УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Учралын байр, суурийг сонслоо. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн тэрбээр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын ач холбогдол болоод үр дагаврын талаар хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэе.
-Сүүлийн үед батлагдаж буй хуулиуд болон нэмэлт, өөрчлөлтүүд олон нийтийг анхаарлыг ихээхэн татаж зарим тохиолдолд иргэдийг талцуулдаг болжээ. Тухайлбал, Эрүүгийн хууль, Хилийн тухай хууль, Зөрчлийн хууль олон нийтийн санал бодол, шүүмжлэлтэй ихээхэн тулгарлаа?
-УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар иргэд олон нийт санал бодол, байр суурь, шүүмжлэлээ илэрхийлэх нь зүй ёсны хэрэг гэж би боддог. Учир нь иргэдийн амьдарч буй нийгмийн харилцааг хуулиар л зохицуулдаг шүү дээ. Хилийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг чухал хуулийг батлах, дагаж мөрдүүлэх, хуульчлах түүхэн үүргийг энэ парламент хүлээж байна. Тиймээс бид ажлаа л сайн хийх хэрэгтэй юм.
-Ялангуяа Эрүүгийн хууль их онцлогтой. Нийгмийн өвөрмөц харилцааг зохицуулдаг уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрэлт шаардлагыг юу гэж харж байгаа вэ?. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
-Монгол улсын Эрүүгийн эрх зүйн уламжлал гэж бий. Уламжлалыг алдагдуулж болохгүй юм. 1920-иод оны үеэс Эрүүгийн хуулийн үндэс суурь тавигдсан. Мөн 1942, 1961 оны Эрүүгийн хууль гэж бий. Үүнээс хойш 1986 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.Өөрөөр хэлбэл, Эрүүгийн эрх зүйн тогтолцоо, уламжлал нь өөрийн дэг жаягаар өнөөдрийг хүрсэн. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Х.Тэмүүжин нарын гишүүд одоогийн Эрүүгийн хуулийг өргөн барьсан. Ингээд хуулийн дагаж мөрдөх хугацааг нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр гэж заасан байсныг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2016 оны есдүгээр сараас хуулийг хэрэгжүүлэхэд зардал, мөнгөний хүндрэлтэй асуудал үүссэн. Учир нь энэ хуулиар ялын шинэ төрлийг бий болгож, зарим гэмт хэргийн ангиллыг байхгүй болгосон байсан юм. Ялын шинэ төрлийг хэрэгжүүлэх мөнгө, санхүүгүй байснаас гадна хуулийг сурталчлан таниулах ажил хийгдээгүй байсан гэсэн үг. Эрүүгийн хууль нь хүний амь, амьдралтай холбоотой. Тиймээс уг хуультай холбоотой бүхий л заалтуудыг маш сайн судалж шийдэх ёстой юм. 2015 оны Эрүүгийн хууль өмнөх уламжлалыг эвдсэн байсан. Тодруулбал гаднын улсуудын хуулиудаас маш олон заалтыг орчуулж оруулсан. Гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг хассан. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэлбэрээр нь зүйлчилсэн байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс үүссэн тодорхой хохирлыг тавилгүйгээр хэлбэрийн төдий ялимгүй хэргийг гэмт хэрэгт тооцохоор байсан. Өөрөөр хэлбэл, шоронжуулсан хуулийг гаргах нөхцөл байдлыг бүрдүүлсэн байсан юм. Жишээлбэл, өмнөх хуульд хорих ялын хугацааг 7 хоног гэсэн байсан. Хэрвээ хүмүүсийг 7 хоногоор хоривол юу болох вэ. Мөн энэ хуулиар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг зарчмыг зөрчсөн байсан. Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм, хэмжээ актыг ашиглаж болно. Захиргааны хэм, хэмжээ акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан бол гэмт хэрэгт тооцно гэх мэтээр төсөөтэй хэрэглэсэн зохицуулалт тус хуульд маш их байсан. Мөн хуулийн этгээд хариуцлага хүлээдэг зохицуулалт олон байсныг нь хасаад хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж болно гэхдээ тодорхой гэмт хэргүүд дээр хариуцлагыг хүлээлгэнэ гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Тэгэхээр энэ хуулийн өнөөгийн нөхцөлд нийцээгүй, боломж нь бүрдээгүй, практик болон онолын хувьд алдаатай ойлголтыг нь засаж залруулахын тулд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашлаад Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулга өөрөө 946 заалттай. Үүний 315 заалтад өөрчлөлт оруулж 69 заалт нэмэхээр тусгасан нь хуулийн 50 хувиас хэтрээгүй. 2015 оны тус шинэчилсэн найруулгын хувьд 2002 оны хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд одоо оруулж буй нэмэлт өөрчлөлт тус шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг алдагдуулаагүйг хэлэх ёстой. Гэхдээ үзэл баримтлалдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зэрэг дэвшилтэд санааг тусгасан байсан хэдий ч зохицуулалтыг бүрэн хангаж чадаагүй байсан. Цаашдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих ёстой гэж үзэж байгаа. Шинэчилсэн найруулгаар Эрүүгийн эрх зүйн уламжлалыг алдагдуулаагүй зохицуулалтуудыг оруулах ёстой.
-Уг хуульд нэмэлт, өөрчлөлтөөр ямар шинэ зохицуулалтуудыг оруулж өгсөн бэ. Нэмэлт, өөрчлөлт орсноор уг хууль яг яаж өөрчлөгдөж байгаа юм бэ?
-1989 онд “Их долоо”-гийн байгуулсан Олон улсын санхүүгийн түр хороо гэж байдаг. Уг түр хороонд өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 30 гаруй орон нэгдчихсэн байна. Терроризм болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор уг түр хороог байгуулсан байдаг. Уг байгууллагын дэргэд Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг бий. Уг бүлэгт манай улс байдаг. Энэ байгууллага нь улс орнуудыг саарал болон хар жагсаалтад оруулдаг. Уг байгууллагаас санхүүгийн чиглэлээр шийдэх ёстой 40 зөвлөмжийг манай улсад өгсөн. Уг 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол хар жагсаалтад оруулдаг. Хар жагсаалтад орвол дэлхийн бусад санхүүгийн байгууллагатай ямар нэгэн хэлэлцээр хийх эрхгүй болно. Энэ байгууллага нь өөрөө дэлхийн санхүүгийн байгууллагуудад “Энэ улстай хэлэлцээр хийж болохгүй шүү” гэсэн шаардлагыг хүргүүлдэг гэсэн үг. Тэгэхээр бид тодорхой зөвлөмжүүдийг нь дагах ёстой юм. Тийм ч учраас хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалтуудыг нь хуульдаа оруулж өгсөн. Мөн авлигын гэмт хэргийг шинээр оруулснаас гадна гэмт хэргийн хохирлыг тодорхой болгох зохицуулалтуудыг оруулж өгч байна. Хохирлын хэмжээг тавьж өгч байгаа нь хохирлын хэмжээ тодорхойгүй байхад хүнийг шийтгэдэг байдлыг байхгүй болгож байна гэсэн үг юм. Гэмт хэргийг ангилалгүй болгосон байсныг ангилалтай болгосон. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэргийг хойшлуулж байгаа. Мөн эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр ялын бодлогын зохицуулалтыг зохих түвшинд чангатгаж өгсөн байгаа.
