Таван толгой Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замын засварын ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газрын төлөөлөл оролцсон комисс тавдугаар сарын 6-13-ны хооронд шалгажээ.
Шалгалтын комисс тээвэрлэлтийн замын нөхцөл харьцангуй сайжирсан гэж дүгнээд энэ сарын 14-нд “Mongolian Mining Corporation”-д Таван толгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх эрхийг нь эргүүлэн олгосон байна. Энэ талаар МХЕГ-аас тодруулахад, Таван толгойгоос нүүрс тээвэрлэх замыг нээсэн. Мөн энэ талаар тодорхой мэдээллийг хэд хоногоос өгөх болно гэв. Нүүрс тээвэрлэлтийн хориг цуцлагдсанаар Таван толгой болон Ухаа худагийн уурхайгаас сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлжээ. Таван толгой, Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Авто тээврийн газраас гаргасан. Хатуу хучилттай зам барьж дуустал тээвэрлэлтийг хориглосноор “Таван Толгой” ХК болон “Энержи Ресурс” компанийн нүүрсний тээвэрлэлт зогсоод байсан юм. “Энержи Ресурс” буюу ‘’Mongolian Minind Corporation’’ энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд тухайн хэсгийн шороон замыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт дор засч сайжруулжээ. “Энержи Ресурс” компани хатуу хучилттай замыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэхээр болж байгаа юм байна.
Эх сурвалж:МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )