Ч.Дашням: Өдөрт 700-800 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна

2017 оны 08 сарын 10

Гадаад паспорттай холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.  

- Зуны улиралд гадаад паспортын ачаалал эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна вэ ?

Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар хандаж байна. Үүнээс  өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог. Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг. Уг нь багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгасан. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна. Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгдэж байгаа юм. 

- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ ? 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд хандаж байгаа иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгаа.  Харин яаралтай үйлчилгээ үзүүлдэггүй. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд та бүхэн гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүй.  

- Иргэдийн зүгээс бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирэх тохиолдол гардаг уу ?

Иргэд бичиг баримтандаа маш хариуцлагагүй хандаж байна. Гадаад паспортаа хаяж, үрэгдүүлж, гадагшаа явахдаа паспортынхаа хугацааг нь шалгаагүйгээс болж хугацааг нь тулган захиалдаг. Гадаад явах гээд билетээ авчихсан хойно паспортаа шалгадаг. Явах хугацаагаа тооцоололгүй хугацааг нь тулгаж ирчихээд бид нараас илүү зүйл шаардаад байдаг. Түүнчлэн паспортаа захиалахдаа иргэний цахим үнэмлэхээ сунгуулаагүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг өөрсдөөсөө шалгаалсан олон зүйлээс болж ачааллыг улам нэмэгдүүлээд байдаг юм.  Тиймээс иргэд маань бичиг баримтандаа маш хариуцлагатай хандах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.178.210) 2017 оны 08 сарын 10

Замын үүд гадаад паспортны материалыг зөвхөн 3 дахь өдөр авдаг байдал үнэхээр чирэгдэлтэй байх юм.Ямар учиртай юм бэ? Цахим бүртгэлтэй болсон гээд л байдаг хаанаа байнаа

0  |  0
Top