АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга сайд Ж.Мөнхбат өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Гилеад Сайнсес компани дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр дүнтэй эмчилдэг Харвони, Виреад эмийн 3000 хүн тунг Архангай аймгийн өвчилсөн иргэдэд үнэ төлбөргүй хандивлахаар шийдвэрлэж, эхний 1000 хүн тунг илгээснийг иргэд ууж эхлээд байна. Дараагийн шатны нийлүүлэлтийг хийхийн өмнө хөтөлбөрийнхөө хэрэгжилт, явцтай танилцахаар тэд иржээ.
Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж, тэр дундаа элэгний С вирусын өвчлөлийг бүрэн устгах бодлого хэрэгжүүлж байгаагийн илрэл. Гилеад Сайнсес компаниас Архангай аймагт хэрэгжүүлж эхэлсэн энэ төсөл шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Засгийн Газрын хэрэг Эрхлэх газрын дарга хэлээд төслөө хэрэгжүүлэхийг хүслээ.
Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк хэлэхдээ: Бидэнд танай улсын аль аймагт хэрэгжүүлэх нь биш үр дүн нь чухал. Архангай аймгийн удирдлагууд түрүүлж бидэнд хандсан, тэд идэвхитэй, хариуцлагатай, эргэх холбоо сайтай байсан. Гуравхан долоо хоногийн дотор 40-65 насны 21,000 иргэндээ шинжилгээ хийлгээд хариуг бидэнд ирүүлсэн. Ингээд бид төслөө хэрэгжүүлэхээр болсон. Дэлхийн бусад улс орнууд ийм богино хугацаанд төслөө үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байгаа. Архангай аймагт хэрэгжүүлж эхэлсэн төслөө бүрэн дуусгах болно гэж хэллээ.
“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд тус аймгийн 40-65 насны 21,700 иргэн 81,3 хувийг буюу 17,591 хүнийг элэгний С вирусын шинжилгээнд хамрагджээ. 20 орчим хувь нь элэгний өвчлөлтөй гарсан нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт аж. Эдгээрээс 500-аад иргэн нь 2 сарын өмнөөс эхлэн эмээ ууж эхэлсэн бөгөөд 30 хоногийн дараа авсан шинжилгээгээр 288 иргэний эмчилгээ дуусч С вирусын идэвхижилгүй болсон байна. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Amjilt khusie!
aimginha ard irgedin ervvl mendin tuluu hurdtai ajillaj tuslig amjilttai heregjvvlj bgaa emch ydirdlagyydad bayr hvrge