С.Баяннасан: Хүүхдүүд шинжлэх ухааны мэдлэгтэй болох нь чухал ач холбогдолтой

2016 оны 12 сарын 14

ШУА-аас “Шинжлэх ухаан танин мэдэхүй”-н цуврал ном гаргаж хөдөө орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тарааж байгаа юм. Энэ тухай ШУА-ийн Эрдэм шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга С.Баяннасангаас тодрууллаа.

- "Шинжлэх ухаан танин мэдэхүй"-н хэдэн цуврал ном гаргаад байгаа вэ?
- Шинжлэх ухааны академи Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах гэрээ байгуулаад олон ажил хийж байгаа. Тэдгээрийн нэг нь “Шинжлэх ухаан танин мэдэхүй”-н цуврал ном гаргаж байгаа явдал юм. Номонд ШУА-ын хүрээлэнгийн төвийн эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг болон бүтээлүүдийг хялбаршуулаад энгийн хэллэг, тайлбар зурагтай оруулсан. Өнгөрсөн онд 10 хүртэлх цуврал ном хэвлүүлсэн. Энэ жил үргэлжлүүлээд 11-22 хүртлэх  цуврал гаргаад байна. 

Номыг зарж байгаа юу?
- Сурагчдад үнэ төлбөргүйгээр тарааж байгаа. Санхүүжилтийг БСШУЯ-аас авсан.

Хэчнээн тоогоор номоо хэвлүүлэв?
- Өнгөрсөн жил нэг хувийг нь л гэхэд 1000 ширхэг хэвлүүлсэн. Энэ жил нэг хувийг нь 500 ширхэг хэвлүүлсэн. Одоогоор хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ном хүргэх ажлыг хийж байна.

Номны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
- Мэдээжийн хэрэг хүүхэд багачуудыг шинжлэх ухаанд дуртай болно. Мөн эрдэмтэд юу судалдаг тухай болон байгаль дээрх порцессийг шинжлэх ухааны үүднээс таньж мэдэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, энэ жилийн хувьд эх дэлхий, эртний амьтан, ургамал, Монголын эзэнт гүрэн, шашин, хотжилт, хэл гэж юу вэ гэх мэт сэдвийн хүрээнд гаргасан. Харин өнгөрсөн жил цахилгаан, нана технологи гэж юу вэ гэх мэт сэдвийн хүрээнд цувралаар гаргасан юм.  Энэхүү номоос хүүхдүүд цахилгааныг яаж гаргадаг болон хэрхэн ашиглах талаар сурч авах нь ойлгомжтой. Ер нь хүүхдүүдээ номонд дуртай болгож, шинжлэх ухаанч хүүхэд залуусыг бэлтгэх зорилготой. 

- Хүүхдүүд рүү чиглэсэн өөр ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
- Эрдэмтэд юу хийдгийг таницуулах зорилгоор  нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан. Гэр хорооллын захын сургуулийн сурагчдыг "Хүннү Молл" дахь "Үлэг гүрвэлийн гайхамшиг" үзэсгэлэнгээр зочлуулсан. Тухайлбал, од эрхэс, үлэг гүрвэлийн үзэсгэлэнг сонирхож, эрдэмтдээс сонирхсон асуултынхаа хүрээнд хариулт авч байсан. Бид цаашдаа энэхүү ажлыг уламжлал болгон зохион байгуулна. Мөн 2015 оноос хойш 20 гаруй эрдэмтэд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч болон багш нарт зориулан илтгэл тавьж байгаа. Үүний хүрээнд олон нийтэд зориулсан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг бас зохион байгуулдаг. 

Цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
- Цуврал номоо тодорхой сэдвийн хүрээнд жил боолгон гаргана. Бидний гаргасан номыг уншсан уншигчид маань саналаа ШУА-д ирүүлж болно. Мөн хүүхэд багачууддаа хүрээлэн төвийн үйл ажиллагаатай танилцуулж, эрдэмтэдтэй уулзуулах боломжийг нээж өгнө. Ирээдүй болсон хүүхдүүд маань шинжлэх ухааны мэдлэгтэй болох нь чухал ач холбогдолтой юм.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.114.123) 2016 оны 12 сарын 21

Цахим ном болгож түгээдэг үү

0  |  0
Top