Том Таван толгойн тээврийн гэрээ аль эрт хувийн компанийн гарт орж, Орос ах нарт 6 тэрбум доллар бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Төмөр замаар олон улсын тээврийн бизнес явуулдаг компаниудын  бараг 90 хувь нь төмөр замын үе үеийн дарга нарын эзэмшилд байдаг гэнэ. Бусдаас давуу эрх эдэлдэг эдгээр компаниудын нэг болох ”Трансгейт"-тэй хойд хөршийн "Первая грузовая компани" гэдэг тээврийн томоохон компани Таван толгойн нүүрсийг хамтран зөөх гэрээ байгуулсан талаар "Сэрүүлэг" сонинд мэдээллээ. Эх сурвалжид өгүүлснээр "Первая грузовая компани" нь манай төмөр замын Оросын талын хувьцаа эзэмшигч болох "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгийн охин компани аж. 200 мянга гаруй вагонтой энэ компани төмөр замын нийт ачаа эргэлтийн 30 хувийг дангаараа хянадаг аж. Дүрмийн сангийнх нь 60 хувийг Оросын засгийн газар, үлдсэнийг нь Сибирийн нефть, тээврийн бизнесийн томчууд эзэмшдэг ажээ.

Тэрбээр Таван толгойн нүүрсийг тээвэрлэх давуу эрх олж авсныхаа дараа тус компанийг 6 тэрбум доллараар үнэлэн зөвхөн дотоодын баячууддаа худалдах шийдвэрийг  Оросын засгийн газар гаргажээ.

Ийнхүү Монголын “Трансгэйт" гэх энгийн нэг тээврийн компани Таван толгойн нүүрсний тээврийн эрхийг аль эрт оросуудад "арилжиж", 6 тэрбумын долларын том наймаанд дэм өгсөн баримт дэлгэгдлээ. "Сэрүүлэг" сонинд дурьдсанаар бол тус компанийг хуучин дарга Д.Отгондэмбэрэлийнх гэх хардлага улс төр, бизнесийн хүрээнийхэн дунд байгаа ажээ.

Таван толгойн ордын тендер гэж дөрвөн ч төрлийн зүйл нэрлээд байсан. Гэтэл хэдэн тэрбумаар үнэлэгдэх төмөр замаар хийх нүүрсний тээврийн ажил нь ийнхүү далд хэлбэрээр эзнээ аль эрт олчихжээ.

Х.Баттулга сайд энэ гэрээний хаагуур нь явсан нь сонин байна. Бас олон тендер ярьж ард түмнийг "мунхруулж" байгаа ТӨХ-ны дарга Д.Сугар хэзээ, ямар шалгуураар энэ тээврийн гэрээний эрхийг хувийн компанид өгсөн нь хачирхалтай. Энэ хаврын хээл хахууль, улс төрчдийн далд бизнесийн тухай дуулиан шуугианд "Транс Гейт" гэгч нэр нь үл танигдсан компани өнгө нэмэх нь тодорхой боллоо. 

Д.Билгүүн.

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top