгод орж байгаа юм чинь. “Миний эх орон” дууны аялгууг би БНХАУ-д урилгаар оччихоод буцаж явахдаа зохиосон. Галт тэргэнд уйдаад явж байхдаа нутгаа их санасан. Ер нь хүн гадаадад явахаараа эх орноо их санадаг юм билээ. Тэгээд яг нутгийнхаа хилийг давангуут амьсгал уужраад л, сэтгэл хөглөгдөөд тэр аялгуу орж ирсэн байхгүй юу. Эхлээд ая нь зохиогдсон. Үг нь бол их амархан, С.Алтанцэцэг гэдэг хүний шүлэг яг таарчихсан шүү дээ, их сонин. Харамсалтай нь, энэ сайхан яруу найрагч одоо нас барсан. Хүүхдүүдтэйгээ уулзах гэж гадаад яваад тэндээ автын ослоор өнгөрсөн гэж сонссон.

-Таныг “Лусын дагина” жүжгийн хөгжмийг бичсэнийг мэднэ. Өөр томоохон бүтээл дээр ажиллаж байв уу?

-Б.Болд найруулагчийн  “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн хөгжмийг хийсэн нь миний анхны том уран бүтээл. Болд найруулагч энэ жүжигтээ дан эмэгтэй уран бүтээлчидтэй хамтарсан нь сонин шийдэл байсан шүү. Зураач нь хүртэл эмэгтэй хүн байсан. Энэ урам бүтээл маань амжилттай болсноос хойш “Би зөвхөн хүүхдийн зохиолч биш юм байна, том хэмжээний бүтээл дээр ажиллаж чадах юм байна” гэсэн урам авч билээ. Түүнээс хойш “Лусын дагина” сонгодог жүжиг, “Ээжээ” киноны хөгжим гээд тайз дэлгэцийн олон уран бүтээл хийсэн.    

-Та нэг хэсэг Өвөрмонголд ажилласан байх аа?

-“Чандмань эрдэнэ”-ийг дуулдаг Уранчимэг Өвөрмонголд хүүхдийн найрал дууны бүлгэм байгуулахаар болоод Монголоос багш хайж ирсэн юм билээ. Л.Балхжав ах холбож өгсний дагуу “Таван тансаг” гэдэг 40 хүүхдийн найрал дууны хоолойны тавилт, дууг нь зохиож өгөхөөр Хөлөнбуйр руу явж байсан. 2006 оны өвөл шүү дээ. Тэр үед миний бие тааруу, таягтай Өвөрмонголд бууж байлаа.  Өөвөнх, дагавар, тариаланч, буриад, барга гэсэн таван vндэстэн ястаны дуу нь устах аюул нvvрлэсэн учраас тэдгээр дуунуудыг авч үлдэх үүднээс орчин үеийн найруулгатайгаар туурвих захиалгыг надад өгсөн. Нийт таван vндэстэн ястны 40-өөд дуугнайруулан тавьсан. “Таван тансаг” гэдэг нь энэ таван үндэстнийг хэлсэн нэр юм байна лээ. Дандаа малчин айлын, найрал дууны анхны мэдэгдэхүүнгүй хүүхдүүд дээр очиж, дуулдаг гэсэн 40 хүүхэд шилж аван зүг чигийг нь олж өгөөд ирсэн дээ.

“Авьяаслаг хятадууд” тэмцээнд орж олон нийтэд танигдсан Уудам хүү тэдний дунд байсан. Миний шавь шүү дээ. “Алсад суугаа ээж” дууных нь хөгжмийн найруулгыг би хийж өгсөн. Хүүхдийн найрал дуу оруулаад их хөөрхөн болсон.Таван үндэстнийг нь би өөрөө ч мэдэхгүй, дууг нь огт сонсч байгаагүй. Нотыг нь харж байгаад л найруулгыг нь хийсэн. Жишээ нь барга дуу гэхэд л хоосон нүцгэн ая байдаг. Би тэрийг нь сонсч байгаад найруулгыг нь шинээр хийнэ. Илүү гоё болох хэмжээнд шүү дээ. Өөвөнх гэдэг нь ууланд амьдардаг цаатан үндэстэн. Тэнд бөөгийн дуу хүртэл байсан шүү. Барга, буриад нь арай ойр, тариаланч гэхээрээ хол сонсогдож байгаа юм чинь. Аяыг нь сонсож, тухайн ястны түүхийг нь яриулж байгаад аяыг нь найруулдаг байсан. Бараг л хөгжим судлаач болох шахсан. Өвөл байсныг ч хэлэх үү, сар гаруй хугацаанд бараг хорионд шахуу байж хүүхдүүдтэй ажилласан. Би бие муутай болохоор завсар зайгаар нь эмчилгээгээ хийлгэнэ. Ингэж ажилласаар ард нь гарсан даа. Сайн судалж, сэтгэл гаргаж хийснийх ч юм уу, энэ хамтлаг маш их нэр хүнд олсон. Дэлхийд алдаршиж, АНУ-д ч тоглолтоо хийсэн. 

