Ц.Уранчимэг: Намхан охид урт загвартай хувцас өмсөхөөр өндөр харагдана гэж боддог, гэхдээ тийм биш

2017 оны 04 сарын 20

“Этно салон”-ны захирал, дизайнер Ц.Уранчимэгтэй энэ хаврын хонхны баярын хувцасны чиг хандлагын талаар цөөн хором ярилцлаа.

-Энэ жилийн хонхны баярын дээлний загварын чиг хандлагын талаар манай уншигчдад сонирхуулна уу.  Ямар өнгө,  загвар тренд болж байна?

 -Охид маань тренд  болж байгаа загвар гэхээс илүү өөртөө тохирсон өнгө загварыг илүү чухалчилдаг. Ассан шар, ногоон, неон гэх мэт хурц тод өнгийг их сонгож байна. Нөгөөтээгүүр жил ирэх тусам гар ажиллагаа их орсон, чамин, тансаг, үнэтэй харагдах хувцсыг хийлгэхийг зорьдог болжээ. Мөн сул унасан цамц, өмдтэй загварууд энэ жил тренд болж байна. Манай дизайнерууд хувцас загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг томоохон брендүүдийн загварын чиг хандлагыг судалж, зарим элементийг монгол үндэсний хувцсандаа шингээн урладаг. 

-“Этно салон” байгуулагдаад хэр удаж байгаа вэ. Одоогоор ямар үйлчилгээнүүдийг үзүүлж байна?

 -Манай салон ес дэх жилдээ амжилттай ажиллаж байна. Худалдаа үйлчилгээ, захиалга үйлчилгээ, түрээс үйлчилгээ гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн үйлчлүүлэгч ямар загварын дээл хийлгэхийг хүсч байна түүний дагуу зөвлөгөө өгч, өнгө төрхийг нь тодорхойлно.  Мөн захиалга өгөхгүйгээр мэргэжлийн дизайнераас зөвлөгөө авах үйлчилгээ ч бий. Үйлчлүүлэгчид ирээд ямар дээл зохих бол, яавал туранхай харагдах уу, урт хөлтэй богино цээжтэй яаж харьцаа тэнцвэржиж аятайхан харагдаж болох уу гээд олон асуулттай ирдэг. Мэргэжлийн дизайнераас зөвлөгөө аваад өөртөө тохирсон цор ганц загварыг урлуулаад сэтгэл хангалуун гардаг даа.

-Гоёлын дээл хувцсаа сонгохдоо интернет, сэтгүүлээс санаа аваад яг л тийм дээл хийлгэхийг хүсдэг шүү дээ? 

 -Намхан охидууд орж ирээд урт чирэгдсэн загварыг их сонирхоно. Урт загварын хувцас өмсөхөөр өндөр харагдана гэж боддог. Гэхдээ тийм биш. Яг л биедээ таарсан чамин хийцтэй, гар ажиллагаа орсон дээл илүү өөрт нь зохино. Мэргэжлийн дизайнерууд тухайн захиалагчийн биеийн аль хэсэг дээр илүү анхаарч, тэр хэсгийг хэрхэн сайхан харагдуулах тал дээр зөвлөгөө өгдөг. Манайхан сэтгүүлээс өндөр нарийхан загвар өмсөгчдийн өмссөн хувцсыг хараад яг иймийг хийлгэмээр байна гэдэг. Ер нь тэгж сонгох өрөөсгөл. Тэгэхээр өөрсдөө ирээд зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй.

 -Үндэсний хувцсаа их гоёх болсон байна?

 -  Жил ирэх тусам монгол хувцас урладаг дизайнерууд их болж байна. Салонууд ч олноор гарч ирж байна. Тэрнийхээ хэрээр чанаржиж хэрэглээнд их нэвтэрч байгаа нь үнэхээр гайхалтай. Өргөн хэрэглээгээр ингэж хэрэглэж байна гэдэг улс орны өв соёл тэр хэрээр хадгалагдаж үлдэж байна. 

-  Монгол хувцасны загвар хэтэрхий эвдэгдэж байна гэж шүүмжлэлтэй хандах хэсэг байдаг? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 -Мэдээж дизайнерууд зурж урлаж, сэтгэхүйгээ задалж байдаг хүмүүс өөр өөрсдийн характерыг гаргахыг хичээдэг. Тодорхой хэмжээгээр эвдэгдэж болно гэж боддог. Гэхдээ утга агуулга гэдэг зүйлээ мартаж болохгүй. Бэлхүүснээсээ дээш гаргадаг, маш их утга учир шингэсэн  хээг судлаагүйгээс, сайн мэддэггүйгээс болоод хормой хотонд урласан тохиолдол байдаг. Тухайлбал Очир хээ байна. Бэлхүүснээс доош хувцсанд урлаж болдгүй. Энэ мэт үнэлэгдэх, дээдлэгдэх ёстой хээнүүд олон бий.Монгол хувцас тэр чигтээ  билэгдэл шингэсэн. Хэт гажуудуулж болохгүй. Гэхдээ урлаг юм чинь цаг үеэ дагаад хөгжих ёстой. Заавал ийм байх ёстой гэсэн баригдмал байр суурин дээр байж болохгүй. Уламжлалт хэв маягаа хадгалаад л урагшлах хэрэгтэй.

 Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top