Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл Увс аймагт ажиллалаа. Тодруулбал, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.
Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж буй “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулж, ХХАА-н газрын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсч, хийж эрхэлж буй ажилдаа хариуцлагатай, хяналттай, шуурхай ажиллахыг үүрэг болгов.
Үүний дараа Увс аймгийн ХХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир газрынхаа үйл ажиллагааны тухай, цаашид авч хэрэгжүүлэх ажил, мал төллөлт болон тариалалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Увс аймгийн ХХАА-н салбар нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40.8 хувийг бүрдүүлдэг. Үүнээс газар тариалан 10 хувь, мал аж ахуй 90 гаруй хувийг эзэлж байна. 2016 оны мал тооллогоор тус аймаг 2.7 сая гаруй толгой мал тооллуулсан байна. Энэ нь өмнөх оноос 2 хувиар өссөн дүнтэй юм. Увс аймгийн хувьд 8586 малчин өрхтэй. Аймгийн хэмжээнд 1.2 сая хээлтэгч мал тоолуулсан нь нийт мал сүргийн 44 хувийг эзэлж байгаа юм. Газар тариланагийн үйлдвэрлэлээр гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр 44 хувь, жимс жимсгэнэ 15 хувь, таримал тэжээлийн 5 хувийг тус тус хангаж байна. 2016 онд 556 га талбайгаас 650 тонн ургац хураан авч өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар буурсан. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй мөндөр орж ургац алдсан тухай Увс аймгийн ХХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир хэлж байлаа.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Завхан, Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газруудын үйл ажиллагаа, хаваржилт, мал төллөлт, хаврын тариалалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, малчин тариаланчдын санал бодлыг сонсох юм.
Сэтгэгдэл ( 0 )