Сонин үйл явдлуудын гэрч, шог зураач, инжаан, Д.Далайдээрхтэй хийсэн адал-сонирхолтой ярилцлагыг танд хүргэж байна.
- Газар уснаа явагч гэдэг шиг сонин нэрний чинь учир холбогдол юу вэ?
- Энэ их Монгол орныхоо хойморт Хөвсгөл далай дээрээ мэндлэх ховор хувь тохиож , түүнтэй холбож надад хайрласан сайхан нэр минь шүү хө.
- Сонин тохиолдол байж, тодруулан ярина уу?
-Нэгэн жарны тэртээх үйл явдал болж байна. Ээж маань тулгар биетэй. Юу юугүй л төрөх гэж байж. Аав аймаг руу мал худалдах ажилтай явсан хойгуур нь сандаргажээ. Ойрын айлын Голт гуай морин чарганд ээжийг суулгаж дах нөмрүүлээд сумын төв рүү хөдөлжээ. Хөвсгөлийн мөсөн дээгүүр л давхиулсан хэрэг. Газрынхаа дунд ч ороогүй явтал ээж маань төрөх гээд өвгөн морь чаргаа арай гэж зогсоов гэнэ. Шөнө далайн мөсөн дээр жавартай, хайруу. Төдөлгүй эх ч амаржиж, хашир өвгөн үс хялгасаар хүйг нь таслан хүүхдийг нь эх барьж авчээ. Тухайн хоромд ороох манцуйлах юмгүйдээд дэгтийд хийн ээжид тэврүүлэн бид хоёрыг дахаараа сайтар хулдаад цааш довтолгожээ.
- Бараг л осгочих шахаа биз ?
-Харин тийм гэсэн. Ээж маань хожим ярьдаг байсан. Нярай үр минь хүн болсонгүй дээ гэж тэр үед их бахардан бачуурсан гэдэг. Гэтэл морь чаргатайгаа явсаар байгаад сумын төв хүрч, эмнэлэгтэй золгожээ. Голт гуай ээжийг чарганаас буулгаж сугадан түшсээр эмнэлэг рүү оруулсан байна. Эмч хүлээн авч эмнэлгийн орон дээр хэвтүүлснээ
-Нөгөө хүүхэд нь хаана байгаа юм бэ? гэхэд л Голт гуай гэнэт санан
- Өө . Гадаа чарган дээр байгаа гэхэд эмч сандрангуй
- Аваад ир л дээ гэжээ.
Голт гуай гараад нөгөө дэгтийтэй нялхыг авч ирээд ширээн дээр тавихад тог гэх шиг чимээ гарсан гэдэг. Тэнд байсан хүмүүс айж эмээн хачин царайлцгаажээ.
Тэгээд Голт гуай дэгтийнийхээ амыг уруу харуулаад орон дээр аяархан сэгсэрсэн гэсэн. Тэндээс хүүхэд орон дээр ойчин унангуут л уйлсан байна. Угтаа нялх амьтан дэгтийнд унтаад л тэнд хүрсэн юм шиг байгаа юм. Эмнэлэг бараадсан юм чинь ээж бид хоёр тэгээд аврагдсан хэрэг л дээ.
- Дөнгөж л төрөнгүүтээ аюултай тулаад азаар амьд гарсан баатар эр айлын ууган хүүхэд нь үү ?
- За бараг тийм ээ. Бараг тийм гэдгийн учир нь миний дээр нэг ах гараад нялхдаа золгүйгээр амиа алдсан юм билээ. Аав, ээж хоёрт минь гунигт автаад жил өнгөрсний дараа нь би гэдэг амьтан заяасан гэдэг. Тэр үеийн хөдөөгийнхөн ажлаа барахгүй хэцүү. Нэг өдөр нялх хүүгээ гэртээ орхиод хонь мал, түлш түлээндээ явсан хойгуур нь шуурч, тэр салхи шуурганы улмаас гэр орон нь шатаж аюул болжээ. Гэртээ байсан хүүхэд угаартаж амиа алдсан аж. Тийнхүү хайран үрээсээ харуусалтайгаар хагацан оршуулахдаа хөлд нь тэмдэг тавин домножээ. Тэр тэмдэг дараа нь миний хөл дээр тодорч гарсан байгааг ээж минь эмнэлэгт байхдаа хараад их баярласан гэсэн.
- Аав, ээжийнхээ элгийг дэвтээж ирсэн дархад шар хүүгийн балчрынх нь жим цаашид яаж өргөжив ?
- Аав ээжийн маань сэтгэл тайвширч, би гэдэг амьтан эрүүл энх бойжоод нэгийн ой нэлээд өнгөрч явахдаа бас л аюултай нүүр тулсан байдаг. Хаврын дундуур юм билээ. Гэхдээ мөс гэсээгүй үед нутгийнхан морь чаргатай л Хөвсгөл дээгүүрээ явдаг байж. Аав, ээж бид гурав тийнхүү явж байтал мөс гэнэт цөмөрч, чарга доошлоход аав үсэрч буун мөсний ирмэг захад гарчээ. Тэгээд эргээд харахад нь ээж нэг гартаа намайг тэвэрчихсэн нөгөө гараа өргөн ус руу доошилж байжээ. Ухасхийн татах гэх хооронд ээжийн толгой л цухуйж байсан аж. Тэгэнгүүт үснээс нь зуураад дээшээ байдаг хүчээрээ огцом татаад өөрөө арагшаа гэдийсээр бид хоёрыгоо уснаас нуурын мөсөн дээр гаргажээ. Амь тавих шахан хахаж цацсан намайгаа аав авч уруу нь харуулан хамар амаар ус гоожуулан илж, бас эвтэйхэн сэгсэрсээр аварчээ.
Харин морь чарга хоёр маань далайн гүн рүү тэр чигтээ арилаад өгсөн юм билээ. Аав минь “ Эмэгтэй хүний гэзэг үс чинь биеэ даадаг юм байна” гэж нутгийнхандаа ярьсан байсан.
- Балчраасаа л хатуужсан хүн гэж болох нээ?
- Болох байлгүй дээ. Намайг түрүүнд өөрөө дархад шар хүү гэлээ. Би дархад нутагтаа хайртай. Ээж минь яалтгүй дархад хүн. Харин аав маань халх сумын хүн, Шинэ-Идэрийнх. Загдын Төржав гэдэг эр цэргээс халагдахдаа Ханхын онжав залуусаа дагаад очсон байгаа юм. Тэгээд л ээжтэй танилцан гэр бүл болсон гэсэн. Тэр үедээ миний ээж “Доржийн Должий, улаан Должий” гээд Ханхдаа бас гайгүй хүүхний тоонд орж байж. Тухайн үеийн Хөвсгөлийн хөдөөд улаа бутарсан царайтай бүсгүй бол сайхан хүүхэн гэгдэж байсан юм билээ. Аав ч цэргээс халагдаад очсон залуу, бас арай өөр нутгийн эр хүн ээжид маань содон санагдсан биз. Золтой, золгүй учрал тохиолоороо зон олны анхаарлыг тэр үедээ татаж байсан тийм гэр бүлд торниж эхэлсэн дэлдэн шар хүү л байж дээ би. Харамсалтай нь аав ээж хоёрын минь амьдралын зам удаан нийлээгүй аж. Хоёр тийшээ болсон юм билээ. Намайг бага байхад тэр. Ээж намайг өсөх үед аавын овог нэрийг хэлж өгсөн байв. Хэзээ хойно би аавыгаа олсон. НАХЯ-нд байсных овог нэрээр нь хайгаад л олсон доо. Партизаны САА-д байсан. Хурдан морьтой, уяач. Бас панз наймаа их хийдэг хүн байв. Бүр сүүлд өндөр настай болох үед нь хотод ирүүлэн аав ээж хоёроо хэдэнтээ уулзуулсан.
- Хоймор нутагтаа, уугуул Ханхаасаа сургууль номын гараагаа эхэлсэн үү?
- Үгүй ээ, намайг долоон нас хүрэхэд манайх шилжсэн. Миний нагац ах Норов гэж малын эмч-зоотехникч хүн байсан. Тэрээр эгчийнхийгээ төвийн бүс нутаг руу шилжүүлж авчирсан. Ээжийн дүү тэр хүн Төв аймгийн Баянжаргалан сумд ажилладаг, тэндээ авчирсан. Тус сумд нэг жил болоод Төв аймгийн Баян сум буюу Мааньт суурин руу шилжин хотод арай ойртсон юм. Баянгийн сургуульд бага ангиа төгсөхөд манайх Улаанбаатар руу нүүсэн. Улсынхаа нийслэлд ирээд тавдугаар дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч болж байлаа. Улмаар бүрэн бус дундаа 1973 онд “Дэнжийн мянга”-д байдаг 39 дүгээр сургуульд дүүргэсэн. Тэр сургуулиас Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгуулан тэнцээд орж суралцсан юм. Хожмоо Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон Нямхүү багш анх шалган авьяастай хүү байна гэж тоосон. Тэр хүнээс л уран дархны эрдэм жаахан сурсан. Мөн тэр сургуулийн буянаар төгсөөд л Дуурийн театрын тайзны засал урлалыг хийдэг зураач дархны ажилд орсон.1976 онд гэсэн үг. Тэнд жил гаруй болсон. Хэдийгээр богинохон хугацаанд ажилласан боловч агуу Гаваа, Гунгаасүх нарын шавь болсон доо одоо ч их баяртай байдаг. Ардын зураач нарын шавь гэж омогшдог шүү.
- Ямар уран бүтээлийн тайз чимэглэлийг хэрхэн хийсэн нь сэтгэлд тань үлдсэн бэ?
- Тийм ч олон дуурь, бүжгийн жүжгийн тайзтай ажиллаагүй. “Травиата” дээр л их зүтгэсэн. Гунгаасүх багш зураг-эскезийг нь гаргаад өгчихнө. Би тэр дагуу нь сонгодог хэлбэрийг нь гаргахаар төмөртэй ноцолдоно. Ядахад багаж байхгүй. Нойр хоолгүй л үзнэ. “Травиата”-гийн тавилт бэлэн болохын өмнөхөн ядраад татаж унаж байсан явдал ч бий. Тэр бүхнийг Гунгаасүх багш маань ихэд үнэлдэг байв. Гаваа багшийн хувьд гол төлөв оройд гэрт нь дагаж очоод ихийг сонсоно. Мөн хоолыг нь хийж өгчихөөд нэг хятад бийрээр шагнуулаад л Дэнжийн мянгад байдаг гэр рүүгээ урамтай алхдагсан. Дуурийн театрт намайг удаагаагүй НАХЯ-нд зураач, бас мужаан , дарх аль алиныг нь хийдэг залуу хүн хэрэгтэй гээд тийшээ авчихсан. Тэнд намын кабинет бий болгох, элдэв үзүүлэн хийх ажилд зүтгэсэн дээ. Гол нь цэргийн албанд татагдахгүй, цалин нь ахиу гэдгээрээ миний амьдралд нэмэртэй санагдаад би тэнд ажиллахыг зөвшөөрчихсөн юм. Улмаар тус яамны харьяа тусгай хороо, ХЦ-ийн 119 ангид ажиллан цол нэмсэн. Нийслэлээс зайдуу байдаг цөөн анги салбарыг нь тойрч ажилладаг үзэл суртал , ухуулах ажил хариуцсан намын ажилтан болсон.
- Тийм ажлаас залхаж байв уу, уран бүтээлч талаасаа ?
- Бас амаргүй. Онц сонирхолтой биш.Гэхдээ муу ажиллаагүй. НАХЯ-ны бүтэц ч яваандаа өөрчлөгдсөн тэр үед Цагдаагийн байгууллагад шилжин ажилласан. Улсын тусгай объект хамгаалалтын тусгай суманд ажилласан. Толгойтод байрладаг байсан. Гучин цагдаа хариуцана. Тэд чинь өмнө ажиллаж байсан цэргийн ангийнхнаас өөр. Казаремд байдаг цэрэг , гэртээ амьдардаг цагдаа хоёр яаж адил байх вэ. Зарим нь ар гэрээ хайхрахгүй байна гээд л хэл ам татална. Заримынх нь гэрэл цахилгааныхаа төлбөрийг төлөөгүй байна гээд Эрчим хүчний газраас бичиг тоот ирсэн байна. Ганц хоёр нь архи дарс уугаад ажил тасалчихна. Бүр постон дээрээ хүүхэн авчирч унтсан гэх хэл аманд өртөх залуу ч байна. Тэр бүхэнд нь би хэн нэгэнтэй нь хамт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Хурцгэрэл дээр дуудагдан зэмлүүлнэ. Хотын захад ажилтай тул ирж очих гэж явдалтай. Ёстой цагдаагийнхаа эрээн модныхоо ид шидээр элдэв замын машинд суун ажилдаа очиж, гэртээ ирдэг байв. Тийм болохоор ёстой залхаад ажлаа солихоор хөөцөлдсөн. Тухайн үед Пүрэв генерал дээр орж, арын хаалгадах шахуу юм болж байж ажлаа өөрчилсөн дөө.
- Тэр генералд хүрч санаагаа хэлэх арга зам нь юу байв?
- Манайх генералынхтай нэг байранд, нэг орцонд байсан. Цагаан сарын өглөө гэхэд зүг, мөрөө гаргаж яваад хоёулаа таарчих жишээтэй. Тийм болохоор танимхайран зориглосон хэрэг. Тэгээд одоогийн Иргэний бүртгэлийн төвд ажиллах саналаа хэлсэн.Генерал “За судалъя” гэсэн. Удалгүй тийш нь шилжүүлж өгөв. Тэгээд гадаад паспортын Улсын байцаагч болсон юм би. Тэнд зургаан жил гаруй ажилласан даа.
- Өөрөө чинь гадаад паспорт зурсан “хэрэгтэй” билүү ?
- Хүүе юун хэрэг мэрэг. Үндэсний гадаад паспортын эх загварыг зохион батлуулсан. Е серийн улаан гадаад паспорт авч байсан хүн бүр миний эх загвараар бүтсэн паспортыг өвөртлөн алсыг зорьж байсан. Түүгээрээ би бахархдаг юм.
- Уран бүтээлчийн чинь хувьд шог зургаар тань хүмүүс мэднэ. Харин хувь заяаны чинь эргүүлэг үхлээс буцаасан өөр тохиолдол бий гэсэн байх аа?
- Залуу халуун насны болчимгүйгээс бас үхэх шахсан тал бий. Хилийн цэргээс цагдаа руу шилжсэн жил юм. Хилийн цэргийн дэслэгч байснаа цагдаагийн дэслэгч болчихоод нутагтаа шинэхэн мөрдэстэй амьтан амралтаараа очсон юм. Тэр үед сумаас ангийн отог маягийн юм хөдлөх болж, намайг нутгийнхан авч явах юм боллоо. Би гэдэг амьтан анх удаа анд явах болов. Хээр очоод уулын онь дээр намайг отоонд суулгаад өөрсдөө буга тууж ирэхээр явлаа л гэв. Миний ойр манай хамаатангийн 16-17-той нэг хөвгүүн байгаа. Үхэр мал тууж ирэх гэж байгаа биш тийм амархан юм гэж хаана байв гэж бодоод сууж байтал хажуугаар сүрэг буга ороод ирлээ. Би ч хэд хэд буудлаа. Онож байгаа эсэхийг бүү мэд . Нөгөө сүрэг чинь хатираад л өнгөрлөө. Харин жаахан байтал миний хажуу тал халуун оргиод явчихлаа. Улаан юм, цус урсаад. Нөгөө дэргэд ойр байсан хөвгүүн чинь буугаа оролдож байгаад сум алдан намайг буучихсан нь тэр. Бид хоёрыг тийн баларч байтал түрүүчийн хүмүүс ирэн түргэн авлаа. Нэг хавтгай навч тасдаж авчран шархан дээр тавилаа. Баруун гарын дээд булчин , баруун талын хавирга зэрэгт сум хаваад гарчихсан юм билээ. Сүүлд мэдэхэд тэр. “Сүхбаатар “ усан онгоцны ахмад Чадраабалын Бат гэж хүн ангийн отогт явсан . Тэр хүн намайг уулнаас буулгаад “УАЗ-469” машиндаа суулгаад аваад давхисан. Цаашаа тэр чигтээ давхиад Оросын хил рүү орон тэдний тосгоны төв эмнэлэгт хэвтүүлсэн. Нэлээд хэд хоноод шарх анихана уу гэтэл орос эмч эмтэй нарийн марлиар сүмбэдэх маягаар цэвэрлэнэ. Тэр үед их өвдөнө.Тэнд сар эмчлүүлээд эрүүл хүн болоод иргэж ирсэн. Анх удаа болон сүүлчийн удаа анд яваад баларсан балаг минь юм.
- Мөн хэзээ ч билээ , Далайдээрх нар хойт хилийг зөрчөөд буудуулж хөөгджээ гэсэн нэг сэм яриа сонссон санагдана?
- Хэн тэгж ярьсан болж байна. За яахав ортой л юм. Иргэний бүртгэлд байхад бас амралтын үед. Наймаа хийдэг манай хоёр найз хойшоо гарчихаад ирцгээе гэж байна. Тэд урдаас Хятадаас бараа оруулаад ирчихсэн. Түүнийгээ “Зил-130” машинд аччихсан. Тэр хоёртой нийлээд мөн Замын цагдаад ажилладаг Батсайхан гэдэг ахлах дэслэгч найз аа дагуулан явлаа.Хойт хил дээр очин орон нутгийнхан гардаг цагаан хуудас бичүүлээд хил давцгаалаа. Цаашаа орлоо. Байгал далайг тойрсон амралтын газрууд байна. Тэр бүхнийг хэсэн машин дээрх бараагаа ядах юмгүй зарцгаалаа. Овоо ч рубльтэй болцгоосон. Тэндээс авах бараа сэлтээ ч авлаа. Замдаа идэх хүнсний юмаа ч базаалаа. Орос архи ч нэлээдийг авцгаасан. Тэгээд Монгол руугаа буцахаар Оросын хилийн шалган дээр ирэв. Таван цаг өнгөрсөн тул хилээр гаргахгүй , хаачихсан гэж байна. Та нар маргааш нэвтэр буц гэж байна. Бид үгэнд нь ороод буцлаа. Цаашаа Монда тосгон хүрэх гэснээ болиод модон дотор орон амарцгаалаа. Архи дарс ууцгаалаа. Тэгээд шөнө 12 өнгөрөх үед “Ер нь явцгаая , Монгол руугаа “ гэсэн санал гарч байна. “Тэгье, тэгье “ нэгнээн дэмжээд л хөдлөх юм боллоо. Ачаа бараагаа шалгаад машиндаа сууцгаан хөдөллөө. Оросын хил тулж ирээд жолооч хаазаа нэмээд л хилийн шалганы хаалтыг зад дайраад давхилаа. “Хил зөрчигчид “ гээд оросууд хашгиран араас буудлаа. Тооцгоосонгүй ээ. Хойноос “ ГАЗ-66”-тай, “УАЗ-469”-тай хөөлөө. Кинон дээр гардаг шиг л юм болж байна. Бид гэж баахан согтуу юм. Далан дээгүүр давхиж явтал хажуу тийшээ далбигас хийн хэлтийгээд машин маань уналаа, өнхөрч байх шиг , нэг мэдсэн чинь дугуйн дээрээ буух шиг л болов. Манарсан л юм. Төдөлгүй араас Оросын хилийнхэн ирээд биднийг машинаас гарган гавлаад авав. Хилийнхээ шалган дээр аваачин юм ч ярилгүй камерт оруулаад цоожилчихсон. Архи ч бараг гарч байна.Машин унахад мань хэд амьд гарсандаа л баярлаж суув. Маргааш өглөө нь нөгөө Батсайхан ахлах дэслэгч бид хоёр Хилийн шалганы дарга дээр нь орлоо. Батсайхан Волгаградад төгссөн тул оросоор сайн ярина. Тийм болохоор наймаачин найз нар маань бид хоёрыг ор гэсэн. Би ч нэг торонд хэдэн архи хийгээд аваад орсон . Оронгуутаа тумбочикт нь нөгөө тортойгоо дуугай л хийчихсэн. Тэгээд л хоёулаа зогсож байв. Орохоосоо өмнө Батсайхантайгаа жаахан зөвлөсөн. Тэр дагуу л мань эр “ Уучлаарай нөхөр хошууч аа, Бид адилхан эр хүмүүс. Мөн командаар ажилладаг цэрэг, цагдаагийнхан. Та бид хоёрыг нөхдийн минь хамт явуулах тушаал цэргүүддээ өгч тусална уу. Удахгүй бид хоёр төрийн одонгоор шагнуулах юм. Бас цол нэмнэ. Манай Үндэсний баяр- наадам болох гэж байгаа тэр үед авах цол , шагналаа тэмдэглэх гэж эндээс сайн чанарын архи, дарс , чихэр авч яваа минь энэ. Та биднийг өршөөнө үү. Биднийг хил зөрчигч гэж үзээд Монголын талд мэдэгдэх юм бол бид юун одон шагнал, цол нэмэх , амьдрал маань сүйрнэ “ гэх мэтээр учирлан гуйлаа. Гэтэл юу ч хэлэлгүй дуугүй сууж байснаа цэргээ дуудан оруулж ирээд “Эднийг камер руу нь аваад яв “ гэж байна. Бид хоёр ч нөгөө камертаа ирээд сууцгааж байв. Удалгүй орос хошууч бидэн дээр ирэн эднийг суллаад гарга гэлээ. Тэгээд алив явцгаая гэж байна. Тийнхүү өөрөө биднийг машинтайгаа дагуулан явж хилээр гаргаж өгсөн.
- Бүр давраад даргынх нь хамгаалалтад орж авсан байна шүү дээ. Уул нь амьд гарсан нь зол гэмээр тийм үү?
- Үнэндээ тийм шүү. Тэр согтуу, галзуу шахуу бид машинтайгаа унахдаа мажийчихаагүй нь бурхны аврал. Нөгөө талаас дараа нь тэр Оросын хилийн шалганы дарга хошуучийн сайхан сэтгэлээр хандсан нь хэзээ ч мартамгүй ээ.
- Аанай л нэгэнтээ, Гагарин газардав гэдэг шиг өөрөө өндрөөс” нисэж буусан” сураг бий шүү ?
- За бүр өндрөөс нисэгч болгочихлоо. Бас л золгүй явдлаас хэн ч зайлуулсан юм бэ, лав л амь мэнд үлдсэн. Шог зургийн уралдааны шагнал авсан найз нар болон бусад нөхөд чөлөөт ярилцлага өрнүүлээд нэгэн оройг үдсэн. Хамгийн сүүлд л би нэгтэй нь үлдсэн. Тэгээд онгорхой цонхны тавцан дээр сэрүүцээд сууж байснаа гэнэт арагшаа савж унасан. Гуравдугаар давхраас доошоо гражийн үүдний талбайд унасан байна лээ. Гэмтлийн эмч нарын буянаар ус уух хувиа дахин олсон. Тархи хагарсан, нуруу гэмтсэн. Гэхдээ эмчилгээ сайн авсан даа.
- Таван ч удаа эрлэгийн гараас мултарч энэ хүртэл ихийг бүтээж яваа ховор хүнээс уран бүтээлийнх нь талаар асууя. Хэдэн жил шог зураг зурж байна вэ?
- Би чинь Саруулбуянгийн үеийн шог зураач гэх үү дээ.. Тэгэхлээр 40-өөд жил зуржээ. Сүүлийн үед нөхөрсөг шог зургаа элэглэл мөртүүдтэй хослуулж буй. Яруу найрагч болоод байгаа.
- Бас одон медалийн эхийг төрүүлэгч билүү ?
- Тэр талаар бараг л мэргэшсэн. Одон медаль, ойн тэмдгийн загвар-эскиз олныг зурсан.
- Инжааны урлалаараа олон бүсгүйн гоёлыг зэхэж өгөв үү. Хамгийн сонирхолтой захиалгыг хаанаас хэн ирүүлсэн бэ ?
- Ээмэг бөгжхөн олныг хийсэн. Заавал бүсгүй хүн гэлтгүй эрчүүд ч элдэв бөгж, хөөрөгний нуух,халбага, эмжээр мэтийг хийлгэдэг л юм. Зарим зохиолч нөхөддөө үзэгтэй бөгж хийж өгсөн. Мандир, Ядмаа, Цэрэнжамц нар очиртой гэдэг шиг үзэгтэй бөгж зүүгээд л яваа. Харин хамгийн этгээд сонин гэх хэлбэрийн захиалгыг бүсгүй хүн надад өгсөн. Тэрбээр тольтой бөгж хийлгэхдээ толин дээр нь хөвчирсөн эр бэлэг эрхтэн урлуулсан. Нэлээд эртний танил тэр эмэгтэй нэг чухал захиалга өгье гээд орж ирсэн юм. Үйлдвэрийн захирал хүн л дээ. Бодвол ямар нэгэн дом байсан биз л таамагласан шүү дээ би.
- Сураг зураг зурж байв уу. НАХЯ-нд ажиллаж байсан зураачид үүрэг оногдоо л биз?
- Тийм юм ч цөөхөн. Их Байды багшийн ажил ойр байсан болохоор над мэтийг тэр тал дээр тоох нь бага шүү дээ. Гэхдээ Төв музейгээс бурхан алдагдсан хэргийн ам зургийг зурсан. Хожим нь хулгайчийг нь барьчихаад надад “ Өөрийн чинь зурсан зургийн дагуу төстэй хүнийг нь барихад тэр хулгайч мөн байсан” гэж албан ёсоор мэдэгдэж байв.
Монголчууд мал малын захтай айл гэж ярьдаг шиг дархан, мужаан, шог зураг, загвар, шүлэг гээд оролдож бүтээхгүй юмгүй гаажтай эр. Жавар дунд мөсөн дээр төрж , хөл орох үедээ усан живээд аврагдсан, эр бие гүйсэн хойноо бууны сум даасан, автомашинтай онхолдоод эсэн мэнд ,гурван давхраас унаад амьд үлдсэн азтан. Ийм хүн элбэг биш ээ.
Б.Цогзаяабаатар
www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Ну погоди юм бишүү
Urt turulduu nasnii buyan ih huraajee!
нэрэнд нь их учир байдаг байхаа
үхлээс аварч хамгаалж дагаж явдаг их том хамгаалалттай бурханаас заяагдсан хүн байна даа.түүнийг аварч хамгаалдаг бурхан дагаж явдаг юм байна даа
НАХЯамны Намын хороонд хамт ажиллаж байсан хай Даалай даа баяр хүргэж гэр бүл үр хүүхэд нь сайн сайханыг Ерөөе
Далай ч нээрэн долоон голтой золиг л доо. Гайхдаг л юм.