Татварын хэлтсийн вэб сайт кибер халдлагад өртжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн вэб сайт кибер халдлагад өртснийг Төрийн холбооны газрын кибер аюулгүй байдлын хэлтсээс илрүүлж, Татварын ерөнхий газарт мэдэгджээ. Татварын хэлтсийн веб сайт нь “e-darkhan” вэб сайтын сервер компьютер дээр байрладаг. Халдлагын улмаас вэб сайт түр хугацаагаар үйл ажиллагаа нь тасалджээ. Халдлагыг гадаад улсаас хийсэн болох нь тогтоогдсон төдийгүй сайтын сул талыг нь ашиглаж, ямар нэгэн зорилгогүйгээр зугаацах маягаар үйлдсэн байжээ.

Өмнө нь аймгийн Засаг даргын Тамгын газрын сайтад гаднаас халдлага хийгдэж “e-darkhan” вэб сайтын хост руу хорт файл хуулсан тохиолдол гарч байсан гэдгийг ч хэлж байна.  Он гарсаар монгол улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдалд халдсан буюу кибер халдлага үйлдсэн 20 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол тус аймгийн хувьд энэ явдал эхнийх нь болсон. Мөн төрийн байгууллагуудын цахим хуудсанд халдах, хэвийн ажиллагаанд нь саад болох, томоохон аж ахуйн  нэгжүүдийн портал сайтуудад халдах явдал гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд Тагнуулын ерөнхий газартт мэдэгдсэн 360 орчим цахим хуудас хакеруудын халдлагад өртснөөс 88 нь эргэн сэргээгдэх боломжгүй болжээ. Халдлагын дийлэнх нь БНХАУ болон ОХУ, Индонез, Косово, Швед зэрэг орноос хийгдсэн гэсэн мэдээлэл байна.

Удаа дараа кибер халдлага гарч байгаа нь аймгийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал сул байгааг илэрхийлж байгаа юм. Цаашид мэдээллийн сүлжээ бүхий төрийн байгууллагууд аюулгүй байдлаа хангах асуудлаар Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11дүгээр зүйлд заасан “төрийн мэдээлэл, холбоо харилцааны аюулгүй байдлыг хангах” ТЕГ-ын үндсэн үүргийн хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэдээллийн сан бүхий төрийн байгууллагуудад үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлын төвшинг тодорхойлох зэрэг ажлуудыг тусгажээ. Энэ удаагийн халдлагыг зугацаах зорилгоор үйлдсэн байсан учраас ямар нэгэн мэдээлэл устаж, сэргээгдэхгүй болтол нөхцөл байдал үүсгээгүй байна. Гэсэн хэдий ч төрийн байгууллагын цахим хуудсанд халдаж болж байна гэдэг ойлголтыг төрүүлж байгаа учраас ямарваа нэгэн халдлагаас хамгаалах хэрэгтэйг холбогдох удирдлагууд онцолж байв.

М.Дэлгэржаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top