О.Оюунтунгалаг: Нийгмийн ажилтнууд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай зайлшгүй тулгардаг

2017 оны 04 сарын 25

Идэр дээд сургуулийн Нийгмийн ажил, Нийгмийн ухааны багшийн тэнхимийн ахлах багш  О.Оюунтунгалагтай ярилцлаа.

Сурв: Сайн байна уу? Танай тэнхим Нийгмийн ажлын оюутнуудаа “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвартай” болгон төгсгөдөг юм байна. Сэтгэл судлалын мэргэжлийн багшийн хувьд энэ талаараа тодруулж ярина уу?

- Асуудалгүй хүн гэж үгүй. Асуудлыг шийдэх гарц нь ч бас хүн бүхэнд бий. Гэхдээ ихэнхдээ хүмүүс тэр гарцыг бусдын тусламжгүйгээр олж харан асуудлаа шийдвэрлэхэд хэцүү байдаг. Мэргэжлийн хүний туслалцаа хэрэг болдог. Албан ёсны сэтгэл зүйчийн орон тоо ховор манай оронд нийгмийн ажилтнууд маань ажлын байрандаа сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай зайлшгүй тулгардаг. Энэ нь нийгмийн ажлын аливаа асуудал, түүний хүрээн дэх үйлчилгээ нь хүний сэтгэл зүйтэй тулж ажиллахад хүрдэгтэй холбоотой юм. Ийм ч учраас нийгмийн ажлын үйлчилгээний практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх зорилго тавьсан юм.

Сурв: Ер нь бол давхар сэтгэл зүйч болж төгсөнө гэсэн үг үү.

- Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, өөрийн хүрээнд сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл  зүйн үнэлгээ хийх, сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч гэх мэт мэргэжлийн хүмүүст үйлчлүүлэгчийг шилжүүлэх чадвар бүхий нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа гэсэн үг юм. Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлж чадаагүйгээс тухайн үйлчлүүлэгчийн асуудал шийдэгдэхгүй байх, удаашрах, мөн сэтгэл зүйн асуудлыг нь зөв олж харан зохих мэргэжлийн хүмүүст шилжүүлээгүйгээс үүдэлтэйгээр асуудал хүндэрсэн, орхигдсон, эзэнгүйдсэн, хохирсон гэх мэт асуудлууд практикт тулгардаг. Тэдгээрийг шуурхай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх боломж бүхий мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сэтгэц оношилгооны нарийн мэргэшүүлэх сургалтаар нийгмийн ажилтнууд маань сэтгэл судлалын суурь боловсролгүй бол маш хэцүү, ойлгохгүй, түүнийгээ практикт хэрэглэж чадахгүй байгаа асуудлууд харагддаг. Тэгэхээр ажлын байранд гарсны дараа зайлшгүй шаардлага бүхий сэтгэл зүйн ахисан түвшний сургалтаар бодит чадвар олж авах суурь мэдлэг чадвараа эндээс олж авч,  практикт сэтгэл зүйчийн түвшинд үйлчилгээ үзүүлэх бололцоо нээгдэж байгаагаараа онцлог юм.

Сурв: Манайхан сэтгэл зүйчийн орон тоо байхгүйгээс нийгмийн ажилтнууд маань сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болоод байгаа юу? Гадны улс орнуудад ямар байдаг юм бол?

- Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх 4 түвшин байдаг л даа. Хоёр дахь түвшинд нийгмийн ажилтан, багш гэх мэт ажил үүргийн дагуу сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай тулгардаг зэргэлдээ мэргэжлийн хүмүүс юм. Эдгээр хүмүүс тусгай курс, сургалтанд хамрагдсан тохиолдолд 3 дахь түвшинд шилжиж болдог. Харин 4 дэх буюу дээд түвшинд мэдээж мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч нар ордог. Энэ ангилал, зөвшөөрлийг олон улсаас баталсан байдаг. Гадны орнуудад бакалаврын боловсролдоо сэтгэл судлалын хичээлээ түлхүү судлаад нийгмийн ажлын практиктаа хэрэглэж байгаа болон түүнийгээ тусгай курс, сургалтаар дээшлүүлэн үр бүтээлтэй ажилладаг нийгмийн ажилтнууд олон байдаг. Тиймээс гадны энэхүү туршлагыг манай сургууль соргогоор хүлээн авч нийгмийн ажлын ангийн оюутнууддаа сэтгэл судлалын шинжлэх ухааны практик хичээлүүдийг нэмэлтээр судлуулан цаашид хүмүүст хүрсэн үйлчилгээгээ илүү бодитой үр дүнтэй болгох алхамд нь бэлтгэж өгч байгаа юмаа.

Сурв: Практикт илүү бодитой үр дүнтэй үйлчилгээ хүргэнэ гэлээ үүнийгээ тодруулахгүй юу?

- Нийгмийн ажилтан маань нийгмийн үйлчилгээг хүмүүст хүрч байгаа эсэхэд хяналт тавьж, авч чадахгүй байгаа болон нэмэлт үйлчилгээ хэрэгтэй байгаа зорилтот бүлгүүдтэй тулж ажилладаг хүн шүү дээ. Гэтэл нийгмийн асуудал нь сэтгэл зүйн шалтгаантай болоод сэтгэл зүйн үр дагаврыг байнгад бий болгож байдаг. Шийдэгдэж болохуйц нийгмийн асуудлаа сэтгэл зүйн бэрхшээлээсээ болоод шийдэж чадахгүй олон хүмүүс байна. Мөн зорилттойгоор сэтгэл зүйн асуудлыг нь зохих түвшнүүдэд шийдвэрлэж байж нийгмийн үйлчилгээг үр дүнтэй болгох үе ч байна. Тэгэхээр үйлчилгээ үзүүлж буй хувь хүн ба бүлэг, хамт олны сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй, магадгүй тэр хэрэгцээг тухайн газар дээр нь цаг алдалгүй үзүүлэх ёстой болдог үе байдаг. Энэ чинь л бодит амьдрал шүү дээ. Бодит амьдралд бодитой хандах чадвар бүхий хүмүүс бидэнд хэрэгтэй. Онолд суурилагдсан чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж, энэ хэрэгцээг хангах зорилттой ажилладаг.

Сурв: Та бүхэн энэ зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?

- Мэдээж онолын ойлголтуудыг заана. Гэхдээ чадварыг нь хөгжүүлж, бодит чадвартай, түүнийгээ төгсөөд шууд хэрэглэж чаддаг болгохын тулд курс бүртээ дадлагат гарах, хичээлийн явцад бодит кейсүүдтэй ажиллах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, чадвар олгох нийтийг хамарсан эсвэл зорилтот бүлэг рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах гэх мэт бие биетэйгээ уялдаатай олон төрлийн төлөвлөгөөт төсөл, хөтөлбөрүүдэд оюутнуудаа хамруулдаг. Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь сургууль дээр өнгөрөөж буй хичээлийн цагийг нь уйтгартай, нэгэн хэвийн бус харин чадвар олж авахуйц бодит үйлдэлтэй, оюутнууддаа сонирхолтой, өөрийнхөө өсөлт хөгжлийг ойлгож хянаж болохуйц байдалтайгаар зохион байгуулдаг. Үүнд сургууль маань бүх сургууль, тэнхимүүддээ нэгдсэн бодлогоор шаардлага тавьж, багш нарын заах арга зүйг оюутанд чадвар олгож буй байдлаар үнэлж дүгнэж, хяналт болон урамшууллын системийг хэрэглэдэг. Энэ нь багш өөрийн хичээлээ чадвар олгоход буюу үр дүнд суурилсан сургалтад чиглүүлж, заах арга зүй, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, оюутнууддаа үлгэр дуурайлал болж ажилладаг арга барилтай болж хөгжих хөшүүрэг болж өгдөг.

Сурв: Тэгэхээр багш нар маань их чадварлаг байх нь ээ дээ.

- Тиймээ чадварыг эзэмшиж байж бусдад чадвар эзэмшүүлнэ шүү дээ. Энэ тал дээр манай сургууль олон жил ажиллаж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байгаа нь төгсөгчдийн ажил эрхлэлт, мөн ажлын амжилт зэргээс тодорхой харагдана.

Сурв: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таньд ажлын амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.228.129.73) 2017 оны 05 сарын 06

Er n bol huntei ajilladag buh humuus setgel zuin bolowsroltoi baih heregtei yum shig bgaan Uuniig harsan ih zow shiidel bna gej heleh bna Amjilt husie

0  |  0
Top