ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаан боллоо.
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, МУИС, ШУТИС, ХААИС зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачид багтсан юм. Зөвлөлийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле даргалдаг бөгөөд зөвлөл нийт 23 гишүүнтэйгээс 35 хувь нь шинжлэх ухааны доктор, 65 хувь нь боловсролын доктор зэрэгтэй, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм.
Салбар зөвлөлийнхөн 2018 оны эхний хурлаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2019 оноос мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нэр бүхий дөрвөн төслийн талаар хэлэлцсэн. Зөвлөлийн гишүүд эдгээр төслийн агуулга, зорилго, үндэслэл, судалгаа, үр дүнгийн даалгаврыг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэдэг дээр санал нэг байлаа. Тэдний зүгээс салбар зөвлөлөөр хэлэлцүүлж буй төслүүд нь салбарын хөгжилд ахиц гаргахуйц, практик ач холбогдолтой байх ёстой бөгөөд зөвлөлийн шийдвэр нь хараат бус, бие даасан байх учиртай гэж үзэж байна.
Зөвлөлийн гишүүдийн байр суурийг сонссон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн нь яг үүнтэй холбоотой. Учир нь яамны захиалгаар хийх судалгааны үр дүн үнэн бодит, үндэслэл сайтай, чанартай байх ёстой. Бид цаашид салбартаа тулгамдаж буй асуудлуудыг эрдэмтэн, судлаачдынхаа оюуны нөөцөд тулгуурлан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас та бүгдийг зөвлөлийн гишүүдээр сонгосон. Дараа, дараагийн хурлаар төсөл боловсруулагч, гүйцэтгэгчдийг оролцуулж, төслийнх нь талаар мэдээлэл авч, санал, шүүмжээ хэлсний үндсэн дээр тухайн төслийг дэмжиж, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлд хүргүүлэх үү эсвэл хасах уу гэдгээ шийднэ” гэлээ.
2008-2017 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, технологийн нийт 96 төсөл хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн сангаас нийт 6.8 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Дээрх төслүүд болон нийт эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт, төмсний 14 сорт, хүнсний ногооны 39 сорт, жимс жимсгэний 16 сорт тус тус бүтээж шалгаруулсан бөгөөд одоо эдгээр сортоор төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалж байна.
Мөн төрөл бүрийн таримлуудыг ургуулах 120 технологийн зөвлөмж боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мал аж ахуйн салбарт адууны 1 үүлдэр 3 омог, тэмээний 3 үүлдэр, үхрийн 3 үүлдэр, хонины 22 үүлдэр, ямааны 4 үүлдэр, 5 омог бий болж баталгаажсан байна. Мал эмнэлгийн салбарт шинжлэх ухааны нээлт 4, Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн бүтээл 6, Шинжлэх ухааны гранд хүртсэн 14 бүтээл байна.
Халдварт өвчний чиглэлээр 30 орчим вакцины технологи боловсруулснаас шүлхий, цусан хавдар, сохор догол зэрэг өвчний вакциныг үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Паразит өвчнийг эмчлэх 30 гаруй эм бэлдмэл, халдваргүй өвчнийг анагаах зорилгоор 128 эм, бэлдмэл зохион бүтээж, халдварт, паразит өвчний 90 гаруй оношлуурыг мал эмнэлгийн практикт нэвтрүүлээд байна.
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь үндэсний аюулгүй байдлыг хангаж, уламжлалт өв соёлыг дээдэлсэн, ногоон хөгжлийн чиг баримжаатай, мэдлэгт суурилсан, хүртээмжтэй өсөлт бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар байна гэсэн алсын хараатай. Энэхүү алсын харааг бодит биелэл болгоход дээр дурдсан ололт, амжилт чухал түлхэц болж байна. Цаашид ч энэ амжилтаа бататгах, салбарын хөгжилд үр нөлөөтэй судалгааны ажил, төсөл хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн үүрэг их гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
kui erdoo