Барууны залуус Бразилд боловсрол эзэмшихээр хошуурах болсны НУУЦ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

“Бразил улс барууны бизнесийн шинжлэх ухааныг тэтгэгч нэг эх үүсвэр болох уу”.  Хэдэн жилийн өмнө бол энэ асуултад итгэлтэйгээр “Үгүй” гэж хариулах байсан биз. Гэтэл сүүлийн арваадхан жилийн дотор байдал итгэмээргүй өөрчлөгдөж, Өмнөд Америкийн энэ улс дэлхийн тавцнаа асар их хүчээр өндийн босч ирэв. Гадныхан Монголыг хээр тал хонь, малаар төсөөлдөг шиг Бразилийг ч мөн адил далайн эргээрээ жил тойрон хөлбөмбөг элдэн гүйдэг хөл нүцгэн жаалууд, Амазонкийн мөнх ногоон ширэнгэнд нүдэн балай чихэн дүлий аж төрдөг индианчуудаар төсөөлдөг байсан цаг саяхан. Харин одоо бол энэ улсын баялгийн зарцуулалт болон уул уурхайн менежмент, хөгжлийн загвар Австрали, Канадтай хүссэн хүсээгүй жишигдэн, шагшигдах болжээ.

Барууны ертөнц сүүлийн 15 жилийн турш асар хурдацтай хөгжиж буй Азийн орнуудыг анхааралтай ажиглаж, яваандаа эдгээр орнууд руу оюутан илгээх болсон билээ. Өөрөөр хэлбэл, оюуны хөрөнгө оруулалт хийх байр нь хоорондоо солигдсон. Харин одоо бол барууны ертөнцийн бараг бүх бизнес сургуулиуд өмнөд рүү, тэр дундаа Бразил руу анхаарлаа хандуулж, харилцаагаа өргөжүүлэхийг хүсдэг болсон байна. АНУ-ын Виржинийн их сургууль саяхнаас Бразилийн ижил чиглэлээр сургалт явуулдаг сургуультай хамтран “Global Executive MBA” (ГЕМБА) нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд тус сургуулийн оюутнууд Сан Паулу, Рио Де Жанейро зэрэг өндөр хөгжилтэй мужуудаар аялан хөгжлийнх нь нууцад нэвтрэхийг оролдох аж. Харин Канадын “Beedie” их сургууль Сан Паулугийн FIA бизнесийн их сургуультай хүчээ нэгтгэсэн байна. Бразил улс эдийн засгаараа Их Британийг гүйцэж, дэлхийд эхний зургаад эрэмбэлэгдэх болсон явдал олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж, боловсролын салбар нь бизнес оюун санааны ертөнцөд ийнхүү өндөрт гарах шалтгаан болжээ. Байгалийн асар их баялаг нь энэ зуунд ч гэсэн эрчээ алдахгүй урагшлах боломжийг олгож байгаа. Улстөрийн тогтворгүй байдал, түүнийгээ дагаад эдийн засаг нь ч асар эмх замбараагүй байсан тус улс сүүлийн 10-аадхан жилд, тодруулж хэлбэл Лула да Сильвагийн төр барьсан хугацаанд эмх журамд орсон нь дэлхийн бусад оронд үлгэр жишээ болон магтагдаж байна. Үндэстэн дамнасан корпорациуд бий болж, ашигт малтмал, өндөр технологийн хөгжил хөл зэрэгцэн явагдаж байна. Хэдий Л.да Сильва, түүний үйл хэргийг үргэлжлүүлэгч Д.Руссеф нар хээл хахуулийн хэрэгт орооцолдож, улс төрийн карьер нь эгзэгтэй байдалд орсон ч тэдний гавьяаг хэн ч үгүйсгэж чадахгүй. .

Улс орны хөгжлийг спорт нь тодорхойлдог гэдэг. Бразил улс өнгөрсөн хоёр жилийн дотор спортын хамгийн том хоёр үйл явдал Зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгууллаа. Үүн дээр улс орон хөгжиж буйн хамгийн бодит нотолгоо болох нийгмийн дундаж давхаргынхны өсөлтийг нэмэх хэрэгтэй.

            Төр засгийн оновчтой бодлого эдийн засгийн энэ хөгжил нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Яг одоогийн байдлаар, анх үүсч бий болсон гэр бүлийн ямар ч жижиг бизнес цаашид томорсоор үндэсний хэмжээний компани болох хууль эрх зүйн хийгээд татварын орчин, төрийн дэмжлэг Бразилд бүрдэж чаджээ. Одоогийн том корпорациуд ч гэсэн хэдэн жилийн өмнө жижиг байсан билээ. Үүнээс гадна барууны орнуудын саяхан гаргасан том алдааг давтахгүй байх давуу тал тэдгээр фирмүүдэд бий.

            Гадны орнуудаас ирж байгаа оюутнуудад Бразил БРИК-т багтдаг бусад орон болох Энэтхэг, БНХАУ-аас “шал өөр” мэдлэг санал болгодог. Энд ирсэн оюутнууд Самба бүжгийн багт наадмыг үзэж, тийм ядуу даржин хүмүүс хэрхэн ийм гайхамшигтай наадам зохион байгуулж болдгийг мэдэж авах болно.  Ийм “Самба менежмент” удахгүй дэлхий нийтэд үлгэр жишээ болох биз. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhj(43.242.243.234) 2016 оны 12 сарын 12

Baarand n

0  |  0
Top