Их сенсаци, хэл ам дагуулсан “15 РАУНД” нэвтрүүлгийн хөтлөгчтэй ярилцлага хийх сонирхол тэр үед төрсөн юм. Тодорхой хугацаа өнгөрсөн ч өнөөдөр ярилцах боломж гарлаа. Илэн далангүй, ний нуугүй ярилцана биздээ?
- Нуулгүй үнэнээ хэлээрэй... гэж ярьдаг хүн өөрөө үнэнээ ярьдаггүй юм даа. За за наргиа шүү. Нууцсаад байх юмгүй ээ. Ер нь амьдрал нууцгүй. Тиймээс ний нуугүй байхыг хичээе.
Ёс зүйгүй, бүдүүлэг гэж таны хувийн байдлыг шүүмжилж олон нийт дайрч, таныг сэтгүүл зүйн салбарыг гутаасан гэж тодорхойлсон.Энэ нэвтрүүлгийг дэмий хөтөллөө дөө гэж харамсдаг уу?
- Эхлээд яагаад энэ нэвтрүүлгийг хөтлөх болсоноо ярья. Тухайн үед би орой болгон улс төрчидтэй ярилцдаг “ХЭН НЬ ХЭН БЭ” гээд шууд нэвтрүүлэг хөтөлж байсан. Нэг өдөр “ONLINE PR AGENCY”-ын продессер надтай уулзаад Монголын хамгийн сенсацитай ярилцлагын нэвтрүүлгийг хийх гэж байна гээд “15 РАУНД” нэвтрүүлгийн төслийг танилцуулж нададхөтлөх санал тавьсан юм. “15 РАУНД” HARD TALK SHOW гээд нэрийг нь сонсохоос эхлээд энэ нэвтрүүлэг тэс өөр ярилцлага гэдэг нь анзаарагдсан. Тэгээд нэлээд тунгааж бодсоны эцэст нэвтрүүлгийг хөтлөх саналыг зөвшөөрсөн. Нэвтрүүлгийг зохион байгуулагчдын зүгээс үзэгчид чамруу дайрна шүү гэдгийг анхааруулсан. Энэ бүгдийг би ч тооцоолсон. Яг тооцоолж, төлөвлөсний дагуу нэвтрүүлэг явагдсан. Тэмээ зурж л байгаа бол бөхийг нь зурах ёстой доо.Үүнтэй адил “15 РАУНД” нэвтрүүлгийн онцлогыг бүтэн харуулахыг л зорьж хөтөлсөн.
Дуучин Нара та хоёрыг анхнаасаа ярьж тохирсон байсан гэсэн яриа нэлээд явсан. Үнэн үү?
- Бид анхны дугаартаа хэнийг сонгох вэ гэдгийг зөвлөлдөөд сэтгүүлч Б.Мөнхбаясгаланд дуудлага хүргүүлсэн. Харин сэтгүүлч Б.Мөнхбаясгалан: -Нэвтрүүлгийн чинь агуулга таалагдаж байна, амжилт хүсье гээдтатгалзсан хариу өгсөн. Яг тэр үед Нара УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд гэнэт зарлаад маш их шүүмжлэл хэл аманд өртөж эхэлсэн. Төр ширээний хүүхнээр л дутахгүй гэдэг утгатайшүүмжлэл их явсан даа. Тэгээд Нарад нэвтрүүлгийн дуудлагыг хүргүүлсэн.Дашрамд хэлэхэд “15 РАУНД нэвтрүүлгийн дүрмийг та нар сайн ойлго. 1-т: ”Манай нэвтрүүлэг оролцох зочиддоо нээлттэй дуудлага хүргүүлдэг. Урьдаггүй гэсэн үг. 2.т: Үзэгчдийн www.15round.mn сайт дээр тавьсан асуултууд дундаас асуултыг сонгож, би хэддүгээр раундад ямар асуулт тавихыгаа өрдөг. 3-т:Нэг раундад нэг асуулт асуугаад оролцогчоос 2 минутын хугацаанд заавал тодорхой хариултыг нь авахын тулд бөөрөнхийлж яриад байвал гол асуултаа чиглүүлж асууна. Манайд л цочир хүлээж авсан болохоос биш барууны орнуудад үүнээс илүү хүнд ток шоу ярилцлагууд байдаг юм билээ. Нарад нэвтрүүлгийн дүрмийг танилцуулж ярилцах хэлбэр хатуубайна гэдгийг урьдчилж анхааруулсан.Нара зөвшөөрөөд орсон.
Нара таны асуултуудыг өмнө нь мэдэж байсан байх нь тийм үү?
- Үзэгчдээс ирсэн асуултууд сайт дээр нээлттэй байсан болохоор мэдэж байсан байх. Мөнхтөрийн Нарантуяа гэж хэн бэ, Ганц бие ээжүүдийнтулгамдсан асуудал, Таны амьдралынзарчим... гэх мэт гөлгөр блиц асуултууд асуухгүй гэдгийг анхнаасаа хэлсэн.Миний асуултууд Нараг доош нь хийх гээд байгаа юм биш сайн хариулвал эсрэгээрээ дээш нь татах үр дүнтэй.Тань дээр жишээ авъя. Таны тухай ямар нэг муухай яриа хүмүүсийн дунд бүдэг бадаг яригдах нь аюултай байхгүй юу. Бүр хязгааргүй хэтрэх ч аюултай. Тиймээс түүнийг бүрэн ойлгуулаад хязгаарт нь хүргэчих хэрэгтэй. Тэгвэл таныг хэтрүүлэн таамаглаж муулахгүй. Хүн адгууснаас ялгарах гол чанар бол нэгнийгээ үнэн зөвөөр дүгнэх ухамсар юм шүү дээ. Хальт сонссон юмаа буруу мэдэмхийрч хүнийг муулж ярьж байгаа хүн үнэндээ тухайн хүнийхээ үнэнийгмэддэггүй. Нара-г бүх талаас нь харуулахыг л хичээсэн.Би нэг зүйлийг тодотгон хэлье. 15 РАУНД-аас хойш хүмүүс Нараг ширээний хүүхэн гэхээ больсон.Аливаа асуудлын үр дүн нь харагдаж байгаа шигээ байдаггүй юм шүү.
Харин Буянгийн Жагаатай ярилцсан нэвтрүүлэг бас л шүүмжлэлд өртсөн. Тийм хүний өөдөөс бас л ёс зүйгүй бүдүүлэг харьцсан гээд.
- Рингэн дээр өрсөлдөж байгаа хоёрыг үзэж байгаа үзэгч хоюуланг нь биш нэгнийг нь л дэмждэг биздээ? Үзэгчид дуучин Нара, Буянгийн Жагаа нарыг дэмжсэн бол би тэднийг дэмжсэн гээд ойлгочих. Нэвтрүүлэг бодлогын дагуу явсан. Би алдаа гаргаагүй. Смарт телевизийн ТУЗ харин ч эерэгээр хүлээн авч надад телевизийнхээ захирлаар ажиллах санал тавьсан. Би тодорхой хугацаанд захирлаар нь ажилласан.Үзэгчид маш цочир хүлээн авч дайрсан учраас би ёс зүйн хувьд үзэгчдээс, басНарагаас албан ёсоор уучлал гуйсан. Тэр мэдэгдлийг олон сайтууд мэдээ болгож түгээж байсан.
Анхны дугаарын дараа маш их дайралтанд өртөөд дараагийн дугаараа хийхэд сэтгэл зүйн хувьд амаргүй байсан байх.
- Үнэнийг хэлэхэд маш хүнд. Уг нь анхны дугаараас 7 хоногийн дараа 2 дахь дугаар гарах байсан. Хүмүүсийн дайралт доромжлол хэрээс хэтрээд үнэхээр тэсвэрлэхэд хэцүү байдалд хүрсэн. Би гадуур явж ч болдоггүй, ихэнх нь зүхнэ, хэдхэн хүн л зөвөөр ойлгож дэмжиж байгаа шүү гэнэ. Би байсхийгээд л нөгөөпродюсерлуугаа залгаад: -Одоо яах вэ... гэж аврал хайна. Намайг элдвээр доромжлох яахав, үр хүүхдүүдийн минь зургийг хүртэл элдэв муухай эвлүүлээд 15 РАУНД-ын хөтлөгч Б.Даваа хүүхдүүдээ ингэтэл зоджээ гэсэн хуурамч постер цацагдаад тэр нь намайг харин илүү цочирдуулсан. Ах дүү хамаатнууд намайг зовлонд уначихсан мэт шаналаад, дүү нар гадаадаас залгаад ах минь одоо наанаа яаж амьдрах юм цагаачлаад хүрээд ир татаж авъя гээд. Ээж минь айж, эхнэр минь сэтгэл нь зовоод. Аз болж хүүхдүүд минь сошл хэрэглэж сураагүй бяцхан. Тэр үед хүмүүс туйлшраад Давааг сэтгүүл зүйн талбараас зайлуулъя гээд сэтгүүлчид групп байгуулж муулаад, Давааг зодъя, гэх мэт эсрэг пейжүүд үүсээд, бас эхнэрийг салгаж аврах хөдөлгөөн ч гэнэ үү элдвийн группууд нээгдээд.Тэгээд “ONLINE PR AGENCY”-ын зүгээс 7 хоногийн хугацаа хүлээлгүй шууд маргааш хоёр дахь дугаараа гаргая гэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед хүмүүс чаддаг юм бол Буянгийн Жагааг оруулаатах гээд байсан. Тэрнийг нь оруулъя гээд л Б.Жаргалсайхан гуайг оруулсан.Харин Б.Жаргалсайхан нэвтрүүлгийн өмнө: -Авгай хүүхдийн тухай л биш бол юу ч асуусан болно. Харин надад бодсон юм байгаа. Дараа нь гомдоод, гоншигоноод байхгүйн байгаан биздээ... гэсэн. Тэр үг нь дарамт дээр айдас нэмсэн. Шууд нэвтрүүлэг чинь засвар монтаж хийж болохгүй, алдаа гаргах эрхгүй болохоор эвгүй л дээ.
Буянгийн Жагаа гуай шууд л зөвшөөрөөд орчихсон юм уу?
- Дуудлага хүргүүлэхэд мань эр сошлоор явж байгаа сенсацийг аль эрт мэдэрчихсэн байсан. --За Чи муу чинь харин энэ сошлыг халаачихлаа. Одоо би орвол энэ сошиал чинь улайтах гээд байна аа даа. Дуудлагыг хүлээн авлаа... гээд фейсбүүкээр дуудлагыг хүлээн авч байгаагаа бичлэгээр оруулсан. Тэр мэдэгдлийг нь хэдхэн цагийн дотор л хэдэн зуун мянган хүн үзэж шейрлээд их хүлээлт үүсгэсэн. Маргааш нь нэвтрүүлгээ хөтлөх гээд очиход байнга хоцордгоороо алдартай Буянгийн Жагаа гуай 1 цагийн өмнө шахуу бөөн дагуулуудтайгаа эфир дээр хүлээж байсан. Мафийнхан тийм байдаг боловуу гэмээр сэтгэл зүйд хэрэндээ л нөлөөлсөн.Их ач холбогдол өгч оролцсонд нь баярлаж явдаг. Энэ хоёр нэвтрүүлгийг харьцуулвал Б.Жаргалсайхан гуайтай хийсэн ярилцлага илүү ширүүн болсон шд.
