Туркийн агентлаг Архангай аймгийн сумдад хөрөнгө оруулна

2017 оны 04 сарын 24

Архангай аймгийн зарим сумдад УИХ, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 22-23-нд ажиллалаа. 

Ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцаж, шаардлагатай зарим санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэв. 

Тухайлбал 2017 оны улсын төсөв болон төсвийн тодотголын төсөлд санал өгсөн ч дэмжлэг аваагүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгыг шинээр барих, их засвар үйлчилгээ хийх, дэд бүтцийг шинэчлэх зарим ажлыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ санхүүжүүлэхээр боллоо. 
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Өгийнуур, Хотонт сумын соёлын төвийг дэмжиж 500 ширхэг үзэгчийн суудлаар хангаж тохижуулахаар шийдвэрлэлээ. Хашаат сумын Соёлын төвийн барилга нь 1960 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дуусч дээвэр нурсан учир зайлшгүй шинээр барих шаардлага үүссэн байна. 

Дээрх 3 суманд хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Иймээс цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулах эсвэл тус бүр 200 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өргөтгөж 60-100 хүртэл хүүхдийг нэмж авах боломжтой болгох хүсэлтийг орон нутгийн удирдлагууд хүслээ. 
Харин эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бохир зайлуулах шугамыг шинээр барих, барилгын дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатайг анхааралдаа авч санхүүжилтийг нэн тэргүүнд хийхээр ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи шийдвэрлэхээ мэдэгдэв. 

Өгийнуур, Хашаат сумын эмнэлгийн барилгууд 2012 оноос хойш шинээр ашиглалтанд орсон ч барилгын норм стандарт мөрдөгдөөгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын журам зөрчснөөс үүдсэн олон хүндрэл гарах болсон байна. Үүний дотор эмнэлгүүдийн төв хаалганаас хоёрхон метрийн зайд бохирын цуглах савыг байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөлийг ноцтой зөрчиж, байнгын бохир үнэртэхээс гадна өвчтөн орж гарах гарцыг хаажээ. УИХ, Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат Өгийнуур, Хашаат, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан эдгээр асуудлуудыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ьти(122.201.22.132) 2017 оны 04 сарын 25

Ер нь Турк мэтийн лалын шаинт орнуудаас зээл, тусламж авахын хэрггүй шүү. Тун удахгүй дэлбэлж эхлэхэд гайхах зүйлгүй

0  |  0
Хмм(202.9.42.2) 2017 оны 04 сарын 24

Элэгний эм гарсан ч архангайд өгнө гэхийн, зээл тусламж бсан ч архангай гэхийн. Энэ одоо юу болж бнаа бусад нь монгол бишүү. Архангайнхныг ажил муутай гэдгийн тэгээд ингээд байгаамуу. Арай цус ойртоогүй биздээ

0  |  0
Top