Р.Билгүүн: Бичиг баримтыг дутуу, хууль бусаар бүрдүүлсэн бол виз олгохгүй

2017 оны 08 сарын 25

Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “S” буюу суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Р. Билгүүнээс  тодруулга яриа авлаа. 

- Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор Монгол Улсад суралцах зорилготой ирж буй гадаад иргэд нэмэгдэж байна. Тиймээс S ангиллын визийг ямар журмаар, хэрхэн олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү? 

- Монгол Улсад  визийн 11 ангилал байдаг. Үүн дотор Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор ирэх гадаадын иргэдэд олгодог энгийн зэргийн S ангиллын виз бий.  Уг визийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль  болон  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) , Гадаадын иргэн, харьяатын газрын (ГИХГ)-ын холбогдох дүрэм журамд нийцүүлэн, түүнд захирагдан олгодог.

Тодруулж хэлбэл, Гадаадын иргэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу зохих ангиллын визийн зөвшөөрөл авдаг. Визийн зөвшөөрөл гэдэг нь гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлж байгаа юм.

Манай байгууллага Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ судалгаа хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БСШУСЯ) болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн виз, визийн зөвшөөрөл олгодог.

- Виз, визийн зөвшөөрөл хүсэхэд анхаарах зүйл, мөн бүрдүүлэх материалын талаар?

- Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспорт, түүнийг орлох баримт бичгийн хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байх ёстой. Тиймээс бичиг баримтынхаа хугацааг сайтар шалгах хэрэгтэй.

Визийн зөвшөөрөл хүсэхэд дараах материалыг бүрдүүлдэг. Үүнд: БСШУСЯ-ны урихыг зөвшөөрсөн албан бичиг, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий сургуулийн визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг, сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт, паспортын хуулбар, хүсэлт гаргаж буй сургуулийн ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх байх ёстой. Эдгээр бичиг баримтыг дутуу, эсвэл хууль бусаар бүрдүүлсэн бол виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

- Ер нь ямар тохиолдлуудад виз олгохоос татгалздаг вэ? 

- Гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалздаг цөөн хэдэн тохиолдлууд бий. Тухайлбал, виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохгүй. Мөн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 жилийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан уригчид виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалздаг.  Үүнээс гадна дээр дурьдсанчлан хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн бол виз олгохоос татгалзана.

- Виз мэдүүлэгчийн хүсэлтийг танай  байгууллага хэд хоногийн хугацаанд шийдвэрлэдэг  вэ?

- Манайх виз зөвшөөрлийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт  багтаан гүйцэтгэдэг бөгөөд хариуг мессэжээр мэдээлдэг. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлах боломжтой. Визийн зөвшөөрөл олгогдсон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй байна.

 - Оршин суух зөвшөөрөл хэрхэн авах вэ?

- S ангиллаар оршин суух гадаадын иргэн тухайн визийн зөвшөөрлийн дагуу Монгол  Улсад нэвтэрнэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах ёстой.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан 1400 орчим гадаадын иргэн байна. Манай байгууллагаас  оршин суух зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар олгох боломжтой бөгөөд сунгах эсэх асуудлыг мөн шийдвэрлэнэ.

Оршин суух зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал болоод ямар шат дараалалттай явагдаг талаархи дэлгэрэнгүй тайлбар мэдээллүүд манай байгууллагын http://immigration.gov.mn сайтад тавигдсан байгаа. Тиймээс та бүхэн манай сайтаар зочилж мэдээлэл авахаас гадна онлайн зөвлөхтэй холбогдон асууж тодруулах боломжтой.

- Суралцах, мэргэжил дээшлүүлэхээр ирж буй гадаадын иргэд гэр бүлийн гишүүддээ оршин суух зөвшөөрөл хүсэх боломж хэр байдаг вэ?

- Суралцахаар ирж буй оюутан суралцагсад гэр бүлийн гишүүндээ оршин суух зөвшөөрөлийн хүсэлт гаргах боломжгүй. Харин мэргэжил дээшлүүлэх буюу магистр, доктурантад сурч байгаа гадаадын иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дараа гэр бүлийн гишүүнээ урих эрхтэй.

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top