Монгол, Оросын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөвлөл буюу манайхны ярьж заншсанаар “Совет”-ийн хурал болох гэж байна. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл, Асгатын уурхайн асуудал энд хөндөгдөх бололтой. Эрдэнэтийг хувьчлах тухай оросууд урьд нь ярьж, энэ талаар “сэм” оролдож байлаа. “Асгат”-ын орд газар ч Оросын анхаарлаас салаагүй. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Орост айлчлахдаа Асгатыг тэдэнд “бэлэглэх” шахсан. Дараа нь удалгүй Н.Энхболдын Засгийн газар уг гэрээг хүчингүй болгосон юм. Мөн С.Баяр бас Ерөнхий сайд байхдаа Орост Асгатын ордыг өгөх гээд чадаагүй. Тэгвэл эдгээр асуудлуудыг энэ удаа “Совет” хэрхэн авч үзэх бол гэсэн хүлээлт үүсээд байна. Мөн эдгээр аж ахуйнуудын хувьцааг Оюу толгойтой хамтатган багцалж дэлхийн анхаарлын төвд хүргэн гайхуулах тухай ярилцах бололтой. Ийм саналыг харин хоёр орны улс төрчид сүрхий дэмжиж байгаа гэнэ. Хэрвээ энэ саналууд дэмжигдвэл Эрдэнэт үйлдвэрийн нэлээдгүй хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр зарагдах юм. Энэхүү хувилбар нь ойрын үед их хэмжээний ашиг олж болох ч ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа хэрэг гэж зарим эдийн засагчид, улс төрчид эсэргүүцэж байгаа юм. "Совет"-ийн хурал өнөөдөр эхэлнэ.
Сэтгүүлч Х.Тулга.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )