Зарим хэвлэл мэдээллээр нийтэд цацагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуультай холбоотой олны анхааралд өртсөн үйл явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүн сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авахыг завдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс цагдаагийн байгууллагад “Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилладаг Канад улсын нэр бүхий компанид Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан байдал нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тус компанитай байгуулсан гэрээг зөрчсөн учир шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг үндэслэн цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байна.
-Хувь хүн эсвэл аж ахуйн нэгж байгууллага санал тоолох төхөөрөмжийг худалдаж авах нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг уу?
-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа цаг үетэй давхцаж энэ асуудал үүссэн. Хоёрт, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Канад улсын нэр бүхий компанитай байгуулсан гэрээнд яг ийм үйлдэл хийхийг хориглосон байдаг юм билээ. Мөн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан хийх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гомдлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэж иргэн Анар өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлж байсан. Иргэн Анарын гомдлыг яасан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гомдлыг иргэн Анар цагдаагийн байгууллагад гаргасан. Энд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “Бусдыг илт гүтгэсэн” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхэлсэн.
-Д.Сүхбаатарын талбай дээр “Приус” маркын автомашин шатаасан үйлдлийг харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн. Ямар нөхцөл байдал тогтоогдсон, шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэхүү үйлдлийг харьяаллынх нь дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгасан. Машин шатаасан хүмүүс албан тушаалтнаар тодорхой шийдвэр гаргуулахын тулд хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас иргэн Х, Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ер нь иргэд маань аливаа үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж хуулиа дагаж мөрдөн ажиллах нь зүйтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
7 saryn 1-nii beltgel hiij baigaam bh daa ...