“Хувийн хэвшлийн топ 10 сургууль”-ийн нэг “Идэр” дээд сургууль Монголын оюутан залуусын боловсролыг дэлхийн түвшинд гаргах, эрдэм мэдлэгийн үүдийг нээгээд 20 гаруй жил болжээ.
Тус хамт олон бизнесийн шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх эрхэм зорилгынхоо хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Манлайллаар мэргэшсэн онлайн магистрын хөтөлбөр” юм. Дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө үед онлайн сургалт, тэр дундаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц магиструудыг бэлтгэх тус сургалтын талаар “Идэр” дээд сургуулийн дэд захирал Ж.Бурмаатай ярилцлаа.
-Манлайллаар мэргэшсэн онлайн магистрын сургалтын онцлог нь юу вэ?
-Өнөөгийн залуусын хэрэгцээ шаардлага, бодолд нь тааруулж “Идэр” дээд сургууль Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Манлайллаар мэргэшсэн онлайн магистрын бизнесийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар ажиллангаа зайнаас суралцаж, алтан цагаа хэмнэх боломжтойгоос гадна АНУ-ын MBA-ийн хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн хаана ч гологдохооргүй мэргэжилтэн болох боломжтой юм. Манай сургалтыг төгссөн хүн дэлхийн аль нэг сургуульд очоод шууд доктороор дэвшин суралцах боломжтой.
Мөн сүүлийн үед гэр бүлийн бизнесээ хэрхэн, хэнд өвлүүлэх вэ гэдэг асуудал яригдах боллоо. Тухайлбал, 20-30 жил авч явсан бизнесийг нь үр хүүхдүүд нь сонирхдоггүй, эсвэл өвлүүлэх үр хүүхэдгүй гэх шалтгааны улмаас олон бизнес үнэгүйдэж байна. Ийм байдлыг арилгаж, бизнесийн хүмүүст туслах зорилгоор сургалтандаа “Энтерпренер ба гэр бүлийн бизнес” гэх хямралын үед хүмүүс бизнесээ эхлүүлэх хичээлийг заахаар болсон. Энэхүү хичээлээр гэр бүлийн бизнесийг хэрхэн авч явах, зах зээл дээр хэрхэн нутагшуулах вэ гэдгийг заах юм.
-Нийт хичнээн цагийн хичээлийг онлайнаар заах вэ. Мэргэшсэн магистрын хөтөлбөрт хамрагдсанаар өөр ямар боломж нээгдэх үү?
-Нийтдээ 36 кредит хичээл заана. 30 кредитийг “Идэр”-т үзэхдээ 12-ыг нь англи хэлээр Америк, Герман багш нар заах юм. Өнгөрсөн 10 дугаар сард бидэнтэй хамтран ажилладаг АНУ-ын Теннеси мужийн эртний түүхтэй Линкёлн Мемориал Их сургууль манай онлайн, манлайллаар мэргэшсэн хөтөлбөрөөс магистрант шилжүүлэх суралцахыг тохирсон гэрээ байгуулсан. Тэгэхээр “Идэр”-ийн МВА-г төгссөнөөр дэлхийн 600 гаруй сургуульд шилжих, зэрэг ахиулан суралцах боломж бүрдээд зогсохгүй MBA хөтөлбөрт АНУ руу шилжин суралцана гэсэн үг юм. Ингэхдээ ямар ч давтан шалгалт өгөхгүй. Мөн МВА-г Америк багш англиар монгол орчуулгатай, Монголын доктор, профессор багш нар заах болно.
-Гадаад багш хичээл заана гэхээр залуус жаахан хойш суух гээд байдаг. Үүн дээр танайх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тиймээ. Англи хэлээр хичээл заана гэхээр хүүхдүүд айж, хойш суух гээд байдаг. Тэгвэл үүнтэй зохицуулан манай Америк багш нар хичээлээ англиар монгол орчуулгатай зааж, бие даалтуудаа Монгол хэлээр авч байя гэж байгаа.
Хамгийн гол нь сургалтын бас нэг давуу тал нь оюутан багшийн заасан хичээлийг хэзээ ч хэдэн ч удаа ухрааж үзэх боломжтой. Бид сургалтын тусгай программ дээрээ видеогоор, презентаци хэлбэрээр цаг алдалгүй байршуулаад явна гэсэн үг.
-Хэдийгээр англи хэлний мэдлэг нь сайн биш ч хичээлүүдээ англиар үзэх хүсэлтэй хүмүүс байвал яах вэ?
-Болно. Манай “Санхүү, нягтлан бодох бүртгэл ба хөрөнгийн зах зээл”, “Глобал бизнес” гэх мэргэжлийн хичээлүүд, “Энтерпренер ба гэр бүлийн бизнес”, “Стратегийн манлайлал” гэх мэт мэргэшүүлэх хичээлүүд маань англи хэл дээр төрөлх англи хэлтэй багш, АНУ-д хоёр ч MBA авсан залуу багш нар заана.
Мөн Менторшип хөтөлбөр нь сургалтандаа багтсан, үнэ төлбөргүй байгаа гэсэн үг.
-Сургалтыг хүмүүс хэр их сонирхож байна. Бүртгүүлэх гэж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол... ?
-Манай сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс Бизнесийн удирлагын баклаврын зэрэгтэй байхаас гадна дипломын голч оноо нь 2.8-аас дээш байх ёстой. Энэхүү сургалт зарлагдсанаас хойш бизнесийн удирдлагаар сурч байгаагүй ч IT-гийн чиглэлээр төгссөн, Төрийн бус байгууллага ажиллуулдаг хүмүүс их хандаж байна. Тиймээс бид дээрх хүмүүст зориулаад бизнесийн удирдлагын баклаврт шилжих боломжийг олгох үүднээс дөрвөн хичээлийг санал болгож байгаа. Тэр хичээлүүдийн маань кредит боломжийн үнэтэй.
Одоогоор хөтөлбөртөө 20 гаруй хүнийг бүртгээд байна. Мөн хөтөлбөрт гэртээ хүүхдээ харж байгаа ч, магистраар суралцах хүсэлтэй нэг ээж байна. Мөн Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа залуу бизнесмэн, марафонд гүйгч Б.Буджаргал, “Идэр”-ийг төгсөөд Алибабагийн “Глобал Сервис Партнер”-ын Ерөнхий захирал болсон Д.Мөнгөн, “Нүүдэлчин” группын маркетингийн салбарын захирал Д.Хулан, УИХ-ын гишүүний зөвлөх Э.Олдохбаяр зэрэг мэргэжлээрээ бусдыгаа манлайлж буй залуус хамрагдаж байгаад туйлын баяртай байна.
-Төлбөрийн тухайд дэлгэрэнгүй тайлбарлаач..?
-Гадаадын улс орнуудад МВА-ийн сургалтууд маш өндөр үнэтэй байдаг. Харин манай сургуультай хамтран ажилладаг Линкёлн Мемориал Их Сургууль тодорхой хөнгөлөлт үзүүлсний дүнд 20 мянган доллараар MBA боловсрол олгож байна. Манай хөтөлбөрт хамрагдсанаар нэг сумаар хоёр биш, дөрвөн туулай агнах боломжтой болно гэсэн үг. Дээр нь карьераа өсгөх боломжтой.
-Сургалтын үйл явц яаж явагдах юм бэ?
-“Идэр” дээд сургуулийн албан ёсны сайт дээр бид “Манлайллаар мэргэшсэн онлайн магистрын хөтөлбөр”-өө удирдан явуулах тусгай программыг бэлтгэсэн байгаа. Элсэгчдээ энэхүү программд бүртгээд, нууц үг хаягийг нь өгнө. Тэрхүү программд тухайн өдрийн хичээлүүд, хичээлийн даалгаврууд цаг алдалгүй тавигдаж байх юм. Мөн багш тэрхүү программд хэзээ онлайн болж холбогдох вэ гэдгийг ч бичнэ. Тэгэхээр хичээлийн бус цаг байсан ч суралцагч, багш онлайн байх хугацаанд хичээлтэй холбоотой зүйлсийг асуух боломжтой болох юм.
Мөн бид сургалтын онцлог шинж чанартай уялдуулан оюутнууддаа зөөврийн компьютер өгч сурах нөхцөл боломжоор нь хангаж байгаа. Магадгүй тухайн хүн онлайнаар суралцах хүсэлтэй байдаг ч компьютер байдаггүй гэх шалтгаан байдаг шүү дээ. Тэгвэл манай хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа зөөврийн компьютероор хангагдана.
-Нэг өдөр хичнээн цагийн хичээл орох уу?
-Хүн хүнээсээ шатгаалаад өөр өөр. Хамгийн гол нь тухайн суралцагч хөтөлбөрт багтаж байгаа хичээлийг бүгдийг нь үзэх ёстой. Манайхан яаж ийж байгаад л дүн авчихдаг шүү дээ. Тэгвэл Америкт тиймэрхүү арын хаалга байдаггүй. Энэ хөтөлбөр маань тэр зарчмаар явна. 200 хуудас даалгавар унш гэсэн бол уншаад л шалгуулахаас өөр арга байхгүй.
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хөтөлбөрийг Монголд суурьшуулахын тулд нэлээд судалгаа хийсэн байх?
-Судалгаа их хийсэн. Гэхдээ манай “Идэр” дээд сургуулийн хувьд бизнесийн удирдлагын магистрын чиглэлээр танхимын сургалт явуулаад 10 гаруй жил болсон байна. Тиймдээ ч бусад сургуулиас илүү туршлагатай гэж ойлгож болно. Харин яаж монгол хүмүүст заах вэ гэдэг арга ухаан чухал. Тиймээс ч туршлагатай, заах арга зүй сайтай Монгол, Америк багш нарыг сонгон энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )