Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хос медальтан болно гэдэг ховорхон амжилт. Ийм амжилтын эзэн болсон гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 60 кг-ын жинд барилдаж байгаад өнгөрсөн жилээс 58 кг-д барилдах болсон. Учир нь, энэ жин олимпийн хөтөлбөрт багтсан. Цаашид энэ жиндээ амжилт үзүүлэх зорилготой тэрбээр 2017 оны улсын аваргад түрүүлснийг спорт сонирхогчид санаж байгаа биз. Улмаар ОХУ-ын Красноярск хотод болсон алдарт бөх Яригыны нэрэмжит тэмцээнд оролцоод эх орондоо иржээ. Ингээд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг энэ удаагийн зочноороо урилаа.
-Он гарснаас хойш тэмцээн уралдаан гээд нэлээд завгүй явлаа. Ярилцлагаа Красноярскийн тэмцээнээр эхлүүлэх үү?
-Миний хувьд 2016 онд санасан амжилтуудаа гаргаж чадаагүй. Тийм учраас бэлтгэлээ шаргуу хийе гэж бодсон. Улмаар бүтэн жилийн бэлтгэлийн үр дүнгээ өнгөрсөн сард болсон улсын аваргаар үзлээ. Хэдийгээр манай жинд цөөхөн тамирчин барилдсан ч миний хувьд барилдаан бүртээ маш их ач холбогдол өгсөн. Учир нь, 58 кг бол олимпийн жин шүү дээ. Энэ жинд маш хүчтэй өрсөлдөгч гэгдэх П.Орхон маань жин өгссөн болохоор би найзынхаа амжилтыг хамгаалах ёстой гэж бодсон. Тэр утгаараа улсын аваргад сайн барилдаж түрүүллээ. Гэвч Яригыны нэрэмжит тэмцээнд санасан хэмжээнд байж чадсангүй. Тэмцээн маш сайхан болж өнгөрсөн. П.Орхон маань энэ тэмцээний хошой аварга болж чадлаа. Өнгөрсөн жил алдарт бөх Ичог ялж түрүүлсэн бол энэ удаа нутгийн эзэн тамирчныг үзэгчдийнх нь өмнө ялж түрүүлсэн. Ер нь энэ тэмцээнд жилээс жилд зохион байгуулалт сайтай болдог. Энэ жил ч ялгаагүй сайхан болж дуусав.
-Таны хувьд өнгөрсөн жил шинэ жинд дасах хэцүү байсан байх даа?
-Шууд хэцүү байсан гэж хэлж болохгүй болов уу. Гэхдээ нэг л болж өгөхгүй байлаа. Уг нь хоёр кг хасч барилдаж байгаа мөртлөө сульдаад, ядраад байсан. Тиймээс өнгөрсөн жилийн улсын аваргад сайн амжилт үзүүлж чадаагүй. Бас олимпод оролцох хүсэл мөрөөдөл дүүрэн байсан ч чадсангүй. Ингээд л миний мөрөөдөл дахин дөрвөн жилээр хойшилж байгаа юм. Тиймээс мөрөөдлөө дахин хойшлуулахгүйн тулд одооноос жиндээ сайн дасан зохицох хэрэгтэй болж байна. 2020 оны олимпод оролцох туйлын зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
-Риогийн дэвжээнд гарах зорилготой байсан чадаагүй. Хэцүү байсан уу, тэр үед?
-Тийм ээ. Хүнд тусдаг юм билээ. Олимпод оролцохын төлөө бүх зүйлээ орхигдуулсан ч талаар болсон. Гэхдээ энэ бол миний л буруу. Би муу байсан учраас олимпод оролцож чадаагүй. Өөртөө л хатуу чанга шаардлага тавьж ирлээ дээ, өнөөдрийг хүртэл.
-Хэдийгээр Риогийн олимпод оролцож чадаагүй ч шинэ олимпийн цикл хэдийнэ эхэлжээ. Таны мөрөөдөл талаар өнгөрөх болоогүй л байна?
-Харин цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Саяхан л бид олимпийн наадамд барилдсан бөхчүүдээ дэмжээд, хэрхэн барилдах бол гэж захыг нь мушгиж суусан. Харамсалтай нь, манай чөлөөтийнхөн хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Ганц хүрэл медальтай ирэх байсан ч шүүлтийн буруугаас болоод түүнийгээ хүртэл алдсан шүү дээ. Тэр утгаараа Риогийн олимп манайханд маш хатуу болсон болов уу. Олимпийн медаль авах боломжтой маш олон тамирчин байсан ч хоёрхон медальтай ирсэн. Би тамирчин хүн учраас олимпод тааруу оролцсон тамирчдадаа хандаж хэлж байгаа иргэдийн үгэнд үнэхээр их эмзэглэсэн. Уг нь манайхан нэг үеэ бодвол спортыг, тамирчдынхаа ялалт, ялагдлыг харьцангуй ойлгодог болсон. Гэвч тэдний дунд тамирчдаа элдвээр доромжилж, гутаадаг хүмүүс байсаар л байна.
-Олимпод манайхан маш их боломжоо алдсан. Тэр утгаараа тамирчдад хатуу шүүмж хэрэгтэй байсан байх?
-Мэдээж шүүмжлэл байлгүй яах вэ. Бүх зүйл магтаал дунд явна гэж байхгүй. Гэхдээ манайхан шүүмжээ ялгаж салгах хэрэгтэй.
-Мандахаагийн барилдаа-ныг бүгд үзсэн. Гэхдээ энэ тал дээр байр суурь нь хоёр хуваагддаг. Одоо ч тэр хэвээрээ байгаа?
-Тийм ээ. Гэхдээ шүүлт шударга бус болсон гэдэгтэй маргах хүн цөөхөн. Мандахаа ах олимпийн медальтан болсондоо баярлаад дэвжээ тойрч гүйсэн нь хэдхэн секундын л агшин шүү дээ.
-Тэгвэл Баяраа, Цогтбаяр багш нарын үйлдлийг тухайн үед хэрхэн хүлээж авав?
-Бахархсан. Би Цогоо багш, Хосбаяр багшаараа үргэлж бахархдаг. Тэднийг олигтойхон амжилт гаргаж баярлуулах юмсан гэж үргэлж бодож явдаг. Зөвхөн би ч биш манай “Алдар” спорт хорооны тамирчид надтай адилхан бодолтой байгаа. Миний хоёр багш бидний төлөө бүхнээ зориулдаг. Ялалтын төлөө ямар ч хамаагүй аргаар тэмцэж, юу ч хийхэд бэлэн байдаг. Ийм багшаар бахархахгүй гээд яах билээ. Би 19 насандаа дэлхийн аваргад түрүүлж багшийгаа баярлуулсан. Дараа жил нь мөнгөн медаль авч дахин баярлуулсан. Одоо бол олимпийн медальтан болж баярлуулмаар байна. Тэгж чадвал миний тамирчин болсны, энэ хоёр хүний шавь болсны хэрэг гарна. Намайг анх дэлхийн аварга болоход Хосоо багш “Чи өөрийгөө голоод л байдаг байсан. Одоо өөрийгөө мэдэрсэн биз дээ” гэж хэлээд духан дээр үнэрлэж билээ. Миний аавын оронд аав болсон хоёр багшаа олон жил баярлуулна гэж бодож явдаг шүү. Аливаа тэмцээн уралдаанд амжилттай оролцсоныхоо дараа анх 2007 онд ямархуу байдалтай ирж байснаа дурсдаг юм. Ахынхаа ачаар багш нартайгаа холбогдож өдий зэрэгтэй явж байна даа.
-Одоо чөлөөт цаг гарах үедээ дэлхийн аварга болж байсан бичлэгээ дахин үздэг үү?