-Таны зохиосон дуу Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд дуулагдана гэж байсан байх аа. Олимпийн хорооноос урилга нь ирчихсэн гэж тухайн үед ярьж байсан?

-Яг тэр үеэр улсын баярын тоглолт давхцаад завгүй байсан учраас очиж үзэж чадаагүй. Дуулагдсан гэсэн.

-Нээлтийн үеэр жаахан охин дуулаад, янз бүрийн үндэстэн ястны хувцастай хүүхдүүд талбайд алхаж байсан. “Таван тансаг” хамтлагийнхан байж дээ?

-Тэд чинь л яг мөн дөө. Болдог бол монгол хүүхдүүдээ ингэж нэрд гаргамаар байгаа байхгүй юу. Хөрөнгө мөнгөний боломж байдаггүй болохоор чадахгүй яваад байна. Гэхдээ би яг нарийн бүтээлээ бол тэдэнд өгөөгүй. Яагаад гэвэл би эх оронч хүн. Миний хамгийн шилдэг бүтээлийг монгол хүүхдүүд л дуулах ёстой гэж үздэг учраас эндээ л дуулуулдаг. Хоолойн хувьд ч тэд нар чинь монгол хүүхдүүдийг гүйцэхгүй шд, яг цаг дээрээ. Миний цусанд нэг тийм үндэсний үзэл байдаг юм шиг байна лээ. Жишээ нь “Чингисийн Монгол”-ыг өгчих гээд гуйгаад байгаа байхгүй юу. Хэдэн жил гуйж байна. Би “Та нар хичнээн их мөнгө амласан ч би өгөхгүй ээ. Энэ чинь миний бүтээл, зөвхөн манай монголын хүүхдүүд л дуулах ёстой” гэж хэлдэг.   

-2008 оны үед “Дахиад таван жил эмчийн хяналтад явна” гэж байсан. Одоо бие тань сайжирсан уу?

-Би анх 2004 онд анх өвдсөн шүү дээ. Цус багадалт, ядаргаанаас үүдсэн өвчин. Ер нь би их уйгагvй ажилладаг байсан. Аливааг халтуурдах дургvй. 2005 онд бvтэн жил хэвтрийн байсан. Хvvхдvvд утсаар яриад, "Багш аа, би таныг санаад байна" гээд уйлна. Ингэхэд сэтгэл хөдлөөд, хөөрхөн дуу хиймээр санагдаад, хvvхдvvддээ дуугаараа л бэлэг барьж байсан. “Барби” гэх мэт олон дуу энэ үед зохиогдсон байдаг. Түүнээс хойш 2006 онд сайн эмчлүүлж сайжраад 2007 онд таягаа хаясан. Гэхдээ одоо болтол эмчийн хяналтанд хэвээрээ. Зуны амралтаараа урагшаа дудагдаж, эмчилгээгээ хийлгээд явдаг. Би өвдөхгүй байх нь Монголын хүүдүүдэд маань хэрэгтэй шүү дээ.  

-МҮОНТ-ээс зохион байгуулсан “Алтанзул” хүүхдийн дууны наадамд таны бүтээл тэрүүлж гран при шагналын эзэн болсон?

 -Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гурван үе шаттай зохион байгуулагдсан энэ уралдаанд нийт есөн дуугаар оролцсоноос “Миний тал” гэдэг дуу маань “Гран при” шагнал авсанд баяртай байна. “Квинт” хамтлаг дуулаад манай хүүхдийн ордны найрал дууны дугуйлангийн хүүхдүүд ард нь хоор хийсэн.   

-Монголд хvvхдийн дууны багш олон ч тань шиг хvvхдийн дууны уран бvтээл туурвиад, бараг продюссорын vvрэг гvйцэтгэж яваа нь цөөн байх. Та шавь нарынхаа гаргасан амжилтаас дурьдахгүй юу?

-2008 онд “Гүүд бойс” хамтлагтай ОХУ-ын Новосимирск хотод болсон “Надежда планета” гэдэг уралдаанд очиж гран при шагнал авсан. 2013 онд Улаан Үдэд болсон П.И.Чайковскийн нэрэмжит найрал дууны уралдаанд 20-хон хүүхэд авч яваад ОХУ-ын 34 мужийн 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлагуудтай өрсөлдүүлж гаран пригийн авч байлаа. Хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалаад 20-хон хүүхэдтэй явсан ч тэд маань 40 хүүхэд шиг дуулж чадсан. Тэмцээний шүүгчээр ажиллаж байсан ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Москвагийн консерваторийн найрал дууны удирдаач Валерий Александрович Калинин гэдэг мундаг хүн манай хүүхдүүдийгмагтаж байхыг сонсоход сайхан байж билээ.   

Хvvхдvvд авьяасаа хөгжvvлээд явахад эцэг эхийн тvлхэц маш их хэрэгтэй. Эцэг эх нь дэмждэггvй шалтгаанаар авьяастай хvvхдvvд тэгсгээд хаягдаж байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад нэг хэсэг хүүхдийн уран бүтээл орхигдсон тал бий. Гэхдээ одоо буцаад гольдиролдоо орсон.

-Рок, поп зохиолын дууны хөгжмийн зохиолчид бүтээлээ дуучдад зараад дажгүй амьдардаг. Хүүхдийн дууны хөгжмийн зохиолчид уран бүтээлээ борлуулах зах зээл хэр байдаг вэ?

-Би хэзээ ч дуугаа зарж байгаагүй. Зардаг хүмүүс байдаг л юм билээ. Би бол хүүхдүүдтэй ажилладаг хүн, дуугаа үнэгүй өгдөг. “Энэ бол багшийн чинь та нарт өгч байгаа шагнал” гэж хэлдэг. Сая “Алтанзул” наадамд “Гран при” эзлээд авсан мөнгөөрөө би CD гаргах гэж байна. Шавь нартаа CD гаргаж өгнө гээд амалчихсан юм. Тэр хэдэн төгрөгийг хүүхдүүдэд тарааж өгөөд яах юм бэ. Буруу зүйлд сургана. Харин цомог нь гарчихвал илүү урамшина шүү дээ.  Эцэг эхэд нь ч ойлгуулсан. “Гран при авна л гэж бодож байгаа шүү, авчих юм бол мөнгөөр нь CD гаргаж өгнө“ гэж. Гэтэл шагналын мөнгө нь бас хүрэхгүй юм байна лээ. Яагаад гэвэл би маш олон дуутай. Зөвхөн шинэ жилийн дуунууд л гэхэд бүтэн цомог гаргаж болохоор. Тэгээд “Бага анги”, “Дунд анги”, “Ахлах анги” гэсэн гурван сиди гаргая гээд хүнээр төсөв гаргуулсан чинь хорин хэдэн сая төгрөг болчихсон. Гран пригийн шагнал 10 сая, тэндээс улс 10 хувийн татвараа авчихна. Гаалиар оруулж ирэхэд бас асар их татвар өгөх шаардлагатай болох юм билээ. Тэгээд толгой өвтгөсөн асуудал болоод байна. CD-гээ гаргачихвал би Улаанбаатар хот, 21 аймгаар цацмаар байдаг. Дараа нь “С.Ганчимэгийн дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг улс даяар зохиох төлөвлөгөөтэй байгаа учраас. Уран бүтээлээ Монголын бүх хүүхдэд хүргэчих юм бол би нүүр бардам алхана. Түүнээс би тэр хэдэн төгрөгөөр яах юм бэ. Миний бодож байгаа ганц юм тэр.      

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuuts(103.10.21.47) 2017 оны 12 сарын 02

Za bi ene huniig medehgui shawiig n bol medne bagsh hun ter tusmaa urlagiin hun beltgedeg hun bj huuhduudiinhee yos zui humuujild anhaarmaar yum tanii 98 onii shawi chin ail ger uimuuleed yawj bgag medeh uu 10jilee togsood gantshan jil bolj baij yaj huuhedtei hunii tolgoi erguulj yawj chaddag bnaa huuhduudiinhee bolowsrold anhaarmaap yum yos zui humuujil uhamsargui huuhed yuma tanii shawi

0  |  0
ШИНЭ ОН(66.181.189.185) 2016 оны 12 сарын 09

ЗӨВ ШҮҮ

0  |  0
zochin(202.179.29.109) 2016 оны 12 сарын 03

Gej sonsson ene hudlaa bhaa. Odiig hurtel huuhdin toloo yavj bga bagsh. Tand amjilt husie.

0  |  0
zochin(202.179.29.109) 2023 оны 11 сарын 01

Huuhdig yalgaj handdag

1  |  0
иргэн(202.126.91.216) 2016 оны 12 сарын 02

Тийм шүү ийм их зүтгэл гаргаж байгаа хүнд гавьяат өгөх хэрэгтэй ш дээ. Ёстой мундаг хүн дээ таниар бахархаж байна

0  |  0
зочин(202.21.116.2) 2016 оны 11 сарын 30

Ийм сэтгэлтэй багшид Гавъяат цолыг нь харамгүй өгөх хэрэгтэй

0  |  0
монгол хүн(202.179.29.177) 2016 оны 11 сарын 30

huuhdiig ylgaj handdag ta mungugui bol ene huuheneer huuhdee ym zaalgan hey gonj shu dee sonin balai avgai

0  |  0
Elwis(202.72.245.230) 2016 оны 11 сарын 29

Үнэхээр хүүхдийн төлөө гарт баригдаж, нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох их бүтээлийг хийсэн байна. Монголынхоо бүх хүүхдийн өмнөөс танд баярлалаа.

0  |  0
би(139.5.216.85) 2016 оны 11 сарын 29

эрүүл энхийг хүсье.Таниар маш их бахархаж байна.

0  |  0
ganbaa(150.129.141.252) 2016 оны 11 сарын 29

setgel zurheeree huuhdiin toloo zutgesen hun dee

0  |  0
Erdenesuvd(202.70.46.222) 2016 оны 11 сарын 29

Manai bagsh vneheer mundag hairtai shvv

0  |  0
САНАЛ(202.179.24.249) 2016 оны 11 сарын 29

МУНДАГ ҮНЭНХҮҮ ЭХ ОРОНЧ БАГШ ШҮҮ ГАНААА ЭНЭ ХҮНД ТЭР ГАВЬЯАТ БАГШИЙГ ӨГӨӨЧЭЭ ЭЛБЭГЭЭ ХӨГИЙН ХҮМҮҮС АВААААААЛ БХИЙМ 20 БАТБАЯР ,ЦЭЦГЭЭ ГМ ХИ ХИ

0  |  0
Тожий(202.70.46.238) 2016 оны 11 сарын 29

Одоо шавь нар нь #Гавъяат авах боллоо штэ.Жинхэнэ бор зүрхээрээ ажиллаж байгаа хүн дээ. Хүүхдүүдийн төлөө жинхэнэ амьдралаа зориулсан хүн гэж энэ хүнийг л хэлнэ

0  |  0
SNJ(202.179.29.74) 2016 оны 11 сарын 29

дэмжих ёстой хүн маань энд байсан байжээ. Очиж уулзанааа

0  |  0
Bulgan(202.170.70.34) 2016 оны 11 сарын 29

Bi ene Ganchimegiig ih ertnees medne. Uulzaj uchirch yavsangui. Yostoi gaihaltai mundag busgui dee. Ene busguid gaviyat uguhed uneheer oroitno uu gehees ertdehgui.

0  |  0
95(172.98.85.219) 2016 оны 11 сарын 29

mundag yum bn amjilt

0  |  0
ЗОЧИН(202.131.238.58) 2016 оны 11 сарын 29

Ямар мундаг багш вэ. би хотод амьдардаг байсан бол Хүүхдийн ордонд хүүхдүүдээ явуулж авъяасыг нь нээж хөгжүүлмээр санагдаад ер болж өгөхгүй юм. энэ ордноор дамжсан олон хүүхэд амжилттай явж байгааг сонсоход бахархалтай байдаг юм. Та хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа ч гэсэн өөрийгөө бас бодож, биеэ гамнаж байгаарай гэж эх хүний хувьд зөвлөмөөр байна. Таны гэр бүлд хэрэгтэй шүү дээ ээж хүн гэдэг чинь. амжилт хүсье. эрүүл энхийг бүх их хүсье.

0  |  0
Top