Нэвтрүүлгээс хойш Нара-тай уулзсан биздээ, танд одоо ч их дургүй юм шиг санагдсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга тэр хоёрын чат нийтэд дэлгэгдсэн. Тэр дунд таныг...
- Үзэгчдийн зүгээсНарагаас асуух асуултийн дунд ширээний хүүхэн, нүцгэн шалдаг зурагны талаарх асуулт, ганц бие ээж, гоо сайхны зөвлөгөө өгдөг гэсэн агуулгууд л гарч ирээд болдоггүй. Төр удирдах гээд байгаа хүнээс гоо сайхны зөвлөгөө асуугаад, эсвэл нөхрөөсөө яагаад салсан гэж үйлийн үрийг нь ухалтай биш. Рингэн дээр зогсчихоод: -Таны амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг вэ гэлтэй биш дээ. Уг нь төр барилцах гэж байгаа хүнийг тэс өөр өнцгөөс нь харуулмаар байдаг. Тэгээд л байгаа мэдээлэл, үзэгчдээс ирсэн асуултууд дээр тулгуурлан асуухаас өөр арга байгаагүй. Ширээний хүүхэн гэж ямар ажил байдаг юм, дуучин юм бол дуулаад үзүүлчих гэж хатгаж асуугаад энэ асуудалд нь цэг тавья гэж бодсон. Би Нараг УИХ-д сонгогдоосой гэж дотроо дэмжиж байсан болохоор.
Тэр асуулт л хэтэрсэн л дээ.Та ширээний хүүхэн гэж ямар ажил гэдгийг үнэхээр мэддэггүй юм уу?
Ширээний хүүхнээр үйлчлүүлж байгаагүй болохоор мэдэхгүй. Хүн аливаа эргэлзэж байгаа зүйлийнхээ учгийг тайлах хүсэлгүй болчихвол хүн гэх мөн чанараасаа холдоод эхэлнэ. Би ч тийм хүн.Улс төрчхүн ямар ч хүнд нөхцлөөс өөрийгөө авч гарах сэтгэл зүйтэй байх ёстой гэж боддог. 13 дахь раунд дээрНара шууд нэвтрүүлгийг орхиж гараагүй байсан бол 14, 15 дахь раундад илүү сонирхолтой асуулт байсан юм уг нь. Энэ дашрамд хэлэхэд дуучин Нара-гаас одоо дахиад уучлал гуйя. Би адилхан залуу хүний хувьд үеийн залуучууд нийгэм улс төрийн салбарт орох гэж байхад нь чадахаараа дэмжихийг хичээдэг. Нара хожим ч гэсэн ойлгоно байх. Цаашдаа ч дэмжинэ. Зарим үзэгчид хүртэл Нараг нэвтрүүлэг орхиж гарсанд нь элдвээр ярьсан. Тэр нөхцөл байдалд хэн ч байсан тийм үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Магадгүй би ч Нара-гийн оронд байсан бол салаавч өгчихөөд ринг өшиглөөд гарах байсан байж ч магадгүй. Юм бүхэн та нарын шүүмжилж байгаа шиг амар байдаггүй юм. “15 РАУНД”-ын дүрэм тийм л хатуу.
Та өмнө нь улс төрийн цуврал ярилцлагууд хөтөлж байсан болохоор туршлагатай байсан байх. Ер нь ямар оролцогчтой ярилцах хэцүү байдаг вэ?
Өнөөдөр бүх юм хувьсаж өөрчлөгдөөд байна. 160 тэмдэгтэнд багтаан жиргэдэг твиттер хамгийн хүчтэй мэдээллийн хэрэгсэл болж байна. Товч тодорхой ярьж сурахыг цаг үе шаардаж байна. Манай энэ улс төрчид л гэхээр сэтгүүлчийн асуултанд хариулах гэж элдэв хангай юм ярьж сунжраасаар байгаад сурчихсан. Оновчтой хариулдаг ч үгүй. Хатгаж тулгаж асуухаар тэрэнд маш эмзэглэнэ. Хөтлөгчийг мэдлэггүй бүдүүлэг гэж зууж өрвөлзөнө.Өөрсдөө асуултанд хариулах гэж ядаад байгааг нь сонсохоор нойр хүрмээр. Гэтэл нөгөө талаас үзэгчид мэдээллийг товч тодорхой авахыг хүсээд байна. “15 РАУНД” дээр 15 өөр өнцгийн асуудлыг маш богино хугацаанд ярилцах гээд байдаг. Ингэхээр ганц сэдвийг л өчнөөн сунгаж сунжруулж хонины морь шиг ноолж явдагнөхдүүдэд энэ дүрэм эмнэг адуун дээр эмээлгүй мордчуулчихсан юм шиг сандаргах нь аргагүй л дээ. Яг үнэндээ Даваа, Нара хоёртоо ч биш, нэвтрүүлгийн дүрмэндээ сенсацийн шалтгаан нь байгаа юм.
“15 РАУНД” нэвтрүүлэг тэгээд хөтлөгчрүү нь олон нийт дайрсан дайралтаас болоод зогсчихов уу?