-Байнга шүү дээ. Миний өрсөлдөгч бол олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Европын аваргын алт, хүрэл медальтай Юлия Раткевич шүү дээ. Тэр мундаг бөхийг ялж байгаагаа харахаар зориг ордог юм. Тэгээд ч хамгийн залуу дэлхийн аварга болсон мөч. Тийм болохоор хааяа барилдааны бичлэгийг үзэж таашаал авдаг.
-Энэ жилийн хувьд ямар тэмцээн уралдаанд оролцох бодолтой байна вэ?
-Одооноос тэмцээнүүд да-раалаад болно. Ямар тэмцээнд оролцохыг дасгалжуулагч нар шийдэх байх.
-Цаашид 2020 он хүртэл 58 кг-ын жиндээ барилдах уу?
-Тийм ээ. Энэ жиндээ барилдаж байгаа олимпод оролцохыг хүсч байна. Өмнө нь нэг боломжоо алдсан бол одоо дахиж алдахыг хүсэхгүй байна. Тиймээс 2020 онд анхныхаа олимпод оролцохын төлөө л бүх зүйлээ зориулна даа.
-Шигшээ баг бүрдэхгүй нэлээд удлаа. Энэ нь та бүхэн хэр нөлөөлж байгаа бол?
-Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яах вэ. Гэхдээ удахгүй шигшээ баг бүрдэж бүх зүйл хэвийн горимдоо шилжинэ гэдэгт итгэж байна. Одоогоор бид “Алдар” спорт хороон дээрээ бэлтгэлээ хийгээд л явж байгаа.
-Тамирчид томоохон баяруудаар ихэвчлэн гадаадад тэмцээнд оролцож таардаг. Гэтэл удахгүй сар шинэ болох гэж байна. Энэ жил гэртээ шинэлэх үү?
-Тэгнэ ээ. Нэгэнт л тамирчин болсон юм чинь бусадтайгаа адилхан тэмцээндээ оролцоод л, бэлтгэлээ хийгээд л явна. Түүнээс биш би энэ жил цагаан сараар гэртээ байна гэсэн ойлголт байхгүй. Зарим үед тэмцээнтэй, эсвэл цугларалтад гарсан байж таардаг. Тэгээд баяр дууссаны дараа л гэрийнхэнтэйгээ золгодог.
-Жүдо бөхөд бүхэл бүтэн нэг шинэ үе гараад ирлээ. Харин чөлөөт бөхөд ямар байна вэ?
-Зарим жинд бол байгаа л байх. Гэхдээ 53, 58, 60, 63 гэх мэт жинд цойлоод, тодроод гараад ирсэн шинэ залуу тамирчин алга. Харин ч эсрэгээрээ хууччуул маань улам хүчтэй болж байна. Энэ бол миний бодол шүү. 48 кг-ын жингээр жишээ авъя л даа. Гавьяат тамирчин Энхжаргал эгч одоо хүртэл барилдаж байна. Улсын аваргаас медальтай л харьж байна. Түүнийг дийлэх залуу бөх гараагүй л байна шүү дээ. 58 кг-ын жинд л гэхэд Э.Гантуяа тэргүүтэй бидний үеийн хэдэн тамирчин манлайд нь барилдсаар байна. 69 кг-д Түмээ эгч, Насанбурмаа эгч манлайд нь явж л байх жишээтэй. 63 кг-д ч гэсэн С.Батцэцэг аварга, П.Орхон жин өгсөөд ороод ирсэн. Бүгдээрээ л хэдэн жилийн өмнөөс улсын аваргадаа медалийн төлөө барилдаж, олон улсын эх орноо төлөөлсөөр явна. Гэхдээ тун удахгүй шинэ тамирчид гарч ирэх байх. Жүдо бөх бол чөлөөтийг бодвол харьцангуй олон тамирчин хичээллэдэг болжээ. Саяын улсын аваргыг харахад 60 кг-ын жинд л гэхэд 70 орчим бөх барилдсан.
Б.Мөнхзул
Сэтгэгдэл ( 0 )