Нүүрсний салбар дахь Женкогийн бойкот ба Ц.Нямдорж сайдын зовнил

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

          Өмнөговь аймаг дахь нүүрсний замыг нээх шийдвэрийг холбогдох яамнаас нь албан ёсоор гаргаагүй байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр нүүрсний замыг нээснээс “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрсийг ачиж явсан “Хурд Авто” ХХК-ийн хоёр машин, Хятад жолоочтой машинтай мөргөлдсөнөөр хоёр хүний амь эрсэдсэн. Энэ хэрэг наанаа зүгээр л авто замын осол мэт харагдаж байгаа ч улс төр, бизнесийн бүлэглэлийн томоохон зөрчлөөс үүдсэн гэдэг нь ажиглагдаж байна.

          Нэгд, Нүүрсний замыг хаах шийдвэрийг Х.Баттулга сайд гурван жил сайдаар ажилласныхаа дараа гаргадаг нь ямар учиртай вэ. Тэр өнгөрсөн хугацаанд байдлыг маш тодорхой мэдэж байсан, зам хаавал хаах хугацаа байсан. Түүний шийдвэрийг МCS-д өгсөн далд өрсөлдөөний цохилт гэж бизнесийн хүрээнийхэн тайлбарлаж байгаа.

          Ямар учир шалтгаантай байсан нь хамаагүй, хожимдсон боловч нүүрсний замыг хаах шийдвэр зөв байсан гэдэгтэй Нямдорж сайдаас бусад хүмүүс санал нэгдэж байх шиг байна. Сая болсон хэрэг явдлаас харахад зам нээснээр “Энержи Ресурс”-ын нүүрсийг Чойжилсүрэн гишүүн зөөхийн төлөө л тодорхой улс төрчид хоорондоо уралцаад байсан юмуу даа гэж ажиглагдаж байна.

          Нүүрсний зам хаах асуудлаар хэн, хэзээ, хаана юу ярьсныг эргэн саная.

 
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: “Нүүрсний компаниуд татвараа нууж хаагаад хагас дутуу төлдөг”


         -2009 оноос эхлээд замтай холбоотой асуудлаа нүүрс экспортлогч компаниудад олон удаа тавьсан. "Замаа тавиад тээвэрлэлтээ хий" гэсэн шаардлага тавьсан. Тэд мөнгөгүй биш учраас ухамсраараа ойлгох ёстой. Мэргэжлийн байгууллагууд нь газар дээр нь хяналт тавих ёстой. Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно. Хоёр, гуравхан компани нүүрс экспортлоод улсын төсөвт овойж оцойсон их татвар орж байгаа зүйл байхгүй. Татвараа нууж хаагаад л хагас дутуу төлдөг байх. Лав бүтэн төлдөггүй. Нууж хаасан мөнгө нь байж л байгаа. Харин түүнийг нь илрүүлэх хэрэгтэй гэж Х.Баттулга сайд 2011 оны 4-р сарын 20-ны өдөр Засгийн   газрын  хуралдааны  дараа сэтгүулчдэд мэдээлэл өгчээ.
 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Үүний цаана бизнесийн өрсөлдөөн л явж байгаа юм”                

          -Засгийн газрын хуралдаанаар нуүрсний тээвэрлэлтийг зогсоосон тухай асуудал хөндөгдөхөд миний бие ингэх шаардлагагүй гэж үзсэн. Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нүүрсний тээвэрлэлтээр орж ирэх ёстой. Тээврийг зогсоочихоор төсвийн орлого бүрдэхгүй болж ирнэ. Энэ үүднээс нь асуудлыг ярьсан. Чухамдаа бол үүний цаана бизнесийн өрсөлдөөн л явж байгаа юм. Удахгүй хатуу хучилттай авто зам ашиглалтад орох гэж байхад тээвэрлэлтийг зогсоосон нь"Энэ надаас өрсөөд хэдэн төгрөг олох нь" гэсэн өрсөлдөөнтэй нь холбоотой гэж 2011.05.13-нд Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Нямдорж сайд хэлжээ.

          Хоёр сайдын хэлсэн үгнээс харахад, хэдийгээр Бойкот хэмээн цоллуулж байгаа ч Х.Баттулга сайдын шийдвэр ард түмний, улс орны эрх ашгийн төлөө байна. Харин салбарынхаа асуудлаас огт өөр зүйлд санаа зовнисон Ц.Нямдорж сайдын байр суурь хувийн компанийн лоббиг илт явуулж байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.

 
Сэтгүүлч Д.Билгүүн.

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top