- Муу нэр гэдэг муухай царайнаас илүү муу үр дагавартай учир хүмүүс хүлээж авахгүй байхад илжиг шиг зөрж дайраад байх нь дэмий гэж бодоод л зогсоосон. Тухайн үед өөрөөс чинь өөр хэд хэдэн ярилцлагын санал, нэвтрүүлэгт орох санал ирсэн. Хэдийгээр хүмүүсийн дайраад байгаа шиг алдааг гаргаагүй гэж дотроо бодож байсан ч тэр бүгдийг ярьж, өөрийгөө өмөөрч элдэв янзын тайлбар хийлгүй өөрийнхөө талд биш олонхийн талд би зогссон. Найз нөхөд маань хэвлэлийн хурал зарлаж нэвтрүүлгийн дүрмээ тайлбарлаж нэрээ цэвэрлэ гэж зөвлөж байсан. Би тэгж зууралдахыг хүсээгүй орхисон. Хүмүүс юу хүсээд байгаа юм гэдгийг бодож тунгаая гэж шийдсэн. 15 РАУНД бол хүмүүсийн хүсээд байгаа шиг эедэг наалинхай ярилцлага биш учир тийм болгож өөрчлөлгүйгээр бид ярилцаад зогсоосон. Рингэн дээрээс буугаад буйдан дээр налайж суугаад оролцогчоо элдэв янзаар долоохыг хүсээгүй.
Эсрэгээрээ дэмжиж байсан хүмүүс бас байсан шд тиймээ?
Би хүн муулахгүй. Одоо зүгээр сонин болгоод л ярьж байна. ХҮН намын дарга хамар Ганболд утсаар намайг элдвээр хэлж томроод, Дарханы засаг дарга Азжаргал ч гэнэ үү нэг нөхөр телевизрүү байнга утасдаж наад хөтлөгчөө солихгүй бол би хаана, хаана гомдол гаргана ч гэнэ ээ, бас өдөржин фейсбүүкээр коммент бичээд. Дарханы нэг үзэгч эмэгтэй манай засаг дарга одоо ингэж суухаар ажлаа хийгээчээ гэж шаардсан чинь харин ичээд алга болсон. Бас жүжигчин Онон гэх мэтийн олны танилууд надруу дайраад байх чинь бас л эвгүй юм билээ. Харин твиттер тэр чигээрээ намайг доромжилж байхад тэр дунд Херо-гийн Баатар, сэтгүүлч Ганчимэг хоёрын эерэг жиргээ ёстой л гундсан намайг нар мэт гийгүүлж урам өгч байсан. Би чинь их сэтгэлийн тэнхээ муутай дурак л даа. Бас гадаадад байгаа Монголчууд бол олноороо дэмжиж, нэвтрүүлгээ зогсоож болохгүй шүү гээд урам өгцгөөж байсан. Америк-д байдаг нэг бүсгүй надруу чатаар нэг нэвтрүүлгийн линк явуулаад амжилт хүссэн. Тэр нэвтрүүлэг оролцогч нь хөтлөгчрүүгээ стакантай ус цацчихаад уурлаад босоод явчихсан. Арын албанд байсан хүмүүс нь камерт орж ирээд тухайн хүнийг зогсоож байгаа бодит явдал. Тэгэхээр хөтлөгч тухайн хүнийг тийм үйлдэл хийх хүртэл нь хатгаж ярилцсан гэсэн үг. Заавал би тийм байх ёстой гэх гээгүй л дээ. Гэхдээ Монголд заавал ярилцлага бүр хэвэнд цутгасан юм шиг адилхан байх албагүй биздээ?Дөрөв тав, бүр арваад жил тасралтгүй явж байгаа мөртлөө хүмүүсийн анхаарлыг татаагүй нэвтрүүлгүүд байдаг. “15 РАУНД” чинь дөрөвхөн дугаар хийгдээд зогссон шд. Сонгуулийн өмнө байсан болохоор маш олон хүн төлбөр төлөөд нэвтрүүлгээр чинь оролцоё гэж ханддаг байсан. Ашиг бодсон бол мөнгөний зочид оролцуулаад явах байсан. Гэхдээ бид тийм болголгүй яг тухайн үед зогсоосон нь зөв гэж бодож байгаа.
Тэр дайралт таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн байх. Ямар нэг дүгнэлтэнд хүрсэн үү?
- 1-т: Хүмүүсийн хандлага 15 РАУНД нэвтрүүлгийг шоу талруу нь болгох гээд байгаа нь анзаарагдсан. Зүгээр хэвийн ярилцлага болчихвол маш муу нэвтрүүлэг боллоо гэнэ. Анхных шиг сенсаци хүлээнэ. Арай жаахан ширүүхэн ярилцлага болчихвол тэрэн дээр талцаад нөгөө л хөтлөгчрүү нь дайрах гээд бэлдээд байдаг. Энэ муу хандлагыг өөгшүүлж, дэврээж болохгүй биздээ.
2-т: Муу муухай зүйл дээр ч гэсэн Монголчууд нэг талдаа багтах боломжтой юм гэж ойлгосон шүү. Нэгнийгээ буландаж гадуурхаж доромжлохоос эхлээд нэгнээрээ бахархаж нэгнийгээ хайрлах гээд бүх зүйл дээр нэг талдаа багтаж, нэгдмэл болдог. Энэ бидний давуу тал. Тэр нэвтрүүлгээс хойш асуудлыг биш агуулгыг томоор нь харж тунгаадаг болсон. Тэгж л надад хүчтэй нөлөөлсөн. (инээв)
“15 РАУНД”-ыг дахиад үргэлжлэх үү?