-Эрүүгийн шинэ хуульд манай улсын практикт байгаагүй олон төрлийн ойлголтыг хуульчилсан гэж ойлголоо. Энэ үйлдлүүдийг хуульчилж гэмт хэрэгт шинээр тооцох хэрэгцээ шаардлага байсан уу?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд 225 гаруй үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Эдгээрийн 65 орчим нь үйлдэгдэж 6000 гаруй хүн ялаа эдэлж байгаа баримт бий. Тус 65 гэмт хэргийн 93 хувийг хүнийг санаатайгаар хороох, бусдын биед хүнд гэмтэл учруулах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах зэрэг найман төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Дээр дурдсан шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах хэрэгцээ зайлшгүй байгаа. Учир нь гэмт хэрэг нийгмийн хөгжлөө дагаж хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс орчин үеийн хэрэгцээ, шаардлагаа даган цахим орчинд гэмт хэрэг ихээр үйлдэгдэхээр байна. Бид бусдын эрх, эрх чөлөө хувийн орон зайд халдах шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж өгсөн.
-Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийг хэт их шоронжсон хэмээн олон нийт шүүмжилдэг. Мөн “Ц.Нямдоржийн хууль” ч гэж нэрлэдэг?
-Хуулийг нэг хүн баталдаггүй шүү дээ. УИХ-аар хэлэлцэж хамтын зарчмаар баталдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд одоо мөрдөгдөж буй 2002 оны Эрүүгийн хуулийг өлгийдөн авсан хүн. Өөрөөр хэлбэл, хуулийг төслийн шатнаас эхлээд батлагдах хүртэл нь ажилласан. Цаашлаад энэ хуулийн зүйл, заалт бүрийн үндэслэл, хэрэгцээ шаардлага, амин чанарыг нь мэддэг учраас ингэж нэрлэсэн байх. Шоронжсон гэх үгний хувьд бол өмнөх Эрүүгийн хуульд 340 гаруй удаа... “хорих ялаар шийтгэнэ”, “...хүртэл хугацаагаар хорино” гэх мэт заалтууд байдаг. Эрүүгийн хуульд ч мөн тунхаглалын шинжтэй, хэрэгждэггүй заалт олон байсан шүү дээ.
-Тухайлбал?
-Гэхдээ 2002 оны хууль бол эрүүгийн эрх зүйн уламжлалыг хадгалж, үүргээ биелүүлсэн хууль юм. Монгол улс хууль цаазын эртний их түүхтэй. Хэв хуультай байсан үеэс эхлэн бичмэл хууль, төрөлжсөн хуультай болох түүхийн хугацаанд олон хувьслыг туулсан. Эртний хуулийн амин сүнс өнөөдөр ч манай хуульд хадгалагдаж байна. Жишээ нь одоо бидний хуульчлаад байгаа “Албадан ажил хийлгэх”, “нийгэмд тустай ажил хийлгэх” ялыг тухайн үедээ аргал түүлгэх, бичиг бичүүлэх, мал маллуулах зэрэг ял оноох байдлаар тусгаж оногдуулж байсан байдаг. Харин таны асуусан тунхаглалын шинжтэй заалтын хувьд хэд, хэдэн жишээ хэлж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлд заасан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгана гэсэн заалт өнгөрсөн 15 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй. Хоёрдугаарт, уг хуулийн 69 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй этгээдийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сургалтад хамруулж засаж залруулна гэсэн заалт мөн л хэрэгжээгүй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэдэн хүүхдийг хорилгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлсэн юм бэ. Энэ тоо өнөөдөр бүрхэг байна. Гуравдугаарт, харьцангуй тодорхой санкцтай буюу ялын нэг л төрлийг оногдуулахаар хуульчилсан хэргийг цэргийн жинхэнэ албан хаагч, насанд хүрээгүй этгээд, гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг зэрэг этгээд үйлдсэн тохиолдолд ялыг солих боломжгүй гэсэн заалт нь маш их хүндрэлийг үүсгэж болох байдалтай байгаа.
-Тэгвэл энэ алдааг яаж засах ёстой юм?
Нийгмийн бүхий л төрлийн салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачид болон туршлагатай мэргэжилтнүүдийг санаа бодлыг сонсох ёстой. Тэднээс гарсан тодорхой санал санаачлагуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол олон улсын гэрээ конвенц үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж гаргах ёстой юм. Манай эрүүгийн эрх зүйн салбар олон эрдэмтэн, докторыг төрүүлсэн. Бид энэ баялгийг ашиглах ёстой.
-Манай улс Эрүүгийн хуулийн хүрээнд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Эрүүгийн эрхийн хүрээнд Монгол улсын нэгдэн орсон гэрээг Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүд, байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой гэрээнүүд гэж ангилж үзэж болох бөгөөд ийм төрлийн 50 гаруй гэрээ байна. Хүлээсэн үүргээ биелүүлэх нь бидний үүрэг шүү дээ.
-Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа юу?
-2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгаагүй байсан ч Зөрчлийн тухай хуульд тусгасан байсан. Энэ үзэл баримтлалыг хуулийн төслөөр хөндөөгүй.
-Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулахыг хориглосон заалт эрүүгийн хуульд байсан. Банк бус санхүүгийн байгууллагыг хууль бусаар байгуулбал ямар хариуцлага хүлээх вэ?
-Зөрчлийн тухай хуульд банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай зөрчих үйлдлийг зөрчилд тооцон тусгасан. Банк, банк бус санхүүгийн байгууллага хоёрыг харьцуулах боломжгүй юм. Үйл ажиллагааны цар хүрээ, дүрмийн сан гээд өөр шүү дээ.
-Торгуулийн нэгж гэж шинэ ойлголт хуульд байсан. Торгох ялыг нэгжээр оногдуулах талаар тайлбарлаач. Торгуулийн нэгж хэдэн төгрөгтэй тэнцэж байгаа вэ?
-Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэж байгаа. 2015 оны шинэчилсэн найруулгад 2000 төгрөгөөр тооцсон байсан. Хүнд оногдуулах торгох ялын хувьд 100-40000 нэгж буюу 100.000-400 сая төгрөг байна. Хуулийн этгээдэд оногдуулах торгох ял 10000-400000 нэгж буюу 10 саяас 400 сая төгрөг байгаа. Харин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хүнд оногдуулах шийтгэл 10-20000 нэгж, хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэл 100-200000 нэгж байх юм. Манай улсын хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас өмнө торгох ялыг төгрөгөөр тооцдог байж байгаад 2002 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Бусад улсуудын туршлагаас харж байхад эдийн засгийн хувьд болон ханшийн өсөлт бууралт, амьжиргааны түвшин тогтвортой улсууд торгох ялын хэмжээг өөрийн мөнгөн дүнгээр тооцож байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, ханшийн өсөлт бууралт их байгаа учир мөнгөн дүнгээр тооцсоноос нэгжээр торгох ялаа илэрхийлээд явбал зохистой юм. Шаардлагатай бол нэгжийг хэдээр тооцох зохицуулалтаа л эргэж харахад цаг үетэйгээ нийцээд явах боломж үүсэж байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна.
-Эрх барьж буй улс төрчид өмнөх парламентынхаа хийсэн ажлыг баллаж төрийн залгамж халааг үгүй хийлээ гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй нь мөн л ийм шүүмжлэлийг дагуулж байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би хувь хүнийхээ цаашлаад улс төрийн соёлынхоо хувьд ч өмнөхөө болон өнгөрснөө үгүйсгэх дургүй. Монгол төрийн алтан залгамж ёсоор бид хийх ёстой ажлаа хийж байна.
-Цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. УИХ-ын чуулган удахгүй завсарлах гэж байна. Та чуулганы завсарлагаагаар юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Тойрогтоо ажиллана. Сонгогдсон тойрогтоо ажиллаж өргөн баригдсан хуулийн төсөлд иргэдийн өгөх санал бодлыг сонсож, тусгая гэж бодож байна. Мөн сонгогчдынхоо дуу хоолойг хүргэх ёстой газар нь хүргэнэ. Би ярилцлагаа хичээл зааж байгаа мэтээр өгчих шиг боллоо. Тийм үү инээв.
Т.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )