С.Дамчаасүрэн: Хуулийн хүрээнд шударга ажилласан гэж бодохоор сэтгэл амар, амгалан байдаг юм

2017 оны 02 сарын 24
Прокурорын байгууллагаас Prokuror.mn веб сайтны ярилцлагын булангаараа дамжуулж ахмад прокурор, ажилтнуудтайгаа уулзаж, тэдний ажиллаж байсан түүхэн он жилүүдийн дурсамжтай, сургамжит ярилцлагуудыг хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. XVII жарны "Гал тахиа" жилийн босгон дээр прокурорын байгууллагын ахмад ажилтан Сүрэнгийн Дамчаасүрэн хүндэт зочноор уригдлаа.

Тэрээр прокурорын байгууллагад хэсгийн прокуророос эхлээд Аймгийн прокурор, Нийслэлийн прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор зэрэг бүхий л шатыг дамжин ажиллаж байсан юм. Ярилцлагын зочин хөтлөгчөөр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай оролцлоо.

Е.Сагсай: Та чинь Хэнтий аймгийн хүн байх аа. Нилээд олон жил аймагтаа ажилласан байх шүү.

- Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Манай аав, ээж минь жирийн малчин хүмүүс. 10 жилийн сурагч байхдаа жүжигчин болно гэж боддог байлаа. Учир нь манай сургууль анх удаа "Аз жаргалын эрэлчин" дуурийг тавьж байсан юм. Би тенор хоолойтой. Боролдойн дүрд дуулдаг байлаа. Энэ дуурийн зохиолч нь Д.Содномдаржаа гээд манай аймгийн хүн шүү дээ. Бараг Монголд анх удаа Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн сургууль энэ дуурийг тавьсан байх. Тэгэхээр би чинь анхны Боролдойн дүрд дуулсан хүн болж байгаа юм. / инээв/

Бид аймгаасаа гадна Дорноговь, Дорнод аймагт тоглолтоор явдаг байлаа. Надад Дорнод аймгийн соёлын ордны жүжигчдээс "сайн дуучин, жүжигчин болоорой" гээд захиа хүртэл ирж байсан. Тэгээд л урлагийн хүн болно гэсэн бодолтой болсон хэрэг. Нэг сар гаран дуулахгүй байж байгаад, дуулах гэтэл хоолой гарахаа байчихсан. Сүүлд мэдэхнээ их чангаар хүйтэн, халуунд хамаагүй дуулж байгаад хоолойгоо алчихсан юм билээ. 10 жилийн сургуулиа төгсөөд урлагийн сургуулийн хуваарь авах гэсэн чинь ганцхан ирснийг UBS-телевизэд ажиллаж байсан С.Болд авчихдаг юм байна.

Тэгээд л цэргийн сургуулийн хуваарь авсан даа. Тэр үед цэрэг эх оронч хүмүүжил гээд их ярьдаг. Тэр нөлөөлсөн юм болов уу даа. Манай төгсөлтөөс их олон цэргийн дарга нар төрсөн байдаг. Цэргийн Ерөнхий дээд сургуулийн их бууны ангийг 1970 онд төгсөөд Зүүнбаян дахь ардын армийн ...ангид салаан даргаар хувиарлагдаж очоод, жил гаруй ажилласан. Жаахан шантарсан. Тэгээд "эрүүл мэндийн" шалтгаанаар бэлтгэл офицороор халагдаад, нутагтаа ирсэн. Нутагтаа ирээд аймгийн нэгдлийн зөвлөлд "уралдаан хариуцсан мэргэжилтэн" гэх ажлыг хийлээ дээ. Юу хийхээ мэдэхгүй, уралдаан гэж юу болохыг ч мэдэхгүй, В.И.Лениний бичсэн уралдаан гэдэг юу болох талаар бичсэн зохиолыг уншиж байлаа шүү дээ. Одоо санахад "уралдаан гэдэг бол дайчин давшингуй байна, ямагт өмнөхөөсөө илүү зорилт тавина.. гэх мэтээр бичсэн байсан санагдана. Тэр үеийн бид чинь марксизм, ленинизмыг судалж тэр дагуу л явна гэж боддог байсан.

Ц.Өлзийжаргал : Таныг жүжигчин гэж бодохоор ёстой төсөөлөгдөхгүй байна. Тэгээд намын ажилтан болсон хэрэг үү.

- "Уралдаан хариуцсан мэргэжилтэн"-гээр 1 жил ажиллаж байтал Аймгийн эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга дуудаад, Аймгийн эвлэлийн хорооны хянан шалгах штабын нарийн бичгийн дарга бол, намын хорооны хурлаар оруулна гэдэг байгаа. Тэгээд хянан шалгахын дарга хийж байгаад, намын орлогч гишүүн ч боллоо. Аймгийн намын хорооноос намайг Орос Улсад Комсомолын дээд курсэд явуулах шийдвэр гарсан юм. Хот явах гээд онгоцны буудал дээр байж байсан чинь Аймгийн Намын хорооны дарга хот явах гээд байж байна. Гэтэл намын хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга н.Доржпалам гуай намайг "чи очиж даргад баярлалаа" гэж хэл л гэж байна. Би ч ичиж, халган байж явж очоод "намайг комсомолын сургуульд явуулах болсонд их баярлалаа" гэхэд "зүгээр хүү минь, харин чи онц төгсөж ирээрэй, тэгвэл чамайг шууд намын гишүүнээр жинхлүүлнэ" гэсэн юм. Ингээд онц төгсөж ирсэн учир намайг шууд МАХН-ын жинхэнэ гишүүн болгосон. Ингэж л намын гишүүн, эвлэлийн ажилтан болсон юм даа.

Ц.Өлзийжаргал : Прокурорын байгууллагад анх орсон үеээ дурсаач.

- 1977-1981 он хүртэл аймагтаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны хэлтсийн эрхлэгч хийж байсан. 1981 онд МУИС-ийн хуулийн ангид эчнээгээр суралцаж эхэлсэн. Тэгсэн намайг аймгийн прокурорын газраас прокуророор ажиллах хүсэлт гаргасан. Энэ асуудлыг аймгийн намын хороогоор хэлэлцээд, зөвшөөрч прокурорын газарт шилжүүлсэн. Хэнтий аймгийн прокурор Х.Үржиндорж гэж хүн Улсын прокурорын газарт "аймгийн намын хорооны шийдвэрээр манайд ирүүлсэн С.Дамчаасүрэнг хэсгийн прокуророор томилж өгнө үү" гэсэн албан бичиг явуулж, 1981 оны 7 сард БНМАУ-ын прокурор Р.Гүнсэнгийн тушаалаар Хэнтий аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор томилогдсон. Ингэж л би гэдэг хүн ажил, амьдралаа энэ нэр, хүндтэй албатай холбосон юм даа.

Е.Сагсай : Х.Үржиндорж гэснээс их айхтар хүн байсан шүү. Удирдах ажилтны зөвлөгөөн болоход хамгийн түрүүнд л гараа өргөөд юм ярьж, санал, шүүмжлэл хэлнэ. Би ч тэр хүнийг их биширдэг байж билээ.

- Тийм шүү. Маш шаардлага өндөртэй хүн байсан. Миний хувьд тэр хүнээс л анх прокурорын хяналт гэж юу болохыг сурсан. Хэнтий аймгийн прокуророор 1969-1986 он хүртэл буюу хамгийн удаан хугацаагаар ажилласан хүн шүү дээ.

Ц.Өлзийжаргал : Тэр үед хэсгийн прокурор хэрхэн ажиллаж байсан талаараа сонирхуулаач.

- Хэсгийн прокурор чинь өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй, суурин байна гэж байхгүй, нүүж ажиллана. Явахдаа шуудангаар юм уу, эсвэл аль тааралдсан унаандаа л сууна шүү дээ. Тэр үед аймгийн прокурорт ганц УАЗ-469 машин байсан. Надад тэр нь олдохгүй. Би чинь аймгийн бүх сумдаар явж ерөнхий хяналтын шалгалт хийнэ. Эрүүл мэндийн хуулийн биелэлт гэж эмнэлгээр орно, боловсролын хуулийн биелэлт гэх мэтчилэн 25 хуулийн биелэлтэд хяналт тавьж байсан. Намын Төв хорооны тогтоолын биелэлт, хөдөө суманд очоод албан хаагчдын цагийн ирцийг хүртэл шалгана. Хэрэг мөрдөнө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна.

Е.Сагсай : Тэр үед чинь прокурор их өргөн хүрээний хяналт шалгалт хийдэг, тэр нь ч намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд ач тусаа өгдөг байсан шүү дээ. Социалист өмчийг ашиглан шамшигдуулж байна уу, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт ямар байна, сахилга хариуцлага гээд хийхгүй шалгалт  байхгүй байсан даа. Хөдөө очоод бригадын агентын хар дэвтрийг л аваад үзчихнэ. Тэрэн дээр мэдээж хүмүүст зээлээр өгсөн зүйлээ тэмдэглэсэн байна. Түүнийг нь хараад л та социалист өмчийг үрэн, таран хийсэн байна гээд л хэрэг үүсгэдэг байсан үе шүү дээ./инээв/

- Тийм шүү. Би анх эрүүгийн хэрэг үүсгэж байснаа мартдаггүй юм. Дадал суманд аймгийн прокурорын орлогчтой цуг очлоо. Тэр үед сумдад хэсгийн олон нийтийн туслах гэж хүн байдаг байсан. Тэр хүн маань хаана ямар зүйл болж байна гэдгийг мэдээлэх үүрэгтэй. Олон нийтийн туслах маань "тэднийх"... гээд нэг айлыг зааж, хот руу үхэр ачуулаад байх шиг байна даа" гэдэг байгаа. Одоогийнх шиг гэр бүлийн хүмүүс бие биенийхээ эсрэг эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэсэн зүйл байсан биш. Эхнэрийг нь тусад нь байцаачихсан чинь хамаг үнэнээ хэлчихлээ шүү. Нэгдлийн 14 тооны үхрийг хот руу ачуулчихсан хэрэгт ингэж анх эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Хүнийг хилсдүүлчих вий гээд их айж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоо бичих гэсэн гар чичрээд бичиж чадахгүй байсан санагддаг юм. Хэдийгээр нам засгийн бодлого, хуулийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн наана цаанатай шийдэх юм байсан. Тэр үед чинь "мөрийтэй тоглоом тоглох" гэдэг зүйл анги хуулинд байлаа шүү дээ. Нэг айлын эцэг, хүү хоёр мөрийтэй тоглоом тоглодог байсныг илрүүлсэн ч ар гэрийг нь бодоод аавыг нь шүүх рүү явуулж, хүүг нь аваад үлдэж л байлаа.

Е.Сагсай: Та Хэнтий аймгийн прокурорын газарт тусгай хяналтын туслах хийж байсан байх аа.

- Хэсгийн прокуророор 4 жил ажиллаад, 1985 онд Баатаржүгмэдээс ажлыг авч тусгай хяналт эрхэлсэн туслах прокурор болсон. Өглөө бүр урьдчилан хорих байраар орно. Тэр үед Ч.Амарболд генерал Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн орлогч бөгөөд Цагдан сэргийлэх ангийн даргаар томилогдсон байсан. Хорих байр Цагдаагийн мэдэлд байдаг байлаа. Хавар болохоор урьдчилан хорих байранд хоригдсон хүмүүс чийгнээс болоод шүд нь суларч, унадаг болчихдог байсан юм. Миний уншиж байсан Байгаль Амурын төмөр замыг барьсан комсомолчуудын тухай гардаг "Эр зориг" номонд төмөр зам барьж байгаад шүд нь унасан хүмүүст ногоон сонгино өгдөг байсан гэж бичсэн нь санаанд ороод Ч.Амарболдод /тэр үед хошууч байсан байх/ хоригдож байгаа хүмүүст ногоон сонгинотой хоол гээд, өдөр болгон хоолонд нь ногоон сонгино хэрчүүлж өгдөг болгосон. Тэр нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн  санагдаж байна.

 

Е.Сагсай: Хэнтий аймгийн прокуророор нэлээд хугацаанд ажиллаж байсан шүү дээ. 1995 онд байхаа, Улсын прокурорын газрын групп шалгалтын бүрэлдэхүүнтэй хамт Хэнтий аймагт очиход та аймгийн прокурор байсан. 

 Би 1990 онд Хэнтий аймгийн прокурорын орлогчоор томилогдсон юм. Аймгийн прокурор Д.Одсүрэн болоод, орлогчоор нь Т.Хадхаан томилогдлоо. Т.Хадхаан бид хоёр их найз. Тэгсэн манай хүн "хамт олон чамайг орлогч болгох хүсэлтэй байна. Намайг дээрээс шууд тавьчихлаа. Хөгшин чинь хот явлаа гэдэг байгаа. Би "чи юу яриад байна. Намайг орлогч болгох гэж хот явж байгаа бол болохгүй, Би болох ч үгүй, харин амьдрал ахуйгаа бодоод хот руу шилжих гэж байгаа бол өөр хэрэг" гэлээ. Тэгсэн мань хүн хот шилжих хүсэлтэй учир би дээшээ энэ талаараа биччихсэн гэж байна. Тэгээд л би аймгийн прокурорын орлогчоор томилогдсон доо.

1991 онд Дундговь аймгийн прокуророор томилогдож, ажиллаж байгаад 1993 онд Хэнтий аймгийн прокуророор томилогдож, эргэж нутагтаа ирсэн юм. Намайг аймгийн прокурор болоход 13 прокурорын орон тоон дээр 4 хүн ажилладаг, аймгийн цагдаагийн газар бүтэн жил мөрддөг хэргийнхээ тоотой тэнцэх хэмжээний хэргийн тоон үзүүлэлтээ дарчихсан байсан. Би энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газарт бичиг явуулсны дагуу УМБГ-аас Мөрдөн байцаах газрын дэд дарга С.Саадэлэгээр ахлуулсан 20-иод мөрдөн байцаагч очиж онцгой байдал тогтоож, ажилласны хүчинд хэргүүдээ шийдвэрлэж дуусаж билээ.

 

Ц.Өлзийжаргал : Хотод хэдэн онд орж ирсэн юм бэ.

- 1998 онд Ерөнхий прокурор Н.Ганбаярын тушаалаар Нийслэлийн прокурорын орлогчоор томилогдож, хотод орж ирсэн. Тэгсэн намайг Нийслэлийн орлогчоор тавьж болохгүй гэсэн яриа гарсан байсан. Учир нь тэр үед Цагдаагийн Ерөнхий газрын дарга нь Ч.Амарболд, Хэрэг бүртгэх газрын дарга нь н.Сүхээ, Мөрдөн байцаах газрын дэд дарга нь С.Дамдин гээд дандаа Хэнтий аймгаас гаралтай хүмүүс байсан л даа. Тэгээд л нэг аймгийн хүмүүс гол албан тушаалд очоод хэрэг самарчихна гэж бодсон юм шиг байгаа юм. /инээв/ Бид тэгэх хүмүүс биш л дээ.

Ц.Өлзийжаргал : Би 2003 он 01 сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт томилогдоход та орлогч прокурор  байсан. Тэгээд намайг өрөөндөө дуудаад "Төмөрчөдөр прокурортой 2 давхарт хамт сууна. Тэр өрөөнд хүмүүс их цуглардаг, ууж идэх ямар нэгэн асуудал гаргаж болохгүй шүү нөхөр минь " гэж сануулж байсан. /инээв/

- Миний хувьд ажлын байранд ууж, идэж болохгүй гэдэг шаардлага тавьдаг байсан. Би тэр өрөөнд цуглараад байгааг яаж мэдсэн гэхээр: нэг баярын үеэр л байсан санагдана. 2 давхарт хүмүүс шуугиад байна. Очоод хаалгыг нь татчихсан чинь манай мөрдөнгийн хэд цугларчихсан, дарс задалчихсан сууж байна. Нэгэнт хаалгыг онгойлгосон хүн чинь буцалтай биш, нөгөөдүүл маань ч орлогч ороод ир гэж л байна. Яах ч аргагүй дарснаас нь хүртчихлээ. Тэрнээс хойш шуугиантай байгаа өрөөнөөс хол явах нь зөв юм байна гэж боддог болсон шүү. / инээв/

Е.Сагсай: Нийслэлийн прокурорын газарт 2002 онд надтай хамт Т.Жадамбаа, н.Дуламсүрэн, Ч.Алтанбаатар, 2003 онд Ц.Өлзийжаргал, Н.Отгонцэцэг, Б.Өнөрмаа ирсэн санагдана. Тэр үед Нийслэлийн прокурорын газар маш их ачаалалтай байсан шүү.

- Орлогч мөрдөн хяналтаа шууд хариуцдаг байсан. Улсын хэмжээний бараг бүх онц хүнд хэргүүд манайд харьяалал тогтоогдож, ирдэг байсан. Аймаг орон нутагт шийдэж чадахгүй болсон хэргүүдийг л өгнө шүү дээ. Хэргийн 60 хувь нь залилангийн хэргүүд байсан. 130-д хавтастай залилангийн хэрэг хүртэл байлаа. Болохгүй болсон хэргүүдийг  та нар маань ч итгэл алдахгүй цааш нь явуулж чаддаг байсан. 

Фүүдландын, Баярбатын, Завханы Эрдэнэ-очирын, Төмөрочир үхсэн хэрэг гээд л. Зарим онц хүнд хэргүүд дээр прокурор шүүх хурлын өмнө ялын саналаа солилцохоор орж ирнэ. Миний барьдаг ганц зарчим бол прокурор өөрийн дотоод итгэл үнэмшилдээ л тулгуурла л гэдэг байлаа. Ямар ч тохиолдолд дээд шатны прокуророос прокурорт зааж, зааварчилж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Прокурор бие дааж шийдвэр гаргах гэдэг бол маш чухал зүйл шүү дээ. Хэргийг хянасан прокуророос өөр ямарч хүн тэр хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй. Тэр үед Нийслэлийн прокурорын газарт удсан, ээдрээ төвөгтэй бидний хэлдгээр "завааруулчихсан" хэргүүдээ өгчихөөд, хэргийн хугацаа сунгалаа, шүүхээс буцаалаа гээд  арга хэмжээ тооцуулдаг байсан. Ер нь бол тухайн прокурорын газрын хяналтын онцлогыг харгалзан ажлыг нь дүгнэх хэрэгтэй л дээ.

 

Е.Сагсай: Энэ асуудал одоо ч гэсэн хэвээр дээ. Энэ жилийн ажлын үзүүлэлтээр Нийслэлийн мөрдөн хяналт нэлээн хойгуур л явж байна лээ. Харин энэ жилээс Ерөнхий прокурорын газраас прокурорын хяналтын ажлын арга хэлбэр, үр дүнг тооцох шалгуурыг боловсронгуй болгох зорилт тавиад явж байна. Хяналтын ажлыг бодитой үнэлэх, харьцуулах, ямар үзүүлэлтийг сөрөг, эерэг гэж үзэх зэрэг асуудлыг боловсронгуй болгож, сайжруулах шаардлага байгаа юм л даа.

- Хэргийн хугацаа сунгахад мөрдөн байцаагч нараас хийсэн ажиллагааг нэг бүрчлэн танилцана. Ер нь хугацаа дахиж өгөхгүй гэж үзнэ шүү дээ. Ажиллагаа хийгээгүй бол арга хэмжээ тооцуулна. Мөрдөн байцаах хэлтсийн даргыг нь ирүүлж байгаад л танилцдаг байлаа. Мөрдөн байцаагч нарт нэлээн ширүүн ханддаг, хэдэн прокурортоо наанаа ширүүн ч гэсэн цаанаа бас бодож харьцдаг байсан юм. Тэр үед мөрдөн байцаагч байсан залуучууд одоо бүгд дарга нар болсон байна лээ. Д.Отгонжаргал, Э.Идэрцог, Д.Давгасүрэн, Б.Одбаатар гээд сайн сайн мөрдөн байцаагчид байсан шүү.

Ц.Өлзийжаргал :Бид Дамчаа орлогчид хэрэг, материал танилцуулахдаа үүдний туслахаас нь "аавын ааш ямар байна" гэж асуудаг байлаа. За нэлээн ширүүн байна гэвэл орохгүй дараа больё гээд буцдаг байсан./инээв/

 Бас нэг дурсамж ярихад Нийслэлийн прокурорын газрын урд "Бадрах" гээд цайны газар байлаа. Бид үдийн цайгаар тэнд орно. Тэнд бас архи зарна. Бид хэн нэгнийхээ төрсөн өдрөөр ч юм уу, хааяа нэг цайны цагаас хэтрээд сууж байхад Дамчаа прокурор залгаад "хаана байна гэж асуухаар нь, шүүх дээр явж байна, эсвэл мөрдөн байцаах газар байна гээд л худлаа хэлдэг байж билээ./инээв/

Тэнд сууж байгаа хүмүүс рүү бүгдэн рүү нь залгана. Одоо орлогч чам руу залгана гэхэд яг л залгадаг байсан. Бүгд зэрэгцэж суучихаад л  дор бүрнээ ямар нэг шалтаг хэлнэ дээ. Тухайн үед чинь бид цагдан хорионы асуудлаар шүүх рүү явна, шалгалт судалгаагаар дүүрэгт очиж ажиллана, хэргээ мөрдөн дээрээ очиж танилцана, байцаалтад сууна гээд гадуур явах ажил ихтэй байсан болохоор худал хэлж байна гэх аргагүй байсан байх л даа.

Тэгээд бид сүүлдээ орлогчийг дагуулаад явж байя гэж ярилцаад, тэрнээс хойш төрсөн өдөр тэмдэглэх, хааяа оройн цагаар бар ресторонд орох ч юм уу хэлээд, хамт явдаг болсон чинь айх юмгүй амар болж билээ. Заримдаа бидэнтэй хамт яваад, жаахан суух болбол би явж байя, та нар удахгүй ирээрэй гэдэг болсон доо.

Е.Сагсай: С.Дамчаа прокурор бүр билльярдын цохиураа аваад цуг явдаг болсон шүү. Мэдээж ажил тарсны дараа л даа./ инээв/

Ц.Өлзийжаргал : Та зарим хэргийг өөрөө хянаж, шүүх хуралд нь яллагчаар оролцдог байсан шүү дээ.

- Дээрээс өөрөө биечлэн хяна гээд цохчихдог хэргүүд байсан. Центрпойнтын хэрэг байна. М.Дэлгэрнасан бид 2 зэрэгцэн хяналт тавьж байлаа. Тэр хэрэгт Цагаан Шонхорын Энхтайван яллагдагчаар явж байсан юм. Бид нэг нутгийн улс шүү дээ. Удирдлагад танилцуулаад Энхтайвангаас бусад хүмүүсийн үйлдэл, хэргүүдийг нь хянаж, шийдвэр гаргаж байлаа. Нэг удаа н.Энхтайваны ээж нь Нийслэлийн прокурорын үүдэнд ирээд өлсгөлөн зарлаад суучихлаа. Тэгээд би өрөөндөө оруулж ирээд "та биеэ бод, ингэж болохгүй" гээд эргэлтийн бичиг хийж өгч байлаа. Яг нүүр тулахаар яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм. Энэ талаараа шууд Нийслэлийн прокурорт танилцуулсан юм. Центрпойнтын хэргийн өмгөөлөгч нь академич С.Нарангэрэл багш байсан. Тэгсэн шүүх хурал дээр "Дэд бүтцийн сайдыг зодсон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй, тогтоол нь байхгүй" гэж өмгөөллийн үгэндээ хэллээ. М.Дэлгэрнасан прокурор дуугүй суугаад байдаг, тэгэхээр нь би "та онолын юм ярьж байна. 10 удаа хулгай хийсэн хүнд 10 удаа эрүүгийн хэрэг үүсгэх үү. ЭБШХ-нд тийм заалт байвал гаргаад ир" гээд хэлчихсэн. Тэгсэн хариу ямар ч тайлбар хийгээгүй юм даа. Сүүлд С.Нарангэрэл багш  нэг номондоо "миний шавь намайг онол мэддэг, практик мэддэггүй гэж хэлсэн" гэж бичсэн байна лээ./инээв/

 

Е.Сагсай : Та Нийслэлийн прокурорын орлогчоор 7 жил ажилласан. Тухайн үед талийгаач Д.Даваадорж гуай Нийслэлийн прокурорбайсан.

- Намайг очиход Нийслэлийн прокурор Т.Сүхбаатар Хан-Уул дүүргийн прокуророор томилогдоод, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ж.Чойжанцан байсан юм. Би бүх юмаа л хариуцдаг, 1 дүгээр гарын үсэг зурдаг байлаа. Ж.Чойжанцан прокурор аж ахуй, санхүүгийн хувьд их дэмжиж өгсөн. М.Алтанхуяг прокурор Ерөнхий прокуророор томилогдсоны дараа Д.Даваадорж прокурор Нийслэлийн прокуророор томилогдсон юм. Д.Даваадорж прокурор удирдан зохион байгуулах авьяастай, прокурор ажилтнаа их боддог, хүн чанар сайтай хүн байсан даа. Их нарийн мэдрэмжтэй, шүлэг зохиол бичдэг байсан. Нэг өдөр албаны унаагаа сольж, унаж байсан машинаа надад шилжүүлэх боллоо. Моторыг нь сольё, эксел мотор тавьж болох юм байна гэсэн чинь кузов муу, хүч нь муудна гэлээ. Тэгэхээр нь би "ууланд унаж, уралдаанд явах юм биш" гээд хэлчихсэн чинь намайг "чи бүр толгой холбодог болж ээ" гэхэд би "алтны дэргэд байсан гууль шарлана гэдэг биз дээтаны дэргэд байсан хүн чинь энэ зэргийн толгой холболгүй яахав" гээд бөөн инээдэм болж билээ. Нэг байгууллагад дарга, орлогчоор 7 жил хамт ажиллана гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд бидний хооронд санал зөрөх, бие биенээ ойлгохгүй ам зөрөх тохиолдол нэг ч гарч байгаагүй.

Ц.Өлзийжаргал : Та С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт хяналт тавьж байсан. Хэрэг илрээд шүүхээр ял шийтгэл оногдуулсан. Олон нийт янз бүрээр л хүлээж авлаа. Та энэ хэрэгт хяналт тавьж байсан хүний хувьд ямар бодолтой байна.

- Улсын прокурорт очсоны дараа П.Даарийжав прокурор тэтгэвэрт гараад, би хэрэгт хяналт тавихаар болсон. Надад хэргийн түүвэр маш нарийн зүйлүүд байсан. Нууцын зүйл учир тэтгэвэрт гарахдаа хүлээлгэж өгсөн дөө. Энэ хэрэгт 18 жил тасралтгүй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан гэж хэлэхэд болно. Хэрэг илэрсэн. Өөр нарийн ширийн зүйл ярих боломжгүй.

 

Е.Сагсай: Нууцын хэргийн түүвэр, тэмдэглэлийг тусгай дэвтэрт бичдэг. Дэвтрээ хуудсаар нь дугаарлаж, лацдаж, хүлээлгэж өгдөг байсан.

Ц.Өлзийжаргал : Прокурорын байгууллагад ажиллах хугацаандаа "Алтан гадас" одонгоор 2 удаа шагнуулсан юм билээ.

- Нийслэлийн прокурорын газарт байхад эхний "Алтан гадас" одонгоор шагнуулсан. 2 дахь нь Прокурорын байгууллагын 80 жилийн ойгоор шагнагдсан юм. 2009 онд санагдаж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараахан нэг орой гэрийн хаалгыг хүн цохиж байна. Очоод тайлтал 2 хүүхэн "Дамчаасүрэн гэж та юу" гээд "та төрийн ямар шагналаар шагнагдаж байсан бэ" гэхээр нь "Алтан гадас" гэсэн чинь "тэгвэл одоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдах юм байна" гэж байна. Тэгэхээр нь би "ардчилсан намд ямар гавьяа байгуулсан гэж намайг шагнаж байгаа юм" гэчихсэн чинь яваад өгсөн л дөө. Сүүлд бодоход хүн андуурсан юм шиг байна лээ. Тухайн үед юм хэлэхгүй, дуугүй байж байсан бол "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоо авчихсан байхгүй юу./инээв/

Тэгээд 2010 онд Прокурорын байгууллагын ойгоор ахмадын хорооны Н.Сосорбарам гуай утасдаад ирж шагналаа ав гэдэг юм байна. Тэгээд шагналаа хүлээх зуур "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдах хүмүүсийн нэрс дотроос өөрийгөө хайгаад олсонгүй шүү. Гэтэл нэр дуудаад "Алтан гадас одон"-гоор дахин шагнасан юм даа.

 

Е.Сагсай : Прокурорын байгууллагын хамгийн зарчимч хүн гэвэл Дамчаа прокурорыг хэлнэ. Яаж ч байсан үндсэн зарчмаасаа ухрахгүй, хэн ч, юу ч гуйж, захиж байсан ч хуулийн хүрээнд л гэдэг хүн дээ.

Ц.Өлзийжаргал : С.Дамчаа прокурор шударга, зарчимчаас гадна хүнийг боддог, хүн чанарыг эрхэмлэдэг хүн гэж би боддог. Нийслэлд Дуламсүрэн гэж прокурор байсан. Бид 2 их найз. Тэр маань амьдралын зайлшгүй шалтгааны улмаас Америк явахаар боллоо. Болж өгвөл тэндээ үлдэнэ гэж шийдсэн байсан. Тэгээд ээлжийн амралтаа аваад явсан "Намайг Америкийн хилээр орсны дараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг орлогчид оруулж өгөөрэй" гээд үлдээсэн юм. Тэгээд Америкт ирчихлээ гэж ярихад нь би Дамчаа прокурорт өргөдлийг нь оруулж өгөхөд янз бүрийн юм асуухгүй авчихаж билээ. Тэгсэн н.Дуламсүрэнгийн тэр асуудлыг та мэдэж байсан ч өөрт нь ч хэлэлгүй явуулсан байсан.

 

- Тэр асуудлаар би сүүлд мэдсээр байж ажлаа хаяад явж байгаа хүний албаны үнэмлэхийг нь авалгүй явуулсан гээд Улсын прокурорын газраас  цалингийн хувиар хасах арга хэмжээ авахуулсан. Тэгсэн та нарын нэгнээс нь н.Дуламсүрэн сонссон юм байлгүй. Америкаас 100 доллор явуулсан байсан.

 

Е.Сагсай : Улсын Ерөнхий прокурорын газарт хэдэн онд ирсэн бэ.

2005 онд ирсэн. Дотоод зохион байгуулалт хариуцсан прокурор хийж байгаад, 2008 онд тэтгэвэртээ гарсан. Хэлтсийн дарга н.Оюунчимэг томилолтоор хөдөө явж байхад араас утасдаад тэтгэвэртээ гарна гэдгээ хэлсэн чинь "та юун яаруу юм бэ, байж байлдаа" гэж билээ.

Тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа Их засаг их сургуулийн Н.Ням-Осорт /бид 2 нэг нутгийн хүмүүс/ хэлсэн чинь "та хүрээд ир "гэсэн. Тэгээд л утсаар ярьсны бараг үдээс хойш нь Их Засаг Их сургуулийн "Хууль, дотоод хяналт хариуцсан проректор"-оор тушаал гаргачихсан байсан.

Ц.Өлзийжаргал: Та прокурорын  байгууллагад олон жил удирдах ажил хийсэн. Одоо ажиллаж байгаа прокурорууддаа ажил, мэргэжлийн хувьд захиж хэлэх зүйл юу байна вэ.

Боловсон хүчнийг шилж сонгох асуудал дээр анхаарах хэрэгтэй гэж боддог. Намайг Хэнтий аймагт хэсгийн прокурор байхад аймгийн прокурор Н.Батсүх, орлогч прокурор н.Рэнчиндорж нар байсан. Гэтэл Н.Батсүх прокурорын төрсөн дүү 25.000 төгрөгнөөс болоод хүн алчихсан хэргийг н.Рэнчиндорж прокурор хянаж, шүүхэд яллаж байсан юм. Мэдээж тэр хоёрын хооронд үүнээс үүдэлтэй таагүй харьцаа үүссэн хэрэг л дээ. Ийм хоёр хүнийг нэг газар дарга, цэргээр томилчихсон. 

Намайг прокурорт ажиллаж байх хугацаанд хамгийн хэцүү үе тэр л байсан байх. Бид чинь Аймгийн прокуророо гэхүү, орлогчоо дагах уу, хэцүү байдалд орж байлаа ш дээ. Тэгэхээр боловсон хүчний томилгоон дээр их анхаарч, хувь хүнийг сайн судалж томилох хэрэгтэй гэж боддог.

Ерөнхий прокурор байсан М.Алтанхуяг "амьдралаа сайжруулах гэж прокурорт орно гэж байхгүй шүү, тийм бодол байгаа бол эртхэн замаа бодоорой, танд прокурорын байгууллагад зай байхгүй шүү" гэж хэлж байсан юм. Энэ бол маш үнэн үг шүү. Би Улс эх орондоо 40 гаран жил ажиллаж байгаагаас, 29 жилд нь прокурорын байгууллагад ажилласан байна. Энэ хугацаандаа хуулийн хүрээнд шударга ажилласан гэж бодохоор, сэтгэл амар, амгалан байдаг юм. Нийт прокурорууддаа хэлэхэд бидний дээр зөвхөн хууль байгаа гэдгийг бодож, шударга, үнэний төлөө ажиллахыг хүсье.

Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй, дурсамжтай сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.

Танд гарч байгаа "Гал тахиа" жилдээ төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shaa(73.169.227.66) 2017 оны 03 сарын 02

Tiim sain baisniig medehgui hamgiin muu hugiin gazar gedeg iig n medne buun hahuul

0  |  0
Зочин(103.57.92.159) 2017 оны 03 сарын 01

Бүгд үнэнч ажиллаж чадахгүй байгаад л хэргийн гол нь байна. Ийм үнэнч хүмүүс даанч цөөн, бараг байхгүй дээ

0  |  0
zochin(66.181.179.47) 2017 оны 02 сарын 24

za neg tiimerhuu huurai magtsan saimshirsan slbarhuu yriltsalaga boljde.prokuroruud albanii sur huchee ashiglaj durtai hergee heregsehgui bolgoj ulsiig ch huwi hiniig ch hohiroodog ni ch bas unen.

0  |  0
Top