- Олон хүн наатхыг чинь асуудаг. Зарим телевизүүд санал тавьсан. Өөр нэвтрүүлэг хөтлөх санал ч ирсэн.Би өмнө нь “МЮЗИК-ХОЛЛ” Театр Кино Хөгжмийн Дээд Сургуулийг төгссөн. Одоо дахиад хууль, эрх зүйн чиглэлээр 3 дахь жилдээ сурч байна.Дахиад ч үргэлжлүүлж сурах бодолтой.Аливаа зүйлийг сурч мэдээд ирэхээрдахиад сурах шаардлагатай зүйл их гарах юм. Сурах тусам хүн өөрийгөө улам голдог. Хүн өнөөдрийн нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай амьдрах ёстой гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Өнөөдрийн нөхцөл байдалдаа сэтгэл ханачихвал мөхөж буйн шинж. Энэ шинж Монгол хүнд л лав тохирохгүй чанар. Ингээд л сурч мэдээд завгүй явна даа. Юм сурахын тулд заавал хил давж явах шаардлага байхгүй. Харин “15 РАУНД”-ыг зохион байгуулагчдын зүгээс нэвтрүүлгээ үргэлжүүлье гэвэл бодож үзнэ.
Та амьдрал дээрээ хэр ёс зүйтэй хүн бэ?
- Би ёс зүйгүй хүн биш. Бас ёс зүйтэй харагдах гэж худлаа баг зүүж харьцдаггүй. Өөрийнхөөрөө шулуун, шударга харьцах нь бусад хүнийг өөрийнхөөр нь танихад амар байдаг юм. Тийм болохоор ихэнх шинэ танилууд надтай дотно болдоггүй байх. Хүн бүхэн өөрийн гэсэн гар хуруутай. Тэр хуруу бусдаас өөр байвал хуруугаар нь хүнийг гоочилно гэдэг өөрөө жинхэнэ ёс зүйгүй хэрэг. Таны хуруумагадгүй бусдынх шиг сайхан тэгш булбарай биш байж болно. Гэхдээ хоол идсэн ч та өөрийнхөө гараар л иднэ. Дайнд явсан ч өөрийнхөө хуруугаар л бууны гох дарна биздээ.Тийм болохоор хүмүүсбусдыгтөсөөлөлдөө байдаг тарьмал цэцэг шигээ байлгах гэж зовох шаардлагагүй.
Та өөрийн фейсбүүк хуудсаараа нийгэм, улс төрийн агуулгатай хурц постууд бичиж хэлэлцүүлэг үүсгэх юм.МАН-ын намын гишүүн юм уу?
- Би нам бус. Нийгмийн нөхцөл байдлын тал дээр өөрийн гэсэн үзэл бодолтой л хүн. Улс төрчдийг өөрийнхөөрөө л үнэлж дүгнэдэг.Бусдыг өрөвдөж, чин сэтгэлээсээ бусдын зовлонг мэдэрч ойлгож чаддаг хүмүүс улс төрд орж байгаасай гэж боддог. Өнөөдрийн Ерөнхийлөгч буюу тэр үеийнхэн нийгэмд хөлж тавьж байх үед заръя гээд өмсөж байгаа бээлийгээ хүртэл аваад захруу гарахад бараг 10 нугарч зарагддаг байсан алтан үе. Зоосон дээр нүд тайлагдсан хүмүүс. Тэр нийгэмд сүйхээтэй хүмүүс уралдаад л наймаачин болж амжилтанд хүрцгээсэн. Тэгээд нэг мэдсэн наймаагаар баяжсан хүмүүс төр удирдаад эхэлсэн. Тэдний дараагийн үе харанхуй сохроор ах нарыгаа мундаг хэмээн итгэж даган баясч яг тэр замналаар нь төрд орж авилгыг хөгжүүлсэн. Одоо бол дээд үеийнхний тарьсан балаг ард түмэнд зовлон болж буй цагт бидний үеийнхэн нийгмийн салбарт оролцоход бэрхшээлтэй.Өөрчилнө гээд яриад байгаа энэ хүмүүсээс өнөөдөр хэн ч нийгмийг өөрчилж чадахгүй. Цаг үе нь биш. Уучлаарай энэ миний л бодол.
Тэгээд таныхаар нийгэм өөрчлөгдөхгүй юм уу?
- Бидний дараагийн 90-ээд оныхон өнгө мөнгө цухас үзээд PC тоглоом, үнэтэй пүүзний мөрөөдлөөсөө дөнгөж гарангуутаа сошиал ертөнцөд эзэмдүүлээд цэнхэр халим энэ тэр гэж цэцэрхээд бүгд шүүмжлэгч болоод ухамсар, зүрх сэтгэл нь сэвтчихээд байна. Эд нараас бас юм хүлээгээд хэрэгүй. Яг нийгмийг өөрчлөх үе бол бидний үр хүүхдийн үе. Өнөөдөр нийгмийн сэтгэлзүй ийм байхад, дээр нь улс төрчид ийм байхад хүмүүс талцаж хуваагдаж цэцэрхсэн хэвээрээ л байна. Улс төрд шударга хүн гарч ирсэнээр нийгэм шууд өөрчлөгддөг юм биш. Тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн оюун санаа, сэтгэлгээний хандлага өөр болсоноор оуюн санааны хувьсал болж нийгэм эрүүлжинэ. Бид ийм зомби сэтгэлгээтэй харанхуй байхад Бурхан будда, Есүс Христ бууж ирээд төр удирдаад ч нэмэргүй. Маргааш нь бурхадыгаа муулаад эхэлнэ. Бурхад нь маниусыгаа маллаад эхэлнэ. Хүмүүсийн сэтгэл зүйгээс болоод тогтолцоо нь ийм гаж болчихсон. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг дээ. Тийм болохоор бид хандлага, сэтгэлгээгээ өөрчлөөгүй цагт төрөө муулаад яах юм. Өнөөдрийн хандлагыг хар л даа Осоржамаа шиг нөхрийг сошиал ертөнцийн золиос болгочихоод түүн дээрээ овоорч шавж муулаад. Доромжилж бах таваа хангаад л. Яг зэрлэгүүд.
Хүмүүс тэгвэл хэзээ таны хэлээд байгаа оюун санааны хувьсалд очиж, нийгэм эрүүлжих бол?
Бидний үр хүүхдүүдийн үеийг индего хүүхдүүд гээд яриад байдаг даа. Би тийм далдын юманд итгэдэггүй л дээ. Гэхдээ л одоогийн бага насны хүүхдүүдийн оюун санаа бол тэс өөр шүү. Бид харин өөрсөд шигээ эд баялаг, хүсэл тачаалын боол болгочихгүй өсгөж хүмүүжүүлэх ёстой. Эд нарын зүрх сэтгэлд бидний хүлээж мөрөөдөж байгаа юм бүхэн байгаа. Өнөөдөр ухаалаг утас тоглоод ээж аавдаа эрхэлж байгаа бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд Монголын мөрөөдөл байгаа шүү. Угаасаа нарны энерги, газрын татах хүчний нөлөө дэлхий дээрх бүс нутгуудад ээлжилж идэвхижиж энэ нь шинэ төрж байгаа хүмүүсийн генэнд нөлөөлдгийг Дорнын шинжлэх ухаан нотолчихсон. Мандан буурах жам ёс буюу оюун санааны хөгжлийн циклийг Мандал буурлын давхарга гэдэг. Би хийсвэр зүйлд итгэдэггүй, болсон бодит зүйлд итгэдэг. Энэ бол хүн төрөлхтний хөгжлийг тээж яваа дэлхийн хууль. Харин аливаа зүйлийг тунгааж ойлгож байгаа бидний үе улс орныхоо амийг тасалчихгүй шиг үр хүүхдүүддээ хүлээлгэж өгвөл амжилт.
Та сошлын идэвхитэй хэрэглэгч. Сошл таны амьдралд хэрхэн нөлөөлж байна.
- Сайнаар ч биш муугаар ч биш. Тантай ярьж суухад та миний тухай нэг ойлголттой болно. Сошиал бол олон хүнд үзэл бодлоо илэрхийлэх боломж. Бусдаар бол өнөөгийн сошлоос авах юм тун бага. Өнөөдөр хоёр янзын нийгэмд бид амьдарч байна. Бодит нийгэм, сошиал нийгэм.Зөв ашиглавал энэ сошиал чинь гоё нийгэм. Харамсалтай нь бид зөв ашиглаж сураагүй л байна. Хамгийн наад захын жишээ гэр бүл дээр харагддаг. Дээр үед эхнэр нөхөр хоёр муудалцвал эхнэр нь аргал түүж явахдаа, нөхөр нь адуундаа явж байхдаа уйлахдаа уйлж, тунгаахдаа тунгааж үйлийн үрээ хувааж тэнцүүлж гэр бүлээ ариун нандин байлгаж оршин тогтнож ирсэн байгаа юм. Хүн бодох тусмаа ухаажиж, ярилцах тусмаа ойлголцоно биздээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн асуудал гэр бүлийн хүрээндээ л шийдэгддэг байсан байж. Одоо бол үерхэж эхэлж байгаа охид хөвгүүдээс эхлээд эхнэр нөхрүүд нэгэндээ уурлахаараа фейсбүүк дээрээ сэтгэл хөдлөлөө бичээд дотоод асуудлаа нийтэд зарлаад, хоорондоо ярилцаж ойлголцохын оронд нэгнээ хэнд ч хамаагүй очиж муулаадасуудлыг буруу туйлруу нь өөрсдөө түлхдэг. Ийм хүмүүс хэдийдээ хоорондоо ярилцаж ухаан суух юм бэ. Ийм хөнгөн зан дээр ямар амьдрал, ямар итгэл тогтож үлдэх юм бэ. Дээр нь фейсбүүк бол гэр бүлээс гадуурх ёс бус харилцаа үүсгэхэд маш их нөлөөлж байгаа. Тиймээс өнөөгийн нийгэмд бидний үеийн залуус гэр бүл салалтын шуурганд харамсалтайгаар их өртөж байна. Энэ эмгэнэл. Өнөөдөр эмгэнэл нь харагдахгүй ч хожим хэдэн жилийн дараа эргэж харахад түүхэнд үлдэх том эмгэнэл харагдана. Сүүлийн 3 жилийн дотор 15.000 гаруй гэр бүл цуцлуулсанаас 12.000 нь гэр бүлээс гадуурх ёс бус харилцаанаас болсон. Үүний цаана 19.000 хүүхэд ээж аавынхаа аль нэгэнтэй нь элэг бүтэн биш өсч байна гэнэ үү. Эд нар чинь уг нь миний түрүүн ярьсан Монголын мөрөөдлийг зүрхэндээ тээж төрсөн, оюун санааны хувьсал авчрах ирээдүй үеийнхэн шүү дээ. Өнөөдөр бол яахав хүмүүс дур зоргоороо явж байна. Саллаа гээд яваа хүмүүс өөрийнхөө хүсэл зоргоор хүүхдүүдийнхээ хувь заяаг шийдээд явж байгаа. Үр дүн нь ирээдүй. Үнэхээр зүрх шимширмээр. Энэ бүгдэд сошиал сөргөөр нөлөөлж байгаа.
Та кино шүүмж бичээд байсан санагдаж байна. Шүүмж зөв хардаг хүн мэдрэмжтэй байдаг.
- Их юм боддог. Хөндлөнгийн хүн харахад их завтай. Өдөр бүр завгүй байдаг хүмүүс үндсэндээ юу ч бүтээдэггүй юм шүү. Хувь амьдралаа залгуулж явааг нь эс тооцвол.Дэлхийн шинэ цагийн тэрбумтнууд тоосго өрж байшин барилгүй оюун санаагаараа, баялгийг бүтээж чадаж байна. Нэг оновчтой апликейшн зохиосон оюутан нэг л өглөө хэдэн зуун тэрбум долларын эзэн болох алтан үед бид амьдарч байна. Юун наймааны 90-ээд он. Монголчууд биеийн спортоороо л дэлхийд гарах боломжтой гэсэн ойлголтыг эвдэж өнөөдөр оюун ухааны олимпиадад Монголын багачууд дэлхийд тэргүүлээд бүх рекордыг нь эзэмшээд эхэллээ. Монгол хүн бие махбод, оюун санаа бүх өгөгдлөөрөө тэс өөр. Өрнө Дорно хоёрыналь ч соёлд авталгүй нүүдлийн соёл иргэншлээ өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш хадгалж ирсэн тэнгэр шиг зөрүүд улс. Монголчуудад зориулж Манж гүрнээс гаргасан 9 эрүү шүүлт дэлхийн түүхэнд байгаагүй их яргалал. Тэгэхээр Монгол хүнд асар их тэсвэр тэвчээр бий. Маргааш дэлхийн төгсгөл гэвэл өглөө идэх хоолоо үлдээх өөдрөг. Маргааш дэлхийн төгсгөл юм шиг өнөөдөрбайгаа бүхнээрээ наргичихцайлган. Өрөөлийн асуудлыг өөрийн зовлон мэт шаналж байгаа бүхнээ барьж тусалдаг чанар Монгол хүнд л байдаг байх. Хүнд байж болох бүх өгөгдөлийг бөөгнүүлээд Монгол хүнд өгчихсөн юм шиг санагддаг. Хүн ам 20 саяд хүрэхээрээ дэлхийг самарна аа Монголчууд.Шинээр төрсөн хүүхэд бүрт 10 сая төгрөг өгдөг шийдвэрийг төр гаргаад бодлогоор дэмжвэл айл бүр доод тал нь 5 хүүхэдтэй болно. Тэр цаг удахгүй ирнэ гэж боддог. Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол хүний мөн чанар алдагдаж хүн бүхэн юм бүхнийг мөнгөөр хэмжиж өөр хоорондоо өрсөлдөж нэгнээ хуурч мэхэлдэг болсон. Онцлог давуу чанараа буруу юманд ашиглавал маш аюултай. Тийм болохоор Монголчуудын занг эвдээд байж болохгүй.Бидэд хөрөнгөө алдахаас илүү хүнлэг эрхэм чанараа гээвэл жинхэнэ өмчөө алдаж буйн шинж. За за уучлаарай ингээд л шүүмжилчих гээд байдаг юм.
Хоюулаа “15 РАУНД” нэвтрүүлгээс халаад өөр сэдэврүү орчихлоо. Нэгэнт халсаных таниас асууя. Яг одоо таны сэтгэл зовниж байгаа асуудал юу байна?
- Дөнгөж сая Хятад, Орос улсуудын ДОХ өвчний талаар тоо баримт хараад сэтгэл зовнилоо. 21-р зууны тахал ДОХ өвчин Монголыг чимээгүй мэрж байгаад сэтгэл зовниж байна. Та санаж байгаа бол 90-ээд оны сүүлээр Монголд анх ДОХ-ын халдвар тээгч бүсгүй бүртгэгдэхэд нийгэм ямар цочир хүлээж авч байлаа. Тэр үед ДОХ-ын эсрэг сангууд, ТББ-ууд, элдэв хөтөлбөрүүд маш их хэрэгжиж байсан. Халдвар тээгч нэмэгдэх бүрт тоог нь зарлаж, хяналтанд байдаг байсан. Харин өнөөдөр тархалт нь хэд дахин нэмэгдэж байх цагт ДОХ-ын эсрэг яг албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч байгууллага байхгүй, хэрэгждэг хөтөлбөргүй болоод бүгд татан буугдсан. Миний санахаар 10-аад жилийн өмнө хамгийн сүүлд маш хурдан тоо нь өсөөд тэрнээс цааш чимээгүй болсон. Хааяа нэг дунд сургуулийн хүүхдүүдээс ДОХ-ын халдвар илэрлээ гэсэн мэдээлэл цацагдаж, тэрнийг нь бид шүүмжилж, доромжлоод намждаг. Хэдэн хүн ДОХ өвчнөөр нас барж өдөрт хичнээн хүн халдвар авч байгааг мэдэх боломжгүй болсон. Ард түмнийг айдаст автуулахгүйн тулд бодлогоор тоо баримтыг нь дарж, нууж байж ч магадгүй. Жилд нэг л удаа 12-р сарын 01-нд ДОХ-ын эсрэг өдөр гээд юу ч хийхгүй өнгөрдөг. Үүний цаатах үнэн юу байгаа бол гэдэгт сэтгэл үнэхээр зовниж байна. Ер нь нийгэмд сэтгэл зовних олон зүйл байна аа. Гэхдээ одоо больё. Та чинь Нара-тай яах гэж муухай харьцаад нэвтрүүлгээс гаргачваа хөөрхийг... гэж асуух гэж ирсэн биздээ.
Хариултаа авсаан. Энэ сэтгэл зовниж байгаа асуудлуудыг заавал төр өөрчлөх ёстой биш шүү дээ.
- Би фейсбүүк хэрэглэж эхлээд энэ талбарыг үеийн залуусаа нэгтгэж болох боломж юм гэж бодоод “80-аад оныхон” гэж бүлгэм байгуулсан. 10.000 гишүүнтэй тогтмол уулзалдаж, үйл ажиллагаа явуулдаг нэгдмэл залуус бий. Энгийн малчнаас эхлээд төрийн түшээ хүртэл өөр хоорондоо ялгаваргүй сайхан харьцаж нэгнээ дэмжиж нөхөрлөдөг, нэгэндээ сайнаар нөлөөлдөг бүлгэм. Бидний үеийнхэн чинь соц нийгмийн суурь хүмүүжил дээр ид сурч мэдэх дээрээ орчин цаг үеийн хөгжлийг гадарлаж нүд тайлагдаж байгаа арай л өөр хүмүүс. Дараа үеийнхнийхээ хандлагыг өөрчлөхөд нэг ч гэсэн цучил асаахыг зорьж явна аа хө.
Таны гаргасан нэг ганган номны зургийг фейсбүүк дээрээс чинь харсан. Хэдэн ном бичсэн бэ?
Одоогоос 6 жилийн өмнө “СЭТГЭЛИЙН АГААР” гээд шүлэг, өгүүллэг, бодрол эссений ном гаргасан. Миний анхны ном. Анхны номоо бичиж байсан үетэй харьцуулвал өнөөдрийн Даваа нэлээд өөрчлөгдсөн. Одоо уншсан хүмүүсийн оюун санаанд гэрэл асаах ном бичихийг бодож байна.
Та нээрээ шүтлэгтэй юу? Жишээ нь “15 РАУНД”-ын сенсацийн үед хэл амны ном уншуулах гэх мэт засал хийлгэдэг үү?
- Аав, ээжийгээ дагаад бурхан номд мөргөж залбирдаг л байсан. Одоо бол ер нь шүтлэггүй болсон. Өөрийнхөө үйлийн үрийг орхимж нөмөрсөн хүнээс асуугаад алдаагаа засах гэж түвд ном уншуулж өөрийгөө хуураад байх нь хүнийг улам л сул дорой болгодог. Арчаагаа алдаад ирэхээрээ л хүн асуудлыг өөрөөсөө холдуулж шалтгааныг хийсвэр юманд мухар сүсгээр тохдог. Залуучууд хоорондоо гэрлэхдээ, муудалцахдаа, салахдаа учир шалтгааныг нь далдын юмнаас хайдаг болтолоо мухардаж болохгүй л дээ. Чи хэн нэгэнтэй таарч тохирохгүй байвал та хоёрын л ухамсарын буруу. Учир шалтгаан нь ерөөсөө л тодорхой. Ивээл жилтэй хүн судлаад яваад байгаа залуусыг харахаар инээд хүрдэг.Энэ дэлхийн 6 тэрбум хүнийг 12 ордод хайрцаглаж дүрэмдэх ямар ч боломжгүй Монголчууд аа. Зурхайд итгэж, лам шүтсэнээрээ сайжирдаг бол Түвд,Монгол хоёр цэнгэлийн манлайд хүрчихсэн.Гэтэл өнөөдөр ламаас их юмгүй Түвд Монгол хоёрын байгааг хар даа. Хүний амьдрал ариун нандин ч биш, бузар булай ч биш. Харин аль талруу нь хазайлгах нь хувь хүний ухамсараас л шалтгаална. Харин үйлийн үрийн дэнс байдаг гэдэгт бол итгэдэг. Хэн нэгнээс нуулаа ч үйлийн үр, үнэний дэнснээс нууж чадахгүй. Энэ бол байгалийн хууль. Хүн хараагүй юм чинь гэж муу зүйл битгий хийгээрэй. Өөрөөсөө ичихгүй хүн бузар муу үйлийг хийдэг гэж үг байдаг даа. Тийм л хүн болчихгүйг хичээж явна даа.
Ярилцсанд баярлалаа. Танд сурлагын, бас ажлын амжилт хүсье.
Ийнхүү Монголын хамгийн сенсацитай “15 РАУНД” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Даваатай ярилцлаа. Түүний үзэл бодлоос цухас ярьсан энэхүү ярилцлагыг түүний сенсаци, хэл ам дагуулсан нэвтрүүлгийг мэдэх хүн бүр уншаасай гэж хүснэ.
Сэтгэгдэл ( 3 )
нийтлэг зүйл л ярьдаг нөхөр байна. гэхдээ зүгээр ядаж ижил сэтгэж байвал.
ene nevtruuleg tsag uese baga zereg turuulsen gej boddog, manai orkuud eniig oilgoj huleej avch chadahgui sh de, heterhii ahdana, sanaa n bol ug n zuv,
ene ih erguu nuhur shuu... lag bolj haragdah tysam l ylam erguu haragdaad bdag.... asuuj bgaa asuultiinhaa tsar huree, ach holbogdoliig ogt tootsooldoggui gajig gar shuu...