196 лицензийн хэргийг хэн хаацайлаад байна вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20


 

Хайгуулын лиценз хавтгайрч, харийнханы гарт ороод удаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  лиценз шинээр олгохыг түр зогсоосон үед ч лиценз гадагшилсаар байжээ. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уг нь лиценз олголтыг хариуцдаг. Дарга нь Ш.Батхуяг гэж хүн бий. Сүүлийн өдрүүдэд түүний тухай хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. Лицензийг хориглоод байхад өгөөд байсан хүн нь энэ нөхөр. Хүмүүс авах гээд бичиг баримтаа бүрдүүлж, мөнгөө тэврээд хүрээд ирж болно л доо. Харин тэр “Үгүй ээ. Лиценз олголтыг зогсоочихсон байгаа” гээд буцаахгүй яав аа. Яагаад гуйсан болгонд нь өгөөд байсан юм бэ. Үүнд л хэргийн учир байна. Түүнээс биш хэний намын, аль улс төрчийн халаасны хүн бэ гэдэг нь тийм чухал гэж үү. Гэтэл манайхан заавал улс төрийн намуудтай холбож, Засгийн газрын томчууд руу чиглүүлэх гээд байх юм. Хэрвээ Ш.Батхуягт дарга нар нь шахалт үзүүлээд байсан бол тэр өөрөө шударгаар үүнийг илчлэх ёстой. Хууль хяналтынхан ч шалгаж нэг мөр шийднэ. Ажил ингэж л өөрийн гольдролоор явдаг. Тиймээс хариуцлагагүй ажилласан, бусдад өмч хөрөнгө завших боломж олгосон Ш.Батхуягийн асуудал дэндүү тодорхой болоод байна. Түүнийг ажлаас нь шууд хусч хаяад хуулийн байгууллагад хүлээлгээд өгөх хэрэгтэй юм. Төр, засаг гэж байгаа бол ингэж л шударга хандахгүй бол болохгүй. Эс тэгвээс дараа дараагийнх нь этгээд мөн ялгаагүй давраад л байх болно. 196 лиценз дураараа олгосон тухайд гайхаж, шуугилдаад байх хэрэг ер юу байна аа